Улс төр


У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

1 сар TIMES.MN

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

Тэрээр, Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газартаа, өөрийн кабинетдаа тухайн салбартаа бүх шатны албан тушаал хашсан дадлага, туршлагатай, салбараа сайн мэддэг, салбартаа нэр хүндтэй тийм л хүмүүсийг сайдаар томилсон. Түүний нэг нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой зорилтуудыг тусгасан байгаа.

Дэлхийн  улс орнуудад энх тайван найрамдлыг тогтоох үйл хэрэгт Монгол цэргүүд  мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээр үлгэр жишээ оролцсоор буйг НҮБ-аас нотлодог. Нөхцөл байдалтай 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр танилцсандаа сэтгэл хангалуун байна гэлээ.

Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчилснээр Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, барилга-инженерийн цэргийн ангиудыг байгуулах боломжтой болсон. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулахаар шийдвэрлээд байна. Мөн дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч байна. 

Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих зэрэг стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад цэрэг дайчдыг татан оролцуулж байгаа нь тус салбарт хийгдэж буй бас нэг том ажил бөгөөд олон талын үр дүнг харуулж байна.

2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг "Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвээр явуулж байна. Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, цэргийн алба хаагчддад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл