Нийгэм


Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар ХЭҮК-оос гаргасан санал, УИХ-ын 62 дугаар тогтоолын биелэлт

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN
 2019 онд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-д хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар ХЭҮК-оос гаргасан санал УИХ-ын 62 дугаар тогтоолд тусгалаа олсон байдаг. Харин тэр тогтоолын хэрэгжилт ямархуу явцтай байгааг холбогдох яам, агентлаг, газруудаас тандаж, цуглуулсан мэдээллээ ХЭҮК нэгтгэн энэ хавар УИХ-д өргөн барьсан 19 дэх илтгэлд хавсарган хүргүүлээд байгаа.

     Хүүхэд хамгааллын үнэн дүр зураг доорх мэдээллээс харагдах л байх.
 
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2019 оны 3 дугаар сарын 29-нийөдөр Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцээд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийгхэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 62 дугаар тогтоолыг баталсан билээ.
 
    Тогтоолын 2 дугаар заалтад “Энэ тогтоолынхэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, биелэлтийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт...”, 3 дугаар заалтад “Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо...”-нд тус тус даалгасан байна.

   Гэвч 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарнарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, холбогдох арга хэмжээний хэрэгжилтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлээгүй байх тул Комиссын зүгээс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох яам, агентлаг зэрэг төрийн 17 байгууллагад хандан зохих мэдээлэл, тайланг гаргуулан авч, тогтоолын хэрэгжилтийн байдлыг танилцуулж байна.
 
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг авч үзвэл:

1.2. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар

Тогтоолын 1.2.а хэсэг:

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх;

Хэрэгжилтийн байдал: - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 210 дугаар тогтоолын 2 дахь заалтад хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд хэрэгжүүлэх салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, салбар бүрт дэд ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ. Улмаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөөг баталжээ. Уг төлөвлөгөөнд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг 2020 оны I-IV улиралд хийх, хэрэгжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам хариуцан ажиллахаар тусгасан байна.

Тогтоолын дээрх заалтын хэрэгжилтийн тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүний сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг батлах субъектыг тодорхой болгохоор тусгасан байна. Энэ аргачлалд хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг тусгайлан зааж болно” [1]гэжээ.

Тогтоолын 1.2.б хэсэг:

Аливаа хэлбэрийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд үзүүлэх нийгэм, сэтгэлзүйн нөхөн сэргээх шинэ төрлийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох;

Хэрэгжилтийн байдал: - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн мэдээллээр хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, холбогдох дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2019 онд нийт 18 үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг 181,890 хүүхдэд, хариу үйлчилгээг 9,662 хүүхдэд үзүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицуулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үе шат бүхий цогц үйлчилгээ үзүүлэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнийтүр хамгаалах байрыг 2017 онд байгуулж, тухайн жилд 0-18 хүртэлх насны 285 хүүхдэд, 2018 онд 945 хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлсэн байна. 2019 онд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр 2,020 хүүхдийн аюулгүй байдлыг ханган, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлжээ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилгаар нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг шинээр нэвтрүүлж, 2019 оны 8 дугаар сараас ажиллуулж эхэлжээ. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дорноговь, Хэнтий аймагт 13,308 иргэн, 20,580 хүүхдэд хүүхэд хамгааллын мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, 43 хамтарсан багийн 276 мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхжуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн 111 цэгт эрсдэлийн үнэлгээ хийж, цахим хуудсаар дамжуулан 113,000 хүнд мэдээлэл хүргэжээ.

        Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхийн түншлэлийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын INSPIRE багцыг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж, 2019 онд INSPIRE багцын эх материалыг орчуулж, Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн гишүүдэд сургалт зохион байгуулсан байна[2].

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд үзүүлэх нийгэм, сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж 2019 онд нийслэлийн хэмжээнд хохирогч 19 хүүхдэд өмгөөллийн, 48 хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, 56 хүүхдэд хууль эрхзүйн зөвлөгөө өгч, 32 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж, 30 хүүхдэд өмгөөлөгч авахад нь зуучилжээ[3].
     
    Эрүүл мэндийн яам сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал (уур бухимдал, нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, амиа хорлолт, донтолт, мансуурал, хүчирхийлэлтэй холбоотой сэтгэл санааны хямралд өртсөн)-тай үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх 24 цагийн 1800-2000 дуудлагын утсыг ажиллуулж, 2019 онд 3,231 дуудлага хүлээн авсны 243 нь хүүхдээс ирсэн дуудлага байжээ. Дээрх утсыг нээн ажиллуулснаар уур бухимдал, нойргүйдэл, стресс, сэтгэл зүйн асуудалтай хүмүүс мэдээлэл авах боломж бүрджээ. Мөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээ болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиникээр гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 16 хүртэлх насны 128 хүүхдэд эмнэлгийн болон сэтгэл зүй, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна[4].
 
     Хууль зүй, дотоод хэргийн яам Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2019 оны 9 дүгээр сард өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуулийн төсөлд насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, тэдний суралцах хэрэгцээг хангах талаар төрөөс үзүүлэх тусламж үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тухай мэдээлэл ирүүлжээ[5].

    Дээр дурдсанчлан Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, тэдгээрийн харьяа байгууллагуудаас хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх, шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа ч олон улсын жишигт нийцсэн цогц үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай, одоо ажиллаж буй ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг дурдах нь зүйтэй юм.
 
Тогтоолын 1.2.в хэсэг:

    Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчийн нийгэм, сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээнд гарч байгаа зардлыг төр бүрэн хариуцдаг байх, хохирогчийг дэмжих сан байгуулахад анхаарах;

Хэрэгжилтийн байдал: - Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/263, А/406, 321 дугаар тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-ын 3 дугаар зүйлд “Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна” гэж, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний Цогцост хийх шинжилгээний хэсгийн 5-д “цогцост хийх шинжилгээ (0-18 насны) 30,000 төгрөг“ гэснийг хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулжээ.[6] Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн болон яаралтай тусламж үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, дараалал харгалзахгүй, үнэ төлбөргүй үзүүлж байна.[7]

      Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, нөхөн сэргээх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг магадлан итгэмжлэгдсэн 19 төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж 2019 онд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 586 хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, түүнд шаардагдах 490 гаруй сая төгрөгийг хүүхдийн хөгжил, хамгааллын зардлаас олгосон байна.

Тогтоолын энэ заалтын хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн эрүүл мэндийн болон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээний зардлыг төр бүрэн хариуцах талаар олон чухал алхмууд хийсэн боловч хохирогчийг дэмжих сан байгуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Тогтоолын 1.2.г хэсэг:

Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдээллийн талаарх сургалтыг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан явуулах;
Хэрэгжилтийн байдал: - Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдээллийн талаарх сургалтыг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан явуулах зорилгоор Дрийм телевизтэй хамтран Бонго, Можухын найзын дүрээр Сэргийлэгч хүү, Сэргийлэгч охины адал явдал бүхий цуврал богино хэмжээний хүүхдийн киног бүтээжээ. Уг бүтээл нь “Нууцаа хамгаал”, “Танихгүй хүнээс болгоомжил”, “Аюулгүйн зөвлөмж” зэрэг 70 дугаартай бөгөөд 7 хоногт 5 удаа давтан нэвтрүүлж, цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр түгээжээ. Хүүхдийн хөгжил, хамгаалал төрийн бус байгууллагатай хамтран гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон 10 хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нийгэмшүүлэх сургалтад хамруулжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Ойлгоё, Хүндэлье” урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан тухай Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирүүлсэн мэдээлэлд дурдсан байна.[8]

      Тогтоолын 1.2.д хэсэг:

 Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, цахим орчны нөлөө, хүчирхийллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

Хэрэгжилтийн байдал: - Тогтоолын энэ заалтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн төв,Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн зөн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд хамтран сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, ялгаварлан гадуурхалт, цахим орчны нөлөө, хүчирхийллийг бууруулах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар тус тусын албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд дурдсан байна. Үүнд:

- Хүүхэд, насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэргийн сүүлийн 3 жилийн судалгаанд үндэслэн “Хүүхэд хамгаалагч” төслийг 2019 онд нийслэлийн 152 хороо, 21 аймгийн сумдад хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв болох 702.3 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам санхүүжүүлж, төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

- Улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдийн судалгааг гарган, “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн ажиллах цаг, чиглэлийг хороо, баг бүрээр тооцон, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдэд зөвлөмж, зааварчилгаа өгч, нийт 454 дунд сургуулийн 123,200 сурагч, 20,900 эцэг эх, 3,400 багш, ажилчдад мэдээлэл хүргүүлжээ.
- Хүүхэд хамгаалагч ажилтанд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах мэдлэг олгох 8 цагийн багц сургалтыг үе шаттай зохион байгуулж 40 нэгжийн 194 ажилтныг хамруулсан байна.
- Хүүхэд хамгаалагч эргүүл 2019 оны 5-12 дугаар сард давхардсан тоогоор 1,550 чиглэлд ажиллаж, 150,259 хүүхдийн аюулгүй байдлыг ханган, хүчирхийлэлд өртсөн 12 хүүхдийн мэдээллийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 79, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэн, хүүхэд шууд эрсдэж болзошгүй 128 тохиолдлоос урьдчилан сэргийлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг 161 зөрчлийг таслан зогсоожээ. Мөн зөвшөөрөлгүй цахим тоглоомын үйл ажиллагаа явуулсан, гудамжинд архидан согтуурсан зэрэг зөрчлийн 188 дуудлага, мэдээллийг хүргэж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.

- Цагдаагийн байгууллага нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эрүүл мэндийн эмч, Дэлхийн зөн орон нутгийн хөтөлбөрийн салбаруудтай хамтран дэлгэцийн донтолт, архи, тамхи, мансууруулах бодисын хор нөлөө, хүчирхийлэл, дарамт шахалт, эрсдэлд өртөхөөс хамгаалах талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан ажил зохион байгуулахад шаардагдах 10 сая гаруй төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлэн, судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаанд зарцуулжээ.
- Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөв тусгал” хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс нэг сарын хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулжээ. Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон тэдгээрийн харьяа хэлтэс, алба зэрэг 265 төрийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол, Гүүд нейборс зэрэг 50 гаруй байгууллага, 401 аж ахуйн нэгж, 8,600 иргэний дэмжлэгтэй хийсэн байна. Нэгдсэн аян зохион байгуулах хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхдийн үйлдсэн хэрэг 9.8 хувь, хүүхэд хохирсон гэмт хэрэг 14.1 хувиар тус тус буурсан байна.
 
- Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян арга хэмжээний мэдээ, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн “Амрыг эрье” нэвтрүүлэгт 4 удаа, МҮОНРТ, UBS, TV5, ТВ8, VTV, Ийгл, ТВ9, Монгол HD, орон нутгийн Саян, Дербес, Шинэ Завхан, Тусгал-1, ТВS, Номин, Төв зэрэг телевизээр давхардсан тоогоор 65 удаа нэвтрүүлж, “medee.mn”, “zugii.mn”, “untsug.mn”, “news.mn”, “arslan.mn”, “zaluu.mn” зэрэг 8 цахим хуудас, өдөр тутмын 6 сонинд ярилцлага, мэдээллийг нийтэлжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэвлэл, мэдээллийн төв, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн цахим хуудсаар 85 удаагийн давтамжтай мэдээ, мэдээлэл түгээж, ухуулга нөлөөллийн 10 видео, 2 дуу клип, хууль сурталчлах 65 зурагт хуудас, нөлөөллийн үгтэй 98 зураг, 5 арга хэмжээний шууд бичлэг зэрэг нийт 214 мэдээ, мэдээлэл, контентыг нийгмийн сүлжээнд байршуулжээ.
 
  - Хүүхдийн аюулгүй байдал, хүмүүжил, төлөвшлийн талаар 8 сэдвийн хүрээнд сургалтын материал, мэдээлэл бэлтгэн 16 их, дээд, 98 ерөнхий боловсролын сургууль, 648 аж, ахуйн нэгж, байгууллагын нийт 59,896 сурагч, оюутан, эцэг эхийн төлөөлөл, ажилчдад 150 удаагийн сургалт, 13 зөвлөгөөн, 6 хэлэлцүүлэг, 25 өдөрлөг зохион байгуулж, 8,600 аж ахуйн нэгж, байгууллага болон нийтийн тээврийн 60 автобусанд 26 төрлийн гарын авлага, 77 төрлийн зурагт хуудас, 56 төрлийн 21,836 санамж, сэрэмжлүүлэг байршуулсан байна.
Сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр
- Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/181 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр бага, дунд бүлгийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дүрмийн мэдлэгийг цувралаар бэлтгэн сурагчдад мэдээлэл өгөх зөвлөмжийг нийслэлийн 121 сургуулийн удирдлагад хүргүүлж, биелэлт, үр дүнг тооцон, нийт 355 сургагч багш, ажилтан, эцэг эхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлах сургалт хийжээ.
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд зөв тээвэрлэх, хамгаалах хэрэгсэл, суудлаар хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бүхий 27 төрлийн 16,000 тараах материалыг хэвлүүлэн эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд тараажээ.

- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцэж байгаа эсэхэд шалгалт хийж, Монгол Улсын стандарт MNS 56444:2014 “Сургуулийн бүс, техникийн ерөнхий шаардлага”-д нийцүүлэх арга хэмжээ авахаар нийт 26 ерөнхий боловсролын сургууль, 30 цэцэрлэгийн захирал, нийгмийн ажилтнуудад хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, гэрээ байгуулсан байна. Хүүхдийн зорчих хэсэг буюу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд MNS 4597:2014 стандартын дагуу “Сургууль орчмын бүс” тэмдэг байрлуулах мэдэгдэл хүргүүлж, сургууль орчмын бүсийн явган хүний гарц, хурд сааруулагчийн тэмдэглэгээг тус тус сэргээн засч, сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүнд:

- Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол ихээр гардаг, гарч болзошгүй, замтай ойр байрлах эрсдэл бүхий 100 сургуулийн судалгааг гарган ойр орчмын явган хүний гарцыг лед гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл, хүүхдийн зураглал, сэрэмжлүүлэг бүхий самбараар иж бүрэн тохижуулах ажлыг хийжээ. Улмаар нийслэлийн 134 ерөнхий боловсролын сургууль орчимд “Сургууль орчмын бүс” тэмдэг 50, “Явган хүний гарц” тэмдэг 125 ширхэгийг байршуулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулжээ.
- “Сургуулийн бүс-техникийн ерөнхий шаардлага” MNS: 56444:2014 стандартыг хангуулахаар 100 сургуультай хамтран ажиллажээ.
- Нийслэлийн зам тээврийн осол, түгжрэл, саатал ихээр үүсдэг байршлын судалгааг гарган, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шинээр 4,830 метр газарт хайс байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, цаашид бусад дүүрэгт 5,000 метр хайс байрлуулах ажлыг зохион байгуулж байна.
- Алслагдсан гудамж, замд байрлалтай сургууль, цэцэрлэгт ойр орчимдоо стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэг хийх, камержуулах талаар 42 албан мэдэгдлийг цагдаагийн байгууллагаас хүргүүлжээ. Үүний дагуу ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, аж ахуйн нэгжийн гадна талбайн ойр орчимд 2,450 гэрэлтүүлэг, 380 хяналтын камерыг шинээр суурилуулсан байна.
- Нийслэлийн хэмжээнд сурагчид гэр, сургуулийн хооронд ирж, очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулийн автобусны шинэ чиглэл нэвтрүүлж, ерөнхий боловсролын 29 сургуульд 40 автобусаар 2-5 дугаар ангийн 3,000 гаруй сурагчид гэр-сургууль маршрутаар үйлчилжээ. Ингэснээр хотын төвөөс алслагдсан ерөнхий боловсролын 12 сургуулийн гэр болон сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг сурагчдын аюулгүй байдлыг хангах боломж бүрдсэн байна.

Цахим орчны нөлөө, хүчирхийллийг бууруулах чиглэлээр:

- Цахим орчны нөлөө, хүчирхийллийг бууруулах чиглэлээр “Зөв тусгал”, “Илрүүлэлт”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд, “Цахим тоглоом” нэгдсэн шалгалт 3 удаа, хэсэгчилсэн арга хэмжээг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хэмжээнд 78 удаа тус тус зохион байгуулж, цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг 213 аж ахуйн нэгж, байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 92 удаагийн сургалт, 22 удаагийн уулзалт, 5 удаагийн өдөрлөг, 4 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт 12,310 иргэнийг хамруулжээ.
- Цахим тоглоомын хор уршгийг иргэдэд сурталчлах, хууль, эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр 464 гарын авлага, 2,706 зурагт хуудас, 15,363 санамж, сэрэмжлүүлэг тус тус тарааж, ерөнхий боловсролын сургууль, цахим тоглоомын газарт 92 удаагийн сургалтад 4,520 хүүхдийг хамруулсан байна.
Тогтоолын энэ заалтыг хэрэгжүүлэх талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан олон улсын хөтөлбөрийг боловсруулан албан бус байдлаар хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:
- Фэйсбүүк групптэй 2018 оны 9 дүгээр сард хамтын ажиллагаа тогтоосноор Харвардын их сургуулийн Беркман Клейн төвийн мэргэжилтнүүдийн боловсруулсан “Digital literacy library” буюу “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийг Faro Foundation Mongolia төрийн бус байгууллага 2019 оны 4 дүгээр сараас Монгол Улсад хэрэгжүүлж эхэлжээ. Уг сургалтын хөтөлбөрийг 11-18 насныханд зориулсан цахим орчин дахь хувийн нууцлалаа хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эерэг хандлагыг бий болгох, нэр хүндээ хамгаалах, мэдээлэл бүтээх, хуваалцах зэрэг сэдвээр ерөнхий боловсролын 20 гаруй сургуульд хэрэгжүүлсэн байна. Мөн 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Есөнбулаг, Мөрөөдөл, Янзага, Нарс зэрэг хүүхдийн зусланд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 874 сурагчийг хамруулжээ.
- "Тоон бичиг үсэгтэн" хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлдэх сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай зохион байгуулж, нийт 89 багш, нийгмийн ажилтныг хамруулжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цахим тоглоом, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх нь”, “Охидын яриа”, “Хүүхдээ сонсох өдөр” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж 536 хүүхэд оролцуулсан байна. Мөн охидын эрхийг хамгаалах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зөвлөгөөн зохион байгуулж, 1,500 хүүхэд оролцуулснаас гадна нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Бидний оролцоо-Ирээдүйн хөгжилд" сэдэвтнөхөн үржихүйн сургалтаар 1,350 сургагч багш бэлтгэн, нийт 67,500 өсвөр үеийн хүүхдэд сургалт хийжээ.[9]
Хүүхэд, өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгох зорилгоор “Зөвийг түгээе” аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, “Faro Foundation Mongolia” төрийн бус байгууллагатай хамтран 2019 оны 10 дугаар сард нэг сарын хугацаатай зохион байгуулжээ. Аяны хүрээнд цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 40 гаруй зурагт хуудас, 18 видео хичээл, 12 шторк, бусад мэдээ мэдээллийг бэлтгэн төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагын маркетингийн сувгаар олон нийтэд хүргэжээ. Мөн нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг сурталчилсан зурагт хуудсуудыг DDish, Скаймедиа телевизийн сурталчилгааны дэлгэцэд байрлуулсан бөгөөд үүрэн холбооны оператор (Скайтел-226749, Мобиком-559351, Жи-Мобайл-235225, Юнител-99911)-аар олон нийтэд хандсан зурвас илгээжээ.
Мөн Монгол Улсад цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил төлөвшилд сөрөг нөлөөтэй мэдээ мэдээллээс үүсэн гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Цахим орчинд хүүхэд хамгааллын талаар баримтлах чиглэл”-ийн төслийг боловсруулаад байна[10].
Цахим орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл хамтран “Санамж бичиг” байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна” гэжээ.[11]
Тогтоолын энэхүү заалтын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг Комисст ирүүлсэн байна.
Тогтоолын 1.2.е хэсэг:
Үндэстний болон хэлний цөөнх хүүхдийн төрийн албан ёсны хэлээр сурч боловсрох эрхийг хангах, сүм, хийдэд шавилан сууж байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, унаач хүүхэд, мал маллаж байгаа хүүхдийн сурч боловсрох эрхийг хангасан бодлого, үйл ажиллагаа, зарцуулагдах төсөв хөрөнгийг нэн тэргүүнд шийдвэрлэх;
Хэрэгжилтийн байдал: - Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 32-т “Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмжийг хэрэгжүүлэх” ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нар 2019 оны IV дүгээр улиралд хэрэгжүүлэхээр тусгасан боловч аль ч байгууллага мэдээлэл ирүүлээгүй байна.
2019 оны 5 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” баталсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хэв шинжтэй ерөнхий боловсролын сургуульд суралцах талаар зохицуулсан чухал баримт бичиг болжээ. Энэ журмын дагуу 21 аймаг, 9 дүүрэгт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл", мөн сургууль бүрт "Дэмжих баг" байгуулсан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/625 дугаар тушаалаар Боловсролын хүрээлэнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсрол, арга зүйн сектор”-ийг шинээр байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгаа хийхийн хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах нэгж бий болжээ.
Ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 6,518 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байсан бол 2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нийслэл, аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд энэхүү хамрагдалтыг нэмэгдүүлэхээр тусгаснаар 7,377 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд буюу хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 75.3 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдсан ажээ.12]
Сүм, хийдэд шавилан сууж байгаа хүүхдийн сурч боловсрох эрхийн талаар:
2018-2019 оны хичээлийн жилд Насан туршийн боловсролын үндэсний төв болон аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төв, сумын нэгжээс зохион байгуулсан бичиг үсгийн сургалтын 4 түвшинд нийт 2,602 иргэн суралцсанаас хийдэд шавилж буй 191 лам хүүхэд хамрагдсан байна. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрийн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд нийт 157 лам хүүхэд суралцаж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ”Сүм хийдийн дэргэдэх сургалтын байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай” А/41, А/51 дүгээр хамтарсан тушаалын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран 21 аймаг, нийслэлийн нийт 466 сүм хийдэд хяналт шалгалт, сүм хийдэд шавилан сууж байгаа болон сүм хийдээр үйлчлүүлдэг хүүхдийн боловсрол эзэмшиж буй байдалд судалгаа хийжээ. Хяналт шалгалтын үеэр буддын шашны сургалт явуулдаг 54 байгууллагын 11-д нь шавилан сууж байгаа 30 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд огт хамрагдаж байгаагүй сургууль завсардсан болох нь тогтоогдсон байна.
Сүм хийдэд шавилан сууж, шашны сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд сүм хийд, дацангийн дэргэдэх шашны сургуулиар дамжуулж эсвэл албан бус боловсролын хөтөлбөрт хамруулах байдлаар ерөнхий боловсрол олгодог хэдий ч ерөнхий боловсрол эзэмшиж чадалгүй завсарддаг, сүм хийдийн албан бус сургалт төдийлөн үр дүнтэй биш байна. Мөн нийт сургууль завсардсан хүүхдийн тоо тодорхойгүй байна.182F183F[13]
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн албан бичгээс үзвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах талаар ахиц дэвшил гарсан байна. Гэвч үндэстний болон хэлний цөөнх хүүхдийн төрийн албан ёсны хэлээр сурч боловсрох, сүм хийдэд шавилан суралцаж байгаа, хөдөлмөр эрхэлж буй зэрэг хүүхдийн сурч боловсрох зэрэг эрхийг хангасан бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй тул тогтоолын энэ хэсэг бүрэн хэрэгжсэн хэмээн дүгнэх боломжгүй байна.
Тогтоолын 1.2.ж хэсэг:
Эцэг, эхийн хараа хяналтаас гадуурх хүүхэд, түүнчлэн сургуульд сурах зорилгоор эцэг, эхээсээ тусдаа амьдарч байгаа болон сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгож, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах талаар холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулах;
Хэрэгжилтийн байдал: - Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар, аймаг, дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, бусад байгууллагууд хамтран улсын хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гуйлга гуйдаг, хог түүдэг, тэнэмэл хүүхдүүд байж болох газар, цэгүүдэд хяналт шалгалт хийх, илэрсэн хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх, зөрчил илэрсэн газруудад хариуцлага тооцох зорилгоор “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээ, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 5852-2017 стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр нийт 95 арга хэмжээ зохион байгуулсан байна.
Арга хэмжээнд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 188, хараа хяналт сул 274, хөдөлмөр эрхлэгч 106, гар дээрээс худалдаа эрхэлдэг 16, гуйлга гуйдаг 20, орон гэргүй, тэнэмэл 11, нийт 623 хүүхдийг олж тогтоон, бүртгэлд оруулсны 457 нь эрэгтэй, 166 нь эмэгтэй байх бөгөөд 7 хүртэл насны 48, 8-13 насны 180, 14-17 насны 261 хүүхэд байна.
Эдгээр хүүхдээс Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт 3, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст 62, эцэг эх, асран хамгаалагчид 296, Хүүхдийн тусламжийн утас-108 төвийн дэргэдэх түр хамгаалах байранд 53, хамтарсан багийн хяналтад 2 хүүхдийг тус тус хүлээлгэн өгч, хамгаалан байршуулж, хариу үйлчилгээ үзүүлжээ. Тус арга хэмжээний хүрээнд Зөрчлийн тухай хуулиар насанд хүрээгүй хүнд цаг хэтрүүлэн үйлчилж байсан цахим тоглоомын 3 газарт тус бүр 350,000 төгрөг, хүүхдээ үл хайхарсан 5 эцэг, эхэд нийт 1,290,000 төгрөгийн торгууль тус тус ногдуулжээ.
Улсын хэмжээнд тэнэмэл, хараа хяналтгүй байж болзошгүй 151 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд орон гэргүй 10 гэр бүлийг шинээр судалгаанд хамруулан, тэдгээр өрхийн 19 хүүхдийг нэг цэгийн үйлчилгээнд холбон зуучилж, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд 7 хоногоос 1 сарын хугацаатай байрлуулан сэтгэл зүй, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулж, архины хамааралтай эцэг эхэд 48 цагийн сургалт зохион байгуулсан байна.
Хүүхдийн, гэр бүлийн хүчирхийллийн, ялангуяа хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, хүүхэд хохирсон дуудлага мэдээлэл нэг бүрт хяналт тавин, дээрх хүчирхийлэлтэй холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлж, хохирогч болон холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, тэднээс тайлбар мэдүүлэг авах, хамтарсан багаар аюулгүйн зэргийн үнэлгээ хийлгэх, нэг хаягнаас дахин дуудлага ирсэн тохиолдолд өндөр анхаарал хандуулах талаар мэргэжил арга зүйгээр хангах, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дуудлага мэдээллийг хүлээн авах, түргэн шуурхай очих, зарим төрлийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэх зэрэгт “ECS” программыг тогтмол ашиглаж байна.
2019 онд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний хүрээнд хүүхдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлэх зорилготой “Би нар” төслийг Хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран хэрэгжүүлж, нийслэлийн 6 дүүргийн алслагдсан гэр хороолол болон эрсдэлт нөхцөлд амьдардаг 4,200 гаруй хүүхдийг хамруулжээ.[14]
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хорооны Гудамжны нөхцөлд амьдарч буй хүүхдийн талаарх 21 дүгээр ерөнхий зөвлөмжийг орчуулж хэвлүүлэн хүүхдийн эрхийн ажилтнуудад арга зүйн сургалт зохион байгуулахын зэрэгцээ гудамжны нөхцөлд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны стратегийг боловсруулсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга нар Сонгинохайрхан дүүргийн Улаан чулуутын хогийн цэг, Нарантуул худалдааны төвд ажилладаг зорилтот бүлгийн хүүхдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, улмаар "Зорилтот бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах тухай" 2019 оны А/343, А/1207 хамтарсан тушаал, захирамж баталж, хэрэгжилтийг ханган ажилласны үр дүнд гудамжны нөхцөлд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг нийслэлийн хэмжээнд улирал тутам зохион байгуулж, тэдний эрхийг хамгаалах, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулжээ.[15]
Тогтоолын энэ хэсгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр салбар бүр тодорхой арга хэмжээ авч, ахиц дэвшил гарч байгаа нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээллээс харагдаж байна. Цаашид хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээллийн нэгдсэн санг бий болгож, салбар бүрийн уялдаа холбоог хангахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн мэдээлэлд “Илрүүлэлт-2019” арга хэмжээний хүрээнд илэрсэн хараа хяналтгүй хүүхдийн тоо зөрүүтэй, мэдээлэлд дурдсан үйл ажиллагааны ангилал өөр байгаагаас нэгдсэн мэдээллийг гаргахад хүндрэлтэй байв.
Тогтоолын 1.2.з хэсэг:
Хүүхдийн бэлгийн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуулийн түвшинд үр дүнтэй зохион байгуулах арга замыг тодорхойлж, хүүхдийн нууцыг чанд хадгалдаг, итгэлийг нь хүлээдэг тогтолцоог сургуульд бүрдүүлэх;
Хэрэгжилтийн байдал: - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/467 дугаар тушаалаар Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг батлан ерөнхий боловсролын нийт сургуульд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрт бэлгийн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг бие даасан сэдэв болгон оруулжээ.
Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/480 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээн дэх эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэх, нууцыг хадгалах журам”, 2019 оны А/406 дугаар тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн эмч болон багшийн албан тушаалын тодорхойлолтод хүүхдийн бэлгийн эрүүл мэндийн болон бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, хүүхдийн нууцыг чанд хадгалдаг байх чиглэлээр хийж гүйцэтгэх ажлыг тодорхой тусгаж, сургууль бүр үзлэг хийж, зөвлөгөө өгөх ажлыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулдаг гэжээ[16]. Гэвч зарим аймаг, орон нутагт ерөнхий боловсролын сургуульд “охидын үзлэг”-ийг нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаагаас үүдэн өсвөр насныхны эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөж, сургууль болон гэр бүлийнхээ орчинд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртөж буй талаарх мэдээлэл Комисст ирж гарч байна.
Иймд эрүүл мэндийн болон боловсролын салбарын бодлого, үйл ажиллагааг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, ингэхдээ өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалах, тэдний эрхэм чанар, нэр төртэй байх, халдашгүй дархан байх эрхийг хөндөхгүй байхад эрүүл мэндийн болон боловсролын салбарын ажилтнууд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.
Тогтоолын 1.2.и хэсэг:
Эмнэлгийн стандарт, шаардлага хангаагүй нөхцөлд нууцаар үр хөндөх, хяналтгүйгээр үр зулбуулах эм зардаг байдлыг илрүүлж, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх тодорхой арга хэмжээг авах;
Хэрэгжилтийн байдал: - Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн С/06 дугаар тушаалаар “Үр хөндөлтийн цогц тусламж, үйлчилгээ” MNS5488:2019 стандарт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/387 тоот тушаалаар “Үр хөндөлтийг зохицуулах журам”-ыг тус тус баталсан байна.[17] Гэвч “Үр хөндөлтийг зохицуулах журам”-ын холбогдох заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байгааг хуульд нийцүүлэх талаарх саналаа Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүл мэндийн сайдад гаргасан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/223 тоот удирдамжаар эмнэлгүүдэд хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх тэмцэх, давтан болон аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар эмнэлгийн стандарт шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндөлт хийсэн тохиолдол илрээгүй боловч өргөдөл, гомдлын мөрөөр хяналт, шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд хууль бусаар үр хөндөлт хийсэн нь тогтоогдож, одоогоор хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна[18].
Хууль бус үр хөндөлттэй холбоотой мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 дугаарын утсаар авах тухай олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл байршуулсан боловч нэг ч мэдээлэл бүртгэгдээгүй байна.[19]
Мөн 2019 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 6, нийслэлийн Хүрээ амаржих газар 3, Өргөө амаржих газарт 2, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 1, нийт 12 эмэгтэй биеийн байдал нь хүндэрсэн байдалтай хандаж тусламж үйлчилгээ авсныг судлахад эдгээр эмэгтэйчүүд бүгд “Нарантуул захаас эм авч уусан” гэсэн өгүүлэмжтэй, мөн эмнэлгийн мэргэжилтнүүдэд үр хөндүүлсэн эсэхээ үнэн зөв мэдээлдэггүй нь уг асуудлыг судлах, таслан зогсооход хүндрэл бий болгож байна. Хүнс, барааны зах, дэлгүүр, лангуугаар хувь хүний зарж байгаа үр зулбуулдаг эмийн хууль бус худалдааг илрүүлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага нь “нэгжлэг хийх, өгөөш тавих зэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх хэмжээ байдаггүй тул хууль бус үр хөндөлтийг илрүүлэхэд хүндрэлтэй байна”[20] гэжээ.
Эрүүл мэндийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс харахад эмнэлгийн стандарт, шаардлага хангаагүй нөхцөлд нууцаар үр хөнддөг, хяналтгүйгээр үр зулбуулах эм зардаг зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх талаар арга хэмжээ авч байна. Гэвч уг асуудлыг зохицуулж буй дүрэм, стандарт нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуультай зөрчилдсөн, хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хуулиар олгосон эрх хэмжээ хязгаарлагдмал, тухайлбал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хяналт шалгалт хийхдээ урьдчилан мэдэгддэг зэрэг нь шалгуулагч этгээдэд хууль бус үйлдлээ нуун дарагдуулах боломжийг олгож байх тул дээрх хууль тогтоомж, стандартын холбогдох заалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Тогтоолын 1.2.к хэсэг:
Гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсонтой холбоотой хүүхэд сэтгэлзүйн гүн хямралд орж, улмаар амиа хорлох байдалд хүрч байгааг онцгойлон анхаарч гэмт хэрэг, зөрчлийн хохирогчийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлдэггүй байх арга хэмжээг авах;
Хэрэгжилтийн байдал: - Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд 2019 онд гэмт хэргийн улмаас 111 хүүхэд нас барсан гэж бүртгэгдсэн бөгөөд эдгээр хүүхдийн нас барсан шалтгааныг судлахад гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсны улмаас сэтгэлзүйн гүн хямралд орж амиа хорлосон тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч ийм болзошгүй эрсдэл байгааг онцгойлон анхаарч гэмт хэрэг, зөрчлийн хохирогчийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх арга хэмжээг авч байгаа ажээ.
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-д гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон хүүхдийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараахгүй байх талаар сэтгүүлчид, алба хаагчдад чиглэсэн сургалтын агуулгад тусгуулахаар сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн мэдээлэлд дурджээ.[21]
Тогтоолын 1.2.л хэсэг:
Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын тогтолцоог урлаг, соёл, спортын байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бий болгож, хяналтыг сайжруулан хүүхдийн эрх зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх;
Хэрэгжилтийн байдал: - Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа урлаг, соёлын арга хэмжээний зохион байгуулагч талуудад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмж хүргүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажилласан байна. Тухайлбал:
- Сургуулийн орчинд зохион байгуулж байгаа уралдаан, олимпиад зэрэг арга хэмжээний үед тухайн аймаг, дүүргийн Боловсрол, соёл урлагийн газарт хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл зөвлөмж өгч ажиллажээ.
- Хүүхдийн баяр болон Үндэсний баяр наадмын үед эцэг эх, асран хамгаалагчид зориулсан зөвлөмж, мэдээлэл түгээж, хүүхдийн гарын бугуйвч тарааж, эцэг эхээсээ төөрсөн хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг Улаанбаатар хотод Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт, аймгуудын наадмын талбайд ажиллуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Мөн 2019 онд морь унаач хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд нийт 10,235 хүүхдийг биосканаар бүртгэж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандарт”-ын хэрэгжилтийг хангуулж ажилласан байна. Монгол Улсын Засгийн газрын “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласны үр дүнд 2019 онд 172 удаагийн уралдаан зохион байгуулагдсан нь өмнөх оныхоос 2.8 дахин буурсан үзүүлэлт бөгөөд мориноос унасан хүүхдийн тоо 213 тохиолдлоор буурч 448 болсон байна.
Унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэхээр даатгалын компаниудтай хамтран ажиллаж, нөхөн олговрын хэмжээ 5 сая хүртэлх төгрөг байсныг 20 сая хүртэлх төгрөг болгон нэмэгдүүлжээ. 2018 онд хурдан морины уралдааны үед мориноос унаж бэртсэн 86 хүүхэд 49.5 сая төгрөг, 2019 онд 121 хүүхэд 186.6 сая төгрөгийг гэнэтийн ослын даатгалын нөхөн олговорт авсан байна.[22]
Холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээллээс харахад тогтоолын энэ хэсгийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээ нь зөвхөн хурдан морины унаач хүүхдээр хязгаарлагдаж байгаа нь хангалтгүй байх тул цаашид тогтоолын энэ хэсгийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай байна.
Тогтоолын 1.2.м хэсэг:
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хууль тогтоомжийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр сурталчлах, хүүхдийн эрх, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалтай холбоотой өөрчлөлтийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
Хэрэгжилтийн байдал: - Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг сурталчлах, олон нийтэд түгээх, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагын албан хаагчдыг сургаж чадавхжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээлэлд дэлгэрэнгүй дурдсан байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.[23]
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан байна. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэгт болон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Хүчиндэх /12.1 дүгээр зүйл/ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэжүйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хорих ялтай байсныг таваас арван хоёр жил хүртэл хорих ялтай болгож, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож үйлдсэн бол таваас арван жил хүртэл хорих ялтай байсныг наймаас арван таван жил хүртэл хорих ялтай болгож ялын бодлогыг чангатгажээ. Мөн Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /12.2 дугаар зүйл/ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож хоёр жил хүртэл хорих ялтай байсныг 8 хүртэл жил болгож ялыг нэмэгдүүлсэн байна. Биеэ үнэлэхийг зохион байгуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарахаар зохицуулалт тусгасан байна.[24] Тиймээс тогтоолын энэхүү хэсэг хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
[1] Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/4-1247 дугаар албан бичиг.
[2] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/669 дугаар албан бичиг.
[3] Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/823 дугаар албан бичиг.
[4] Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1а/805 дугаар албан бичиг.
[5] Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/4-1247 дугаар албан бичиг.
[6] Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/4-1247 дугаар албан бичиг.
[7] Эрүүл мэндийн яамны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1а/805 дугаар албан бичиг.
[8] Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/4-1247 дугаар албан бичиг.
[9] Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/823 дугаар албан бичиг.
[10] Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн мэдээлэл.
[11] Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1а/945 дугаар албан бичиг.
[12] Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1а/945 дугаар албан бичиг.
[13] Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/823 дугаар албан бичиг
[14] Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/823 дугаар албан бичиг.
[15] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/669 дугаар албан бичиг.
[16] Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн мэдээлэл.
[17] Эрүүл мэндийн яамны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1а/805 дугаар албан бичиг.
[18] Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/823 дугаар албан бичиг.
[19] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02/419 дугаар албан бичиг.
[20] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02/419 дугаар албан бичиг.
[21]Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/4-1247 дугаар албан бичиг.
[22] Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 01/116 дугаар албан бичиг.
[23] Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 01/116 дугаар албан бичиг.
[24]Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/4-1247 дугаар албан бичиг.



Холбоотой мэдээлэл