Миланы алдарт "Ла Скала" театрын тайзнаа Э.Амартүвшин дуулна

2 долоо хоног TIMES.MN
Дэлхийн сонгодог урлагт 242 жилийн түүхтэй Миланы алдарт "Ла Скала" театрын тайзнаа Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулахаар болжээ. Тэрбээр Ж.Вердийн “Аида” дуурийн Этиопын хаан Амонасрогийн дүрийг бүтээхээр болсон байна. Ингэснээр Монгол хүн анх удаа дэлхийн тэргүүн зэргийн тайзнаа дуулахаар болж буй нь энэ юм.

Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа тэрбээр эх орондоо найман сар амарсан гэнэ. Түүний 2020, 2021 оны тоглолтын төлөвлөгөө дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас цуцлагдсан ч эхнээсээ уран бүтээлийн урилга хүлээн аваад байгаа аж. Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшины тоглох "Аида" дуурь алдарт "Ла Скала" театрын тайзнаа аравдугаар сарын 6-наас 19-ний өдрүүдэд эгшиглэх нь ээ.

Италийн Милан хотын төв театр нь 1776 онд Санта-Мария дахь “Скала” хэмээх сүмийн суурин дээр барьсан түүхтэй. Италичуудын бахархал болсон энэхүү театрын барилга том биш ч, үзэгчдийн танхим нь уламжлалт дэг жаяг, загвартай, зургаан давхар. Неоклассик загварын засал, гайхамшигтай акустик, тав тухтай суудал, шилдэг ховор уран бүтээл, цуутай жүжигчдийн цугларалт, баян чинээлэг үзэгчидтэй гэх зэрэг үзүүлэлт энэ театрын нэр хүнд, имижийг бүрдүүлдэг. Тоглолтын тасалбар суудлын байрлалаасаа хамаарч үнэ нь 10-2000 евро байдгаас дуурийн тоглолтууд илүү үнэтэй байдаг ажээ.




Холбоотой мэдээлэл