TIMES Ярилцлага


Ц.Түмэнбаяр: Хашаагаа тохижуулах нь иргэдийн хобби болох ёстой

1 жил, 1 сар TIMES.MN

Төр засгаас гэр хорооллын талаар баримталж буй бодлого шийдвэртэй уялдуулан нийслэлийн  гэр хорооллын айл өрхүүдийг өөрсдийнх нь оролцоотой хашаандаа амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, аж ахуй эрхэлж амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор “Ургамалын далай”  компани  “ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ” төслийг эхлүүлжээ. Ингээд төслийн хэрэгжилт ямар шатанд явж байгаа талаар тус компаний захирал Ц.Түмэнбаяртай ярилцлаа.

    -“Ургамалын далай” ХХК-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн талаар товч танилцуулна уу?

-Төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын болон зуслангийн хашаа бүхий айл өрхөд амьдарч буй иргэд хашаагаа өөрсдийн хүссэнээрээ хямд өртгөөр хэрхэн тохижуулж болох талаар сургалт зохион байгуулж, хашаандаа аж ахуй эрхэлж амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх юм.

Мөн эздийн оролцоотой жишиг хашааг тохижуулж цэвэр орчин, тав тухтай нөхцөлийг бүрдүүлснээр иргэд сэтгэл ханамжтай байхаас гадна гэр хорооллын айлуудад хамгийн их тулгамдаж буй агаар, хөрсний бохирдол, орчны тоосжилтоос сэргийлэх ач холбогдолтой.

-Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ?

- Төслийн хэрэгжүүлэлт дээр 4 зүйлийг чиг болгон ажиллаж байна. Үүнд:

1.       Нийслэлийн гэр хорооллын болон зуслангийн хашаатай айл өрхийг хашаагаа хэрхэн зөв төлөвлөх, тохижуулж болох талаар ур чадвар олгох

2.       Хороо бүрт нэг айл өрхийг сонгон эздийн оролцоотой жишиг хашааг тохижуулах

3.       Хашаандаа аж ахуй эрхлэх амьжиргаагаа дээшлүүлэхэд туслах

4.       Хашаандаа тав тухтай эрүүл цэвэр орчинд амьдрах боломжтойг олон нийтэд суртачлан таниулах, мэдээ мэдээлэл түгээх

-Хашаагаа тохижуулахыг хүссэн айл өрх бүр энэ төсөлд хамрагдах боломжтой юу?

- Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөж орон сууцжуулах төсөл мөн газар шинэчлэн зохион байгуулж орон сууцжуулах төсөлд хэрэгжиж байгаа гэр хорооллоос бусад бүх гэр хорооллын айлууд хамрагдах бүрэн боломжтой.

-“Хашаандаа сайхан амьдаръя” төслийн хэрэгжилт ямар шатанд явж байна вэ?

-Бид төслийн хүрээнд нилээд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөөд хувиарын дагуу ажиллаад явж байна. Одоогийн байдлаар “Жишиг хашаа” тохижуулах ажлаа эхлүүлсэн байгаа. “Жишиг хашаа” гэдэг нь нийслэлийн дөрвөн хорооноос тодорхой нэг гэр хорооллын айлыг сонгож, гэрийн эзэдтэй хамтран, зөв зохистой төлөвлөж заавар зааварчилгаа өгөн эрүүл, тав тухтай орчинг бүрдүүлэн тохижуулах юм.

-“Жишиг хашаа”-нд хэрхэн хамрагдах вэ? Сонгогдохыг хүссэн айл өрхөд ямар нэг шалгуур бий юу?

- “Хашаандаа сайхан амьдаръя” гэсэн цахим хуудсаараа дамжуулаад хашаа хороогоо тохижуулах хүсэлтэй айл өрхүүдээс шалгаруулсан.


-Нэг хашааг тохижуулахад хэдий хэмжээний өртөг шаардагдах вэ?

-Энэ бол харьцангуй ойлголт.  500.000 төгрөгөөр ч  тохижуулж болно, 50 сая төгрөгөөр ч тохижуулж болно гэсэн үг. Гэхдээ манай төслийн гол баримталж буй зарчим бол аль болох бага өртгөөр өөрсдөө тохижуулах юм. Хашаагаа нэг сарын дотор, эсвэл нэг зуны дотор тохижуулаад боллоо гэсэн буруу ойлголт иргэдэд байдаг. Манай төслийн зүгээс ямар зүйл санал болгож байна гэхээр эхлээд хашаагаа зөв төлөвлөх хэрэгтэй. Тэгээд сайтар төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу урт хугацаанд магадгүй 5 жилийн хугацаанд өөрсдөө аажмаар тохижуулах боломжтойг харуулахыг зорьж байна. Ер нь хашаа хороогоо тохижуулах нь манай иргэдийн хобби болох ёстой. Тэрэнд заавал их мөнгө зарах шаардлагагүй. Өдөр тутам модоо засдаг, замаа цэвэрлэдэг гээд энгийн зүйлээс эхлэх нь  чухал.

-Гэр хороололд амьдарч буй айлын хамгийн том асуудал бол муу ус, жорлон “00” байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Гэр хорооллын айлууд модон жорлон хэрэглэдэг. Энэ нь хөрсний бохирдол үүсэх хамгийн гол хүчин зүйл болж байгаа. Манайх эко “00” буюу зөөврийн “00”-ыг хэрэглэхийг санал болгохоор төсөлд тусгагдсан байгаа.

-Нийслэлийн хэмжээнд хичнээн аль өрх гэр хороололд амьдарч байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 180 гаруй өрх, 700.000 гаруй хүн хашаанд амьдарч байна. Мөн байртай, орон сууцтай айлууд ихэнх нь зуслан хашаатай байдаг. Тэгэхээр Улаанбаатарт хашаагүй айл гэж байхгүй. Бүгд хашаатай. 21 аймаг, 333 сум тэр чигээрээ хашаа. Монгол хашаажсан байна. Тиймээс хашаандаа амьдрах орчинг сайжруулаад эрүүл агаартай, тоосжилтгүй хашааг өөрсдөө бий болгох боломжтой. Манайхан  төр засгаас тоосжилтыг арилгана, агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулна гээд хүлээгээд суугаад байдаг. Төр засаг нь ч гэсэн хийж өгөх юм шиг яриад яваад байдаг энэ бол буруу ойлголт. Хамтаараа зүтгэж, хичээж байж л шийднэ. 

-Улаанбаатарт төсөл хэрэгжээд эхэлсэн гэж байна. Тэгвэл цаашлаад хөдөө орон нутагт хэрэгжүүлэх боломжтой юу?

-Төслийг орон нутгийнхан маш их сонирхож байгаа. Хөвсгөл аймгаас  хүмүүс санал тавьсан. Хөвсгөл аймагт төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Хөвсгөл аймаг бол орон сууцжуулах шаардлагагүй, эмх цэгцтэй, зарим хороолол төвийн шугамд холбогдсон болохоор хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хөвсгөл аймгийн өрх болгон  хашаагаа улам сайн тохижуулж,  хашаандаа сайхан амьдрах бололцоотой

-Урьд нь тохижилт үйлчилгээний ажил зохион байгуулж байсан туршлага бий юу?

-Манай "Ургамалын далай" ХХК гадна тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Холбоо барих утас: 70110085, 95955585

Л.Ариунцэцэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.