Улс төр


СЕХ: Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ

5 өдөр, 17 цаг TIMES.MN

СЕХ-ноос Орон нутгийн сонгуулийн санал хураалт болон зохион байгуулалттай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байгаа.

Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. Санал авах хугацаа 07-20:00 цаг байна. Санал хураалтын явцад аль болох ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш орой мэдээлнэ. Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ.

Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломж байхгүй. Өмнө нь ч ингэж байгаагүй. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг СЕХ-ны сайтаар үзэж болно. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл авна" гэлээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан:

"Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Бид энэ удаад тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төлөвлөгөө гарган ажилласан. Нийт 2148 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийг хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Нэрийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг.

Нэрийн жагсаалттай холбоотой асуудал гардаг. Сонгууль бүр дээр л нэг иргэн олон удаа нэрээ оруулсан, нэг регистер олон байна, нэг хаяг дээр маш олон хүн бүртгэсэн гэсэн асуудал гарсаар ирсэн. Нэрсийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг. Хурууны хээгээр бүртгэдэг болсноос хойш бүх мэдээлэл нээлттэй, хянах боломжтой болсон. Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж 100 хувь бий болсон. Нэрийн жагсаалттай танилцаад нэг хаяг дээр олон хүн байгаа тохиолдол нь халамж, асрамжийн төв болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хаягийн шилжилт хийгээгүй байх, задгай айлуудыг нэг тоогоор тэмдэглэх гэх мэт асуудлаас болоод нэг хаяг дээр олон хүн харагдах боломжтой. Сургууль цэцэрлэгийн байранд сонгууль авч байгаа асуудлыг харъяа яамтай нь зөвшилцсөн байгаа" гэв.




Холбоотой мэдээлэл