Нийгэм


Хямралын цаг үеийг өөрийгөө хөгжүүлэх боломж болгох хэрэгтэй

1 сар TIMES.MN

СЭЗИС-ийн доктор (PhD), дэд профессор, ЗГХЭГ-ын Энтерпренершип болон Инновац хариуцсан зөвлөх Г.Батхуягтай ярилцлаа.


- СЭЗИС нь Entrepreneur их сургууль болох зорилтынхоо хүрээнд олон сонирхолтой хөтөлбөр, сургалтууд зохион байгуулж байна. Энэ талаар хийж буй ажлуудаасаа танилцуулж өгнө үү?

-СЭЗИС энэ жилээс эхлэн анх удаа зөвхөн хувь хүнийг биш бизнес нь элсүүлжэхэллээ. Энэ нь өсөх ирээдүйтэй гарааны бизнесүүдийг бойжуулах хөтөлбөр юм. Түүнээс гадна Энтрепренершип болон Инновацийн мастерын хөтөлбөр мөн АНУ-ын MIT буюу Massachusetts Institute of Technology-тай хамтран “Entrepreneurship” хоёр сарын сургалтыг есдүгээр сарын 28-наас эхлүүлэх гэж байна.

Дашрамд хэлэхэд, Entrepreneur их сургууль гэдэг нь зөвхөн энтренершиптэй холбоотой янз бүрийн сургалт явуулахыг хэлж байгаа юм биш шүү. Энэ нь өнөөгийн технологийн хурдацтай хөгжиж буй бизнесийн орчинд дасан зохицох чадвартай эрдэм шинжилгээ, судалгаа, дээд боловсролын байгууллага болох тухай гэж ойлгож болно. Нэг талаас орчин цагийн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж өндөрсөж байна, нөгөө талаас өмнө нь тулгарч байгаагүй гадаад орчны нөлөөллүүд бий болж байгаа нь уламжлалт арга хэлбэртэй, зөвхөн сургалтын төлбөр эсвэл улсын татаасаас хамааралтай ажилладаг загварыг өөрчлөн илүү бизнес хэлбэрийн үр ашигтай загвар руу орохыг өөрийн эрхгүй шаардаж байгаа. Яг үнэндээ үүнийг ямар нэг байгууллагын сонголтын асуудал гэхээсээ илүү өрсөлдөх чадвартай байх, бүүр цаашлаад тэсэж үлдэхтэй холбоотой зайлшгүй арга зам буюу стратеги гэж хараад байгаа. Тэгэхээр СЭЗИС энэхүү хандлагыг арай эрт мэдрээд, түрүүлж ажил хэрэг болгосон нь  олзуурхууштай. 

-Товчхондоо Entrepreneur их сургууль яг яаж ажиллана гэсэн үг вэ?

-Хамгийн энгийн хялбарханаар тодорхойлбол, гадаад дотоод нөөцөө бүрэн ашиглан, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх замаар орлогын нэг эх үүсвэрээ төрөлжүүлж, нийгэм, олон нийтэд эерэг нөлөө үзүүлдэг их сургууль болно гэсэн үг. Их сургууль маань эдийн засгийн эргэлтэнд оруулж болох олон төрлийн биет болон биет бус баялаг эзэмшдэг, бүтээдэг, дамжуулдаг тул энтрепренерлэг сэтгэлгээгээр ажиллавалолон төрөл хэлбэрээр баялаг бүтээх боломжтой онцлог газар байдаг. Гадны шилдэг их сургуулиуд бүгд ийм загвар руу шилжиж байна.  

- Entrepreneur сэтгэлгээний онцлог юу байдаг вэ? Судлаач хүний хувьд бизнес эрхлэгчдийн  сэтгэлгээний нийтлэг алдаа юу байна гэж та хардаг вэ?

-Гол онцлог нь зах зээл буюу тухайн нийгэмд байгаа баялаг бүтээх боломжуудыг гярхай таньж, эсүүл бий болгож чаддаг, түүнийгээ өндөр өсөлттэй бизнес болгоход шаардагдах бүхий л нөөцийг бүрдүүлж, босгохын зэрэгцээ түүнийхээ хойноос тууштай ухаалгаар ажиллахыг хэлээд байгаа. Өөрт байгаа зүйлсийн хүрээнд хязгаарлагдаж “хардаггүй”, хэрхэн болгож, бүтээх вэ гэсэн хандлагыг ойлгож болно. Энгийнээр бол шалтаг тоочиж биш бэрхшээлийг боломж болгож байгаа өсөн дэвших сэтгэлгээ юм. ЖДҮ-н зээл олдсонгүй, тийм болохоор бизнес хийж чадсангүй гээд зогсож байвал тэр энтрепренерлэг сэтгэлгээ биш. Тийм хүмүүст хөнгөлөлттэй зээл өгөөд ч хэрэггүй. Гэхдээ энэ бол бүрэн сурч, эзэмшиж болдог чадвар учраас энтрепренершипийг их сургуулиудад заадаг болсон.

- Өнгөрсөн хавар ковид-19-тэй холбоотойгоор СЭЗИС томоохон судалгаа хийсний хувьд Entrepreneur-уудад тулгарч байгаа бодит сорилтуудыг тоо баримттайгаар дүгнэн хэлбэл?

- Ковид 19-с болж нийгмийн олон салбарт эерэг болон сөрөг нөлөөлөл гарсан. Гэхдээ илүү энрепренертэй холбоотой баримт гэвэл Монголын бизнес эрхлэгчдийн эхлүүлэхээр төлөвлөж байсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой төслүүдийн 62% хойшилж, зарим нь бүүр цуцлагдсан байдаг. Энд ялангуяа экспорт руу чиглэсэн бизнесүүд илүүтэй өртсөн байгаа. Энэ болаль 4 сард хийгдсэн хэмжилтүүд болохоор одоо бол энтрепренерүүд маань “new normal”гэж хандаад, ковид 19-ын нөхцөлийг тооцож хөдөлж байна. Дээр нь нөхцөл байдал манай улсын хувьд харьцангуй“намгүм”байлаа.

-Энэ нийгмийн гэнэтийн сорилт зөвхөн манайд гэлгүй дэлхийн бүх орны бизнес эрхлэгч нарт тулгарч байна. Тэгвэл бусад улс орнуудын Entrepreneur-ууд энэ сорилтыг хэрхэн даван туулж байна вэ? Шилдэг туршлага юу ажиглагдав?

-Олон туршлага харагдаж байна. Ер нь ямар нэг байдлаар нийгэмд гарах томоохон өөрчлөлт бүр бизнесийн талаасаа цоо шинэ боломжийг нээх эсвэл өмнө нь өсөлт муутай байсан бизнесүүд өөрчлөгдөх, сайжрах зэрэг нөхцөл бий болгодог. Ковидыг аль болох бага хохиролтой давж туулах арга замыг бизнесүүд янз бүрээр хэрэгжүүлсэн байна. Энэ нь тухайн бизнесүүдийн онцлог, чадвар, давуу болон сул талаасаа хамаараад өөр өөр байна. Эдгээрийг нэгтгээд харвал 3 үндсэн дүр зураг бий болжээ. Зарим нь өмнөх бүтээгдэхүүн, үйлчилгээгээ арай өөр сувгуудаар хүргэж байна, гэтэл нөгөө хэсэг нь өмнөх буюу байгаа дэд бүтцээ ашиглаад өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ хийсэн байна, үлдсэн хэсэг нь өмнөх бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөр дэд бүтцээр үйлдвэрлэж, түгээжбайна.

- Дээрх сорилтуудад бид өөрсдийгөө хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ? Сорилтыг  өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэж харвал арга зам нь юу байх вэ?

- Гадны жишээг харж байхад иймэрхүү шок буюу гэнэтийн нөхцөлүүдэд ажиллах тодорхой протоколуудыг хөгжүүлсэн байна. Гамшгийн менежмент талын, гэхдээ мэдээж илүү өөрийнхөө бизнесийн хүрээнд. Түүхий эд тасарвал яах вэ, ямар түүхий эдийг юугаар оруулж болох уу, бүтээгдэхүүнээ хэрхэн өөрчилж болох уу хэрвээ нөөцүүд нь бүүр огт олдохгүй байвал,хөл хорионд орвол яах вэ, гол гол салбарууд хаагдвал яах гэх мэтээр. Тэгэхээр иймэрхүү төлөвлөгөө байх нь бас нэг хэлбэрийн бэлтгэл байж болох юм. Бидний хийсэн судалгаанаас харахад Монголын бизнесүүдэд ийм төрлийн төлөвлөгөө болон төсөв бараг байдаггүй. Зарим хүмүүс энэ боломжийг ашиглаад өөрсдийгөө хувь хүний хувьд бас хөгжүүлж байна.

- Манай start-up компаниуд дэлхийн зах зээлд гарахыг хүсдэг ч оюуны өмч, хууль эрхзүйн асуудал, бүтээгдэхүүний стандарт гэх мэт олон асуудалтай нүүр тулгардаг. Эдгээрийг шийдэх гарц гаргалгааг олох, өөрсдийгөө хөгжүүлэхэд СЭЗИС-ийн Тасралтгүй Боловсролын төв болон АНУ-ын MIT-тай хамтран зарласан “Entrepreneurship”богино хугацааны хөтөлбөр их тохиромжтой санагдсан. Тухайлбал, гадны хөрөнгө оруулагч нарт хэрхэн бизнес төслөө танилцуулах, харилцагчдаа хэрхэн татах талаар практик аргуудаас мөн суралцана гэж ойлгож байгаа. Энэ талаараа бизнес эрхлэгч нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Янз бүрийн гарааны бизнес амжилттай эхлүүлээд цааш нь худалдах эсвэл улам хөгжүүлдэг энтрепренерүүд байдаг. Тэгвэл энэхүү хөтөлбөр маань анх удаа буюу шинээр гарааны бизнес эхлэх болон одоогийн бизнесээ хөгжүүлэхээр зорьж буй хүмүүст чиглэгдсэн хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, шинээр гарааны бизнес эхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд эхнээсээ зөв мэдлэг мэдээллээ аваад цэгцтэйгээр эхэлбэл ирээдүйд учирч болох маш олон эрсдэлээс компаниа аварч чадна. Ийм нэг үг байдаг даа, монголчууд техник худалдаж аваад эвдрэхээр нь заавраа уншдаг, харин гадныхан эхлээд заавраа уншаад техникээ ашигладаг. Одоо бид энэ хандлагаа л өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Нөгөө хэсэг хүмүүсийн хувьд бизнесээ тодорхой хэмжээгээр амжилттай эхлүүлсэн боловч хэсэг хугацааны дараа гацаанд ордог. Бизнесийн энэ хурдтай хөгжиж буй орчинд хуучин арга барилаараа байнга ажиллана гэж байхгүй, тиймээс заавал өөрийн биеэр алдаж байж мэдэхийн оронд цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнээд эхлээд суралцсан нь илүү ухаалаг арга болно. Энэ боломжийг СЭЗИС болон MIT хамтран олгож байна.

-Ярианыхаа төгсгөлд нийт бизнес эрхлэгчид болон Entrepreneur-үүддээ өгөх таны зөвлөмж юу байна вэ?

-Зүгээр нэг бизнес эрхлэгч биш жинхэнэ энтрепренер байгаарай гэж хэлмээр байна. 1990 оноос эхлэн бизнес эрхлэгчид төрж эхэлсэн бол одоо илүү чанарын, үйл ажиллагааны, хандлагын дараагийн шат руу гарах үе аль хэдийн ирчихлээ. Энэ нь инновацлаг, өрсөлдөх чадвартай, хурдтай, эрсдэлтэй ажиллаж чаддаг энтрепренерүүдийн үе юм. Тэгж байж л томоохон, байр сууриа олчихсон, хүчтэй бизнесүүдэд сорилт болж чадна. Ухаалгаар хурдтай шийдвэр гаргаж, үнэ цэнийг бүтээж чадвал дэлхийн зах зээлд гарч чадна.




Холбоотой мэдээлэл