Эдийн засаг


Үндэсний төлбөрийн карт дахин шинэ хөгжилд хүрч байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

                

Одоогоос 8 жилийн өмнө үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг-ийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд “₮ карт”-ыг харилцагчид ашиглаж эхэлсэн түүхтэй. Уг картыг ийнхүү гүйлгээнд ашиглаж эхэлсэн нь төлбөрийн системийн хөгжилд томоохон алхам болсон юм. 2020 оны 2 дугаар улирлын байдлаар ₮ карт зах зээлийн 65.5 хувийг эзэлж, нийт 2,5 сая ширхэг ₮ карт хэрэглэгдэж байна.

      Одоо ашиглаж буй ₮ карт нь соронзон тууз дээрх мэдээллийг унших замаар гүйлгээ үүсгэдэг 1970-аад онд зохион бүтээгдсэн технологи ажээ. Гэвч өнөөдрийг хүртлэх хугацаанд уг технологоос татгалзах шаардлага гарсан нь  соронзон тууз дээрх мэдээллийг хуулбарлан авах, дуурайлган хуурамч карт хэвлэхэд маш амархан болж, олон улсад төлбөрийн картын залилан, хулгайн гүйлгээний 90 гаруй хувь нь хуулбарласан картаар үйлдэгддэг болжээ.

     Тэгвэл манай улсад энэ төрлийн мэдээллийн аюулгүй байдлаас сэргийлэх ямар зохицуулалт байж болох вэ? Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал дэвшилтэд технологийн шийдлээр дээрх асуудлаас гарч байна.  Манай улс ч мөн ийм шийдлийг сонгож байгаа аж.

Төлбөрийн системийн хөгжлийг хангах зорилготой Монголбанкнаас төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хүрээнд Монголбанк нь олон улсын Мастеркарт байгууллага болон Монгол Улс дах арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.

      Үндэсний брэнд ₮ картыг EMV технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжирч, улмаар ₮ картын мэдээллийг хуулбарлах эрсдэлгүй болохоос гадна ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм байна. Мөн EMV чиптэй ₮ картыг хэрэглээнд нэвтрүүлснээр төлбөр төлөх, гүйлгээ хийх явц илүү хялбар, хурдан болох давуу талтай ажээ.

     Үүнээс гадна иргэд өөрийн төлбөрийн картыг зайнаас (NFC) уншуулж мөнгөн дүнгийн тодорхой хязгаар дотор ПИН кодгүй гүйлгээ хийх, улмаар нийтийн тээвэр, машин зогсоол, замын төлбөр гэх мэт төлбөр тооцоог хурдан шуурхай хийх шаардлагатай үйлчилгээний газруудад ашиглах боломж бүрдэнэ. Энэ нь арилжааны банкууд болон Финтек компаниуд шинэ төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэх суурь бололцоог нээж өгнө гэж үзжээ.  

     Түүнчлэн үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчилж, нууцлал аюулгүй байдлыг сайжруулснаар иргэдийн бэлэн бус төлбөрийн хэрэгсэлд итгэх итгэлийг бэхжүүлэх замаар бэлэн бус төлбөр тооцоог нэмэгдүүлэх, цаашлаад гүйлгээний ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийх болон мөнгө угаах, далд эдийн засагтай тэмцэхэд өндөр ач холбогдол үзүүлэх юм.

Дээрх шинэ технологид суурилсан төлбөрийн картын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлыг Монголбанкнаас эхлүүлжээ. Ийнхүү туузан технологийн төлбөрийн карт шинэчлэгдэж энэ сарын сүүлээр гүйлгээнд агшиглагдахаар бэлтгэл ажил нь хангагджээ. 




Холбоотой мэдээлэл