Энтертаймент


Найруулагч С.Бямбын "Хэвтрийн хүн" уран сайхны кино Таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт шалгарчээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

                                                                                  


Гуру Медиа болон Номадиа Пикчерс нарын хамтран бүтээсэн зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн Хүн” бэсрэг романаас сэдэвлэсэн уран сайхны кино Монголын нээлтээ гуравхан өдрийн өмнө Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нээлтийн киногоор шалгаран хийсэн бөгөөд 2020 оны 10-р сарын 20-ноос кино театруудын дэлгэцнээ гарч байгаа билээ. 




Тэгвэл уг киноны дэлхийн нээлт 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хойд Европын хамгийн том  бөгөөд дэлхийн “A” зэрэглэлийн нэр хүндтэй 14 кино наадмын нэг болох  Таллины олон улсын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт сонгогдсоныг дуулгахад таатай байна. https://poff.ee/en/film/bedridden/


Уг наадмын хуудсанд Хэвтрийн хүн киног “…өөрийн хэмнэлтэй хайрын тухай яруу түүх... Энэхүү өвөрмөц монгол кино бидэнд  хоромхон зуур  амсхийн, хаана хэрхэн хүрч ирснээ эргэцүүлэн бодох боломжийг олгож буй бүтээл гэж онцолжээ. 


Үзэгчдэд соёлын шинэ орон зай өгч, хурц асуулт тавьж, тэднийг инээлгэж, гайхшруулж, жинхэнэ утгаар нь тав тухтай бүсээс нь гаргахдаа гарамгай тус наадмын олон улсын уралдаант хэсэгт Оскарын шагналт Унгарын нэрт найруулагч Ишван Сабо, Оросын кино академийн Ника шагналт Александр Миндадзе, 2015 оны Каннын Uncertain Regards ын шагналт Хорватын найруулагч Далибар Матанич (Dalibor Matanić), 2007 оны Сандансын кино наадмын шилдэг найруулагчийн шагналт Анна Меликоян зэрэг кино ертөнцөд нэр нь танигдсан уран бүтээлчдийн кинонууд шалгаран өрсөлдөж байна.


Хоёр жилийн өмнө зураг авалтыг нь хийсэн Хэвтрийн Хүн киноны зохиол нь 2017 оны Каннын кино наадмын Le Atelier хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдсон оролцож байсан.  26 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг, он цаг дамнасан хоржоонт ээдрээтэй үйл явдлаар илэрхийлэх уг киног  Монгол, Швейцары, Германы 80 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, пост продакшныг Берлин хотод байдаг Студио Миттед хийсэн.   


Гол дүрд авьяаслаг залуу жүжигчид болох  Г. Баттулга,  Т. Ариунчимэг нар тоглож,  Ш. Доржсүрэн,  Д. Оюунзул,  Р. Баттогтох,  Б. Оюун-Эрдэнэ,  М. Тогтохжаргал,  Б. Билгүүн,  Б. Должинсүрэн, Г. Тэнүүн-Эрдэнэ,  Х. Хулан нар туслах дүрийг чадварлаг бүтээжээ. 


Уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа С.Сансаргэрэлтэх, Ерөнхий зураачаар Германы Бабелсбергийн Кино Урлагийн Их Сургуулийн кино зургийн танхимын  декан Д.Ариунсайхан, Ерөнхий зураглаачаар Өмнөд Солонгост кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн залуу зураглаач Б.Түвшинтөгс, ерөнхий продюсероор Гуру Медиа студийн Ц. Ариунаа, хамтрагч продюсероор Номадиа студын продюсер Б.Наранбат тус тус ажилласан. 




Холбоотой мэдээлэл