Нийгэм


Ц.Батбуян: Хэн нэгний төлөө зориулсан чин сэтгэл бүхэн эргэн ирдэг гэдэгт итгэдэг

1 сар TIMES.MN

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Цэдэндамбын Батбуянг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ярилцлаа. Түүний хувьд 15 дахь жилдээ ард түмнээ авран хамгаалах тангараг биелүүлж байгаа  алба хаагч. Түүнчлэн чөлөөт бөхийн нэгдүгээр зэрэгтэй. Аймгийн начин цолтой. Онцгой байдлын газрынхаа шагайн харвааны багийн гишүүн гээд өөрийнхөө сонирхлоор спортын олон төрөлд амжилт гаргаж байгаа тамирчин аврагчдын төлөөлөл юм.

  -Хүн бүрийн онцлог, үзэл бодол өөр ч бид бусдын төлөө гэсэн нэг л зорилго дээр огтолцдог. Тэр огтолцлолын үнэ цэнийг мэдэрдэг учраас л энэ албандаа зүтгэсээр байгаа байх?

    Юуны өмнө Монгол улсынхаа дөрвөн зүг, найман зовхист мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдынхаа амар мэндийг айлтгая. Хүн болсны хамгийн гол утга учир нь зөв л амьдрах гэж боддог. Тэр бодлын минь биелэл Онцгой албыг сонгох шалтгаан болсон. Миний хувьд анх 2005 онд гал сөнөөгчөөр ажилд орж байлаа. Түүнээс хойш 2007- 2008 онд гал унтраах автомашины жолоочоор, 2008-2013 онд шуурхай албаны автомашины жолооч, 2014 оноос өнөөг хүртэл салааны захирагчаар томилогдон ажиллаж байна.  Аймгийн хувьд уул уурхай ихтэй. Үүнийгээ дагаад техникийн холбогдолтой осол болон цахилгаан хэрэглээг буруу ашигласнаас үүдэлтэй ахуйн гал түймрийн дуудлага зонхилдог. Ажилд орсон цагаасаа хойш нийт 1100 орчим дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 12 хүний амь нас, 280 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

-Ажил, мэргэжлийн онцлогийн хувьд илүү хариуцлага нэмэгджээ?

  Тийм шүү. Хамт олноо зөв чиглүүлэх, бие бялдрын болоод сэтгэлзүйн хувьд бэлтгэлээ хангахад нь зөвлөгөө өгөх, тэднээсээ харилцан суралцаж, туршлагажих гээд үүрэг нэмэгдсэн. Энэ хүрээндээ албаныхаа шинэчлэгдэн гарч байгаа хууль дүрэм, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийг тухай бүрт нь судалж,  гаргасан шийдвэр тушаалыг биелүүлэн, бэлтгэл, бэлэн байдлаа хангах зэргээр хамт олноороо үүргээ биелүүлээд ажиллаж л байна даа.

-Спортод их сонирхолтой. Энэ чиглэлд ч өөрийгөө хөгжүүлж, хэд хэдэн төрөлд амжилт үзүүлсэн алба хаагчаа гэж таныг хамт олон нь тодотгодог юм билээ?

   Багаасаа л спортод их хайртай хүүхэд байлаа. Арван жилд байхдаа үндэсний бөхөөр хичээллэн, аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцож, аймгийн начин цол хүртсэн. Мөн чөлөөт бөхийн спортыг сонирхон хичээллэж, нэгдүгээр зэргийн болзол хангасан. Сүүлийн жил гаруй хугацаанд шагайн харваагаар хамт олноороо хичээллэн, тэмцээн уралдаанд албаа төлөөлөн тогтмол оролцож байна. Энэ бүхэн бол үе, үеийн удирдлага, хамт олон маань дэмжин тусалж байсны гавъяа гэж боддог. Үндэсний шагайн харваа нь хувь хүнийг төлөвшүүлж, хүлээцтэй хандах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг онцлогтой спорт. Онцгой байдлын газартаа энэ спортыг хөгжүүлж, алба хаагчдаа бэлтгэх цаашлаад аймаг, улсын хэмжээнд амжилт гаргах зорилттойгоор хичээллэж байна. Амралт, чөлөөт цагаараа спорт зааландаа газар, анги, салаа хамт олноороо тоглох, үндэсний бөхийн болон шагайн харвааны бэлтгэл хийх зэргээр өнгөрүүлдэг.

-Хамт олны уур амьсгал ажилдаа амжилт гаргахад маш том түлхэц болдог. Нэг зүгт хамтдаа зүтгэж байгааг нь харах бахархалтай байна шүү?

     Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах тангарагтай нэр хүндтэй сайхан албанд ажилладагтаа үргэлж бахархдаг. Албаныхаа буянд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт найз нөхөдтэй. Утсаар зөвлөгөө мэдээлэл авна. Харилцан туршлагаа хуваалцана. Хаана ч явсан Онцгой албаны минь онцлог мэдрэгддэг шүү. Албаныхаа нэр хүндийг нь өндөрт өргөж, ажиллах орчин, нөхцлөөр хангаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж ирсэн үе, үеийн удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна.  

-Энэ бүхний ар талд гэр бүлийнхний тусламж дэмжлэг их байдаг шүү дээ?

      Би Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын гуравдахь нь. Миний аав Норовын Цэдэндамба гэж бичиг үсгийн өндөр боловсролтой, олонтой, эр хүний ноён нуруутай сайхан хүн байлаа. Ааваасаа маш их үлгэр дууриалал авч хүмүүжсэн. Тэр хүмүүжлээрээ үр хүүхдээ өсгөх гэж хичээж л явна. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань ажлыг минь сайн ойлгож, дэмжинэ. Охидууд маань аавынхаа ажлаар үргэлж бахархдаг.

  Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шантрах үе хүн бүрт л тохиолддог. Хэрхэн даван туулдаг вэ?

    Тэгэлгүй яахав. Бүх зүйл бодсон шиг санасан шиг сайхан биш шүү дээ. Алдаа гаргаснаасаа болоод хэцүү байна гэж шантарч болохгүй. Мэдэхгүй, чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд суралцах л хэрэгтэй гэж боддог. Тухайн цаг үедээ л шантармаар байдаг ч даван туулаад эргээд бодоход асуудал биш л байдаг шүү дээ. Тийм болохоор зорилгоо бодож, үүргээ ухамсарлаж, үр хүүхдийнхээ төлөө хичээх нь иргэн миний үүрэг гэж ойлгодог.

  -Тийм шүү. Сайхан яриа өрнүүлж, цаг заваа зарцуулсанд баярлалаа?

    “Онцгой мэдээ” сониныхоо хамт олонд баярлалаа. Хүн бүр амьдралынхаа түүхийг өөр, өөрсдийнхөөрөө л бүтээж байна. Бусдад гайхуулах зүйлгүй ч хэн нэгний төлөө зориулсан чин сэтгэл бүхэн эргэн ирдэг гэдэгт итгэдэг. Албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, Онцгой алба хаагч гэдгээрээ үргэлж бахархах болно оо. 

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл