Улс төр


Гурван бүлгийн тэрсүү үзэл

5 жил, 2 сар TIMES.MN
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ

Төсвийн тодотголын талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уншиж танилцуулсан. Өнөөдрийн чуулганаар төсвийн тодотголын гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхээр тогтлоо. Тэгвэл төсвийн тодотголын талаар намууд ямар байр суурьтай байгааг хүргэе.


МАН: Эрүүл бус хандлагаа засч залруулж дараах  шаардлагыг хэрэгжүүлэхийг санал болгож байна

-Нэгдсэн төсвийн орлого жилийн эцэст 1 их наяд орчим төгрөгөөр тасрах нь тодорхой байна. Харамсалтай нь төсвийн алдагдлыг дөнгөж 25,7 тэрбум төгрөгөөр бууруулан 1 их наяд 179 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй

 -Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого сүүлийн 3 жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Ийм байдалд хүрэхэд эрх баригч намын бодлогын алдаа гол нөлөөлөл үзүүлсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна


-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн жил гаруй хугацаанд 60 гаруй хувиар уналаа. Үүнийг дагаад ОХУ 49 хувиар, БНХАУ 41 хувиар, АНУ 16 хувиар, Хонконг 43 хувиар, Вьетнам 28 хувиар, Швед 29 хувиар, Герман 30 хувиар шатахууныхаа үнийг бууруулжээ. Гэтэл Монгол Улс импортын бензин, түлшний үнийг бууруулахгүй харин ч онцгой албан татвар болон гаалийн албан татварыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг нөхөх хуулийн төсөл өргөн барьж байгааг бид эрс эсэргүүцэж байна

-3000 орчим төрийн албан хаагчийнхаа цалинг 30 хүртэл хувиар бууруулж 1.8 тэрбумыг хэмнэх тухай ярьж байхад хогны ногоон уутанд 12.7 тэрбумыг, ажилладаггүй Рэйлбусанд 8 тэрбумыг, буцалтгүй тусламжид 1.2 тэрбумыг зарцуулж байгаа тухай шилэн дансаар ил болж үүнийг ард түмэн эрс эсэргүүцэж байна. Бид иймэрхүү тансаглал, буруу зарцуулсан мөнгөө хэмнэж ард түмний цалинг хасахын эсрэг байгаагаа албан ёсоор дахин дахин мэдэгдэж байна. 

-Энэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор тусгасан 90 тэрбум төгрөгийг эрх баригчид төсвийн тодотголдоо хасаж орууллаа. Тэр ч бүү хэл эдийн засгийн хямралд буруу өгч төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах санаачилга дэвшүүллээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. –т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь .... цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.

-Эдийн засгийн хямралтай үед төсвийг төвлөрүүлэн 2015 онд орон нутгийн хөгжлийн санд олгогдоогүй үлдсэн 40 тэрбум төгрөгийг улсын төсөвт үлдээн зарцуулах, цалингаас бусад тэвчиж болох тансаг хэрэглээ, урсгал зардлыг дахин 15-20 хувь бууруулах, сайд нараас бусад яам, агентлагийн албаны унаа унах эрхтэй албан тушаалтны  шатахууны зардлыг 100 хувь, гар утасны зардлыг 50 хувиар бууруулах  шаардлагатай гэж үзэж байна.

-Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилт 2013 онд 454 тэрбум төгрөгөөр, 2014 онд 352 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ. Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 хувьтай байна.           

-Төсвийн тодотголд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрийг 34,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 731,1 тэрбум төгрөгт хүргэсэн нь нэгдсэн төсвийн урсгал зардлын 12,7 хувьтай тэнцэж байна. Дөрөвхөн жилийн өмнө үүнээс 20 дахин бага мөнгийг өрийн төлбөрт өгч байв. Зээлийн хүүн дээр Засгийн газрын гадаад, дотоод зээл, үнэт цаасны үндсэн төлбөр болох 2,3 их наяд төгрөгийг нэмж тооцвол Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 50 орчим хувийг өр, зээлд өгөх нь тодорхой болжээ

-Засгийн газрын төсвийн тодотголоор 2015 онд гаргах Засгийн газрын үнэт цаасны хэмжээг дахин 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 2,8 их наяд төгрөг болгох хариуцлагагүй хуулийн төсөл өргөн барьжээ

- Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн алдагдлыг ДНБ-ийн 2-3 хувиас хэтрүүлэхгүй байхыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ШААРДАЖ байна


 АН: Улс төр, улс төр, улс төр гэсээр үндсэндээ Монгол ардын нам ажил хийлгэхгүй байгаад харамсч байна

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах зорилгоор Ардчилсан нам 2012 оноос эхлэн үйлдвэрлэлийг дэмжих олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд монголчууд импортын хараат байдлаа алхам алхмаар халж байна.

-Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна. Иймд 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцож, батлагдсан хэмжээг бууруулах, үүнтэй уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах замаар төсвийг тэнцвэржүүлэх шаардлага гэж үзэж байна

-Сүүлийн 5 жилийн дунджаар экспортын 90 гаруй хувь, эдийн засагт цэвэр дүнгээр орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байгаа. 

-Монгол ардын намын эрх барьж байсан үе буюу 2011 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 5.8, 2012 онд 6.8 хувьд хүрч байсан бол 2015 онд 5 хувь, 2016 онд 3.3, 2017 онд 0 хувь байх зорилтоор төсвийг бүрэн эрүүлжүүлэхээр ажиллаж байгаа нь Ардчилсан намын хийж буй төсвийн шинэчлэлийн бодлогын үр дүн юм

-2015 оны улсын төсөвт дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 6,354.7 ам.доллар байхаар тооцсон. Гэвч энэ оны эхний 8 сарын байдлаар зэсийн 5,768.5 ам.долларт хэлбэлзэж, төлөвлөснөөс 586.2 ам.доллараар буурчээ. 

-Засгийн газар хөөстэй тооноосоо татгалзаж орлого, зарлагыг бодитой тооцон 2015 оны нэгдсэн төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсоныг Ардчилсан намын бүлэг дэмжсэн болно. 

-Макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаснаар инфляци 2016-2018 онд 5-7 хувьд, ДНБ бодит өсөлт 7.5 хувийн голчтой, 6-9 хувийн тогтвортой байх нөхцөл бүрдэнэ

-Өмнөх он жилүүдэд, аж ахуй нэгжүүдэд зориулсан банкуудын мөнгийг Засгийн газар алдагдлаа санхүүжүүлэхээр зээлж, хувийн хэвшилдээ зээлийн орон зай үлдээдэггүй байсныг өөрчилж, төсвөө алдагдалгүй батлах замаар банк, санхүүгийн зах зээлээс авдаг 1-ээс 2 их наяд төгрөгийг хувийн хэвшилд очих боломжийг бүрдүүлэх нь зүйтэй 

-Төсвийн орлогын өсөлттэй уялдан 2010-2012 онд төсвийн урсгал зардал дунджаар 35-38 хувийн өсөлттэй байсан бол сүүлийн 2-3 жилд төсвийн гүйцэтгэлээр урсгал зардлын өсөлт буурч 9.4 хувьтай болсон байна

-Эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрчид, төрийн өндөр албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах саналыг бүлэг дэмжиж байна

 -Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг Монгол ардын нам 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс гэж өөрчлөхийг хүссэн нь угтаа Засгийн газрын тогтвортой байдлыг алдагдуулах, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэсэн 2016 оны сонгууль амдуулсан улс төрийн ядмаг оролдлого байлаа.

 Шудрага ёс эвсэл: Сонгуульд оролцох давуу нөхцөлийг бий болгох гэж 3.7 тэрбумыг нэмсэн атлаа иргэнийхээ цалинг хасч байна


-Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхдээ 8 сарын гүйцэтгэлд үндэслэн, төсвийн алдагдлыг оны эцэст 900 гаруй тэрбум төгрөгт хүрч тасрахаар байгаа тооцооллыг гаргаж, алдагдлыг багасгах зорилгоор татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замаар 400 тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан нь бодиттой бус гэж үзэж орлогын бусад боломжит эх үүсвэрүүдийг дайчилж ажиллах нь зүйтэй


- 2015 оны  төсөвт тодотгол  хийж урсгал зардлын хэмжээг -171.3 тэрбум төгрөгөөр бууруулахын зэрэгцээ зайлшгүй нэмэгдүүлэх зардлуудыг нэмж тусган тооцсны үр дүнд нийт урсгал зардлаас 43.9 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөхдөө, Төрийн улс төрийн албан тушаалтны цалинг нийтэд хавтгайруулан 30 хувь бууруулахаар оруулж ирж байгаа асуудлыг эргэн харж үзэх шаардлагатай 


-Албан хаагчдын цалинг бууруулахдаа бодит судалгаа тооцоон дээр үндэслэж, хийхгүй бол ард түмнээ ядуурал руу түлхэх алхам болно

-Тавилга, эд хогшлын урсгал зардлыг мөн 12 хувиар буюу 2.923.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлснээс үзэхэд төсвийн үрэлгэн зардлууд нэмэгдүүлсэн, төсвийн сахилга , хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаагүй байна гэж дүгнэхэд хүрч байна. 

-Хөрөнгө оруулалтыг 428 төсөл, арга хэмжээнд 381.6 тэрбум төгрөгийг төсөвлөж баталсныг энэ удаагийн тодотголд 422 төсөл арга хэмжээнд 356.4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр буюу батлагдсан түвшнээс 25.2 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн ч үр ашиг муутай, онцын шаардлагагүй зарим хөрөнгө оруулалтыг танах шаардлагатай

-Төрийн улстөрийн албан тушаалтны цалинг судалгаа тооцоон дээр үндэслэн ялгавартай хандах,Төрийн албаны тухай хуулийн 38-р зүйлийн 38.2 дахь заалтыг харгалзах үзэх

-Дотоод, гадаад томилолт, зочны зардал болон эд хогшлын урсгал зардлыг өмнөх баталсан түвшнээс нэмэхгүй байх


-Хангамж, бараа материалын зардлыг өмнөх баталсан түвшинээс 10 хувиар бууруулах


-Цаашид ирэх оны төсвийн жилд аймаг, нийслэлийн төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах

 

-Үр ашиг багатай зарим хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй байх саналыг гаргаж байна гэлээ.



Л.Ариун




Холбоотой мэдээлэл