Аналитик


Мөнгөний бодлогыг улс төрөөс хараат бус байлгах нь

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүдийн жил бүрийн намрын чуулганаар улс төржүүлж, иргэд олон нийтэд мундаг хүн болох гэж оролддог болсон сэдэв бол мөнгөний бодлого. 10 сард ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэхдээ дэвэн дэлхийн зүйлсийг хамж, мөнгөний бодлоготой нааж ярьдаг болсон нь гэм биш зан болжээ. Угтаа бол мөнгөний бодлогыг засгийн газраас ч тэр, улс төрчдөөс ч тэр хамгаалж, хараат бус байхыг шаардах ёстой юм.

Энэ жил мөн л Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан зэрэг гишүүд Эдийн засгийн байнгын хорооны танхимаас “Попорлоо”. Эдгээр хүмүүс үнэхээр эдийн засгийн ойлголтгүй хүмүүс үү, эсвэл ингэж дүр эсгэж ард түмэнд таалагдах гэж оролддог юм уу. Хүмүүст өөрт хамааралтай асуудалд хамгийн мэдрэг, хурдан татагддаг учраас гишүүд үүнийг нь ашиглаж оноо авах гэж оролддог. Тухайлбал Л.Даваасүрэн гишүүн валютын ханш, гадаад худалдааны бодлогыг хэнд хамааралтай болохыг асуулаа. Энэ асуултыг тэрбээр засгийн газраас асуухгүй байгаа нь гайхалтай юм. Учир нь яамдуудад л гадаад худалдааны бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох үүрэгтэй. Төлбөрийн тэнцлийн тоог Засгийн газраас гаргах ёстой. Өнөөгийн байдлаар Засгийн газар гэдэг нь эрхэм гишүүний өөрийн намын нөхөд. Мөхөс сэтгүүлч миний бие намын нөхдөө хайрлаж, харамлаад энэ асуултыг асуухгүй байгаа гэж бодож байна.

Төв банкин дээр гадаад валютын нөөц байршдаг боловч валютыг оруулж ирэх стратегийг батлах боломжгүй. Тиймээс арга ядахдаа жил бүр гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцүүлгүүдийг төв банкнаас хийж, зөвлөмжийг Засагт өгдөг байх вэ дээ. Гэтэл тэрийг нь яагаад сонсохгүй байна? Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилүүдэд ханшийн өөрчлөлт ямар шалтгаантай байсныг маш сайн ойлгох хэрэгтэй. Төсвөөс элдэв шаардлагагүй зардал гаргаж, төсвийн алдагдлыг өсгөдөг. Эдийн засгийн төрөлжилтийг ярьж 20 гарам жилийг өнгөрөөсөн нь валютын урсгалыг уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамааралтай болгосон. Гэтэл УИХ-ын гишүүд эдийн засгийг төрөлжүүлэх дээр олигтой юм хийсэнгүй. Тойрогтоо, нутагтаа элдэв хөшөө, барилга босгосноос, УИХ-ын түвшинд дорвитой хууль баталж, урт хугацааны бодлого хэрэгжсэнгүй. Гадныхны Монголчуудаас хүсээд байгаа зүйл нь тогтвортой, ойлгомжтой бодлого. Тэд хэн нэгэсэн сэлэм эргүүлээд ороод ирэхээс л айж байгаа.

Цаашлаад Л.Энх-Амгалан гишүүн инфляци, нөөц ярьж байснаа төөрөөд явчихлаа. Эдийн засгийн бүтцийн бодлогыг дан ганц төв банк тодорхойлохгүй ээ. Төв банкны тухай хуулиа унш. Тэгээд ч мөнгөний бодлого бол аль нэг салбар эсвэл аймагт зориулж өөрчлөгддөг бодлого биш. Өөрөөр хэлбэл экспортыг нэмэгдүүлэх эсвэл Баянхонгор аймгийг хөгжүүлэхэд чиглэх боломжгүй. Эдийн засгийн хичээлийн мөнгөний бодлого гэсэн сэдэв дээр энэ нь тодорхой ордог. Мөнгөний зөөлөн бодлогоор эдийн засгийг бүхэлд нь тэтгэнэ үү гэхээс аль нэг компанид мөнгө өгч болохгүй. Харамсалтай нь эрхэм гишүүн үүнийг мартсан бололтой.

Ер нь үнэ тогтворжуулах, аль нэг салбарыг дэмжих гэж оролдсон хөтөлбөрүүдийг төсвийн шинжтэй гэдэг. Эдгээр хөтөлбөрүүд нь тухайн жилдээ аятайхан үнэлэгдэж байсан ч урт хугацаанд харин ч гай болсон. Жишээлбэл бага хүүтэй зээлийг мах, газар тариалан, барилгын салбарынханд өгсөн нь шударга бус байдлыг нэмэгдүүлж, гишүүдийн харъялалтай компаниудад л хүрсэн. Нөгөөтээгүүр 4.5 их наядаар хэмжигдэх мөнгө зах зээлд нийлүүлэгдсэн байдаг. Яахав тухайн жилдээ хэдэн үйлдвэрүүд татаастай сайхан л байсан байх. Гэтэл ирэх жилээс нь ханш өсөж эхэлсэн. Мэдээж төгрөгийн хэмжээ ихсэх үед ам.долларын хэмжээ тодорхой учраас төгрөгийн ханш буур ч л таарна. Тэгээд ханшаа барих гээд хэдэн тэрбум ам.долларыг нөөцөөсөө гаргасан. Хятадын ардын банкны своп үүнд зарцуулагдсан юм билээ. Тэгэхлээр хэдхэн компаниуд л хөлжсөн ч нийт  эдийн засагт нөөц дундарч, ханш өссөн байдаг.

Тэгэхлээр УИХ-ын гишүүд, тэр дундаа эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс хүсэх зүйл байна. Төв банкаар мөнгөний бодлогыг л тодорхойлуул. Ханш, төсвийн бодлогоо Засгийн газраас асуух уу?


Н.Баттөр




Холбоотой мэдээлэл


Онцгой үеийн түр томилгоонууд
Онцгой үеийн түр томилгоонууд
4 сар, 1 долоо хоног