Нийгэм


Өнгөрсөн оны зургаадугаар сард талийгаач охин гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан гэх мэдээлэл байна

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2020.09.22/ хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Есөн настай охин амь насаа алдсан золгүй явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуульчлан хориглосон. Хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн бүр заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. Талийгаач охин өмнө нь бас хүчирхийлэлд өртөж байсан талаар хорооны хамтарсан баг огт мэдээлээгүй. Анхан шатанд ажиллаж байгаа цагдаагийн ажилтан тухайн гэр бүлд анхаарал хандуулж ажиллаагүй байна.

Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард талийгаач охин алга болсон гэх дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байсан. Тухайн дуудлагыг шалгахад “Хүүхэд орон нутаг руу эмээтэйгээ утсаар ярих гэж дэлгүүр явсныг мэдээлсэн байна” гэж эцэг, эх нь хэлж байсан. Бид өчигдрөөс эхлэн талийгаач охинтой холбоотой мэдээллийг тодруулсан. Урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой. Урьдчилсан мэдээллээр талийгаач охин 12 настай эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр настай дүүтэй, ээж нь жирэмсэн гэх мэдээллийг ирүүлсэн.

Хамтарсан багийн бүтэц, чиг үүргийг хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд шуурхай арга хэмжээг авч, 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийх, дараагийн шатны байгууллагатай холбон жуучлах чиг үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн хорооны хамтарсан баг өрхийн мэдээлэлд анхаарч ажиллаагүй. Өнгөрсөн оны зургадугаар сард талийгаач охин ГССҮТ-д тоглож байгаад гараа гэмтээж, хорооны нийгмийн ажилтантай хамт хандаж байсан юм билээ.

Гэмтлийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тухайн үед “Талийгаач охины хавирга нь бороолж, эдгэж байна” гэдэг мэдээллийг өгч байсан. Нөгөө талаас 5000, 10 мянган хүн ам дунд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Хамгийн багадаа 700-800 орчим өрхтэй ажиллаж байгаа нь учир дутагдалтай байгаа.

Он гарсаар эрх нь зөрчигдсөн 9126 хүүхдэд хүүхэд хамгааллын хувийн хэрэг нээн, ажиллаж байна. Манай агентлагийн программд 2020 он гарсаар нийт 21.400 орчим хүүхэд эрсдлийн программд бүртгэгдэж, 7600 орчим хүүхэдтэй ажиллаж, хэргийг бүрэн шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр, 11 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. Энэ он гарсаар улсын хэмжээнд 1248 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ авсан. Агентлагийн дэргэдэх түр хамгаалах байраар наймдугаар сарын 30-ны байдлаар 0-18 хүртэлх насны 678 хүүхэд үйлчлүүлсэн. Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн зөрчил эрс нэмэгдсэн. Хүүхдийн тусламжийн 108 тусгай утсанд хандсан дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 4000-аар өсч, түр хамгаалах байраар үйлчилсэн хүүхдийн тоо 200 гаруй хүүхдээр өссөн үзүүлэлттэй байгаа. Улсын хэмжээнд хүүхдийн эрхийн долоон улсын ахлан байцаагч, 47 хүүхдийн эрхийн байцаагч ажиллаж байна. Он гарсаар 43 зөрчилд ажиллаж, 20 орчим зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлж ажилласан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар “Иргэн гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн бол мэдээлж болно” гэж тусгасан байдаг. Ингэснээр заавал мэдээлэх үүрэг хүлээхгүй ч төрийн байгууллагын ажилтан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын ажилтан заавал мэдээлэх үүрэгтэй байдаг.




Холбоотой мэдээлэл