Нийгэм


Ковид-19 халдварын үеэр шүгэл үлээгчид нэмэгдсэн байна

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Өмнөд Африк дахь олон нийтийн өмч хөрөнгө, үйлдвэрчний эвлэлийн хөрөнгө, сугалаа, хандивын хөрөнгө зэргийг хамарсан авлигын хэргийг хянах төрийн бус байгууллага болох Корапшн Воч байгууллага нь 2020 оны Авлигын чиг хандлагын тухай судалгааны тайлангаа өнөөдөр олны хүртээл болголоо. Өмнөд Африк дахь авлигын хэргүүд улам ихээр нэмэгдэж байгааг уг тайланд дурджээ. Түүнчлэн цар тахал гарсан байсан ч ард иргэд авлигачдыг илрүүлж, тэдний тарьсан хээл хахуулийн хэргийг  таслан зогсоохыг эрмэлзсэн хэвээр байгааг уг тайлангаар харууллаа.

Оны эхний хагаст 2,000 орчим хүн авлигын талаар мэдээлэл өгсөн ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 400 гаруй мэдээлэл илүү хүлээж авсан явдал юм. Эндээс дүгнэхэд дэлхийг хамарсан цар тахлаас амьд гарахыг хичээж буй жирийн хүмүүсийн дургүйцлийг авлигачид хүргэж байна.

"Бидэнд ирсэн мэдээлэл засгийн газрын бүхий л салбарт илэрсэн, хувийн хэвшлийн оролцоотойгоор хийгдсэн, манай нийгмийн олон салбарыг хамарсан авлигын дүр зургийг харуулж байна. Авлига нь нийгэмд чимээгүй боловч үхлийн аюул тарьж байдаг бөгөөд авлигачдын үйлдлийн улмаас хамгийн их хохирч байгаа хүмүүс бол эмзэг, ядуу бүлгийнхэн юм." гэж энэ тайлангийн анхан шатны судлаач Мелуси Нкала хэлсэн.

Тус улсад 3-р сарын дундуур үндэсний хэмжээний гамшгийн нөхцөл байдал зарласны дараа авлигын тухай мэдээллийн бараг 55% нь иржээ. Үүнээс 13% нь Өмнөд Африкийн цагдаагийн албан дахь авлигын хэргийг нотолж байгаа бол 5% нь хотын захиргааны байгууллага, сургууль, замын хөдөлгөөний болон лицензийн төвүүдтэй холбоотой, харин 4% нь эрүүл мэндийн салбарт хамааралтай байжээ. Эдгээр нь нийлээд тухайн хугацаанд хүлээн авсан нийт мэдээллийн гуравны нэг орчим болж байна. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагын авлига энэ жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүлж байна.

Авлигын чиг хандлагын хувьд авч үзвэл зохисгүй удирдлага, тэр дундаа засгийн газрын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулах буюу үл тоомсорлосон тохиолдол нийт мэдээллийн 19% -ийг эзэлж байна. Үүний дараа нөөцийг зүй бусаар ашиглах явдал гарч байна. Үүнд хулгай, нийтийн албаны машин, техник хэрэгсэл, цаг хугацаа, хөрөнгийг хулгайлах, зүй бусаар ашиглах, шамшигдуулах, үргүй зарцуулсан тухай мэдээлэл 14%-тай байна. Худалдан авах ажиллагааны зөрчил нийт мэдээллийн 14%-ийг эзэлж байгаа нь тендер шалгаруулалтад хээл хахууль авах замаар нөлөөлж байсантай холбоотой юм.




Холбоотой мэдээлэл