Нийгэм


Д.Сарангэрэл: Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс болгоно

1 сар TIMES.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт баригдаж байгаа түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл өглөө.

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор тусгасан. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан. Энэ хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборууд баригдаж байна.

Тодруулбал, тус аймгийн Биндэр суманд Их хуралдай орд, Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө, Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажил өрнөж байгаа юм.

Мөн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллараар хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн энэ онд Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын нууц товчоо” цогцолборын ажил эхлээд байна.

Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусгаж, хүлээн авна гэдгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэллээ.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

Хэнтий аймгийн таван суманд зургаан томоохон бүтээн байгуулалтууд өрнөнө. Бид өнөөдөр гадна, дотоодын жуулчдад “Их эзэн Чингис хааны төрсөн газар нь энэ” гээд хоосон тал заагаад зогсож байгаа. Гэтэл зарим улсад "Эзэн Чингис хааны онгон энд байна" гээд бидний өмнөөс аялал жуулчлалыг хөгжүүлээд явж байна. Тийм учраас бид санаачлагтай ажиллах цаг үе нь ирсэн. Шүүмжлэл, дэвшлийн аль аль нь л байна байх. Эхний ээлжинд Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд төрийн бодлого тусгагдсан.

2019 онд 577 мянган жуулчин хүлээж авсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд энэ тоог 1 сая болгох зорилт тавьж ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байгаа ч буцаад сэргэх төлөвтэй байгаа. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг энэ зарчмаар бид жуулчдыг хүлээж авах бэлтгэл ажлаа маш сайн хангах шаардлагатай. Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархсан. Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 30 саяд хүрч, 1 сая хүн нас барсан. Манай улсын хувьд халдвар авсан 300 гаруй тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч 10 гаруй хүнээс бусад бүгд эмчлэгдээд гарсан. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын өгч байгаа мэдээллээр жуулчдын сэтгэл зүйн хандлагад судалгаа хийхэд аль болох халдварын голомт гараагүй орнуудад түлхүү аялах хандлага ажиглагдаж байгаа гэсэн.

Өөрөөр хэлбэл, хүн амынх нь дунд халдвар тархаагүй орнууд аялал жуулчлалаа хөгжүүлэх жоохон ч гэсэн давуу тал бий болж байна. Энэ давуу талаа бид боломж гэж харах хэрэгтэй. Унаган дагшин байгаль, эзэн Чингис хааны маань үүх түүх, дурсгал бол түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн гол хөшүүрэг, бааз суурь нь.

Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хаан цогцолбор байгуулагдана. Зураг төсөл нь хийгдэж байгаа. Газар нутгийн хувьд тодорхой болсон. Бид газар дээр нь очиж ажилласан. Чингис хаан цогцолборыг байгуулах газрыг түүхчид, судлаачид, эрдэмтэн мэргэд байршлыг нь сонгосон.

Дараагийн бүтээн байгуулалт болох Их Хуралдай цогцолбор олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулсан. Газар дээр нь очоод үзэхэд уран барималчид, сийлбэрчид, түүхчид оролцсон томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа юм билээ. Мөн Хэнтий аймгийн Батноров суманд Андын нөхөрлөл цогцолбор, Өндөрхаан суманд Нууц товчоо цогцолбор, Норовлин суманд Их засаг хууль буюу Шихихутаг цогцолбор тус тус баригдаж, 2024 он гэхэд эдгээр цогцолбор ашиглалтад орно.

"ХӨВСГӨЛ АЙМГИЙГ БАЙГАЛИЙН, ХЭНТИЙ АЙМГИЙГ ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОНО"

Санхүүжилтийн хувьд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй 38 сая ам.долларын хүрээнд Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгоно. Мөн түнш байгууллагууд, орон нутаг ,төсвийн дэмжлэгтэйгээр дээрх бүтээн байгуулалтууд өрнөнө. Хамгийн гол нь монголчууд бидний түүхэн бахархалт цогцолборууд бий болно гэж ойлгох хэрэгтэй. Залуучууд, хойч үе маань түүхээ мэддэг, хайрладаг болох эх оронч хандлага, сэтгэлзүйг бэлдэхэд том нөлөө болох бүтээн байгуулалтууд болно.

БОАЖЯ-НЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА С.БАЯСГАЛАН:

"Монгол Улс 2024 он гэхэд жилд 1 сая жуулчин хүлээж авна гэж зорилт тавьсан. Түүхэн аялал жуулчлалын бүс нутагт аялах жуулчдын тоо 2024 он гэхэд 110 мянгад хүрч жилдээ тус бүс нутагт эдийн засгийн үр өгөөж нь 50 сая ам.долларт хүрэх боломжтой. Өнөөдөр бид 19 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтыг барьж байгаа хэдий ч ашиглалтад орсны дараа нь жилдээ 50 сая ам.доллароос илүү ашиг олно. 450 орчим ажлын байр, дам байдлаар 3 мянга орчим иргэний амьжиргааг дээшлүүлэх боломж бүрдэнэ" гэлээ.

Түүнчлэн аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч 2019 онд хөтөч, жолооч, бармен гээд есөн ажлын байран дээр дүрэм гаргаж, тохирсон ажлын байрны сургалтын хөтөлбөр гаргаж, 10 мянга гаруй хүнийг нийслэл орон нутагт сургажээ.

Энэ жил 16 орчим мянган хүнд сургалт хийхээр төлөвлөсөн байсан. БНСУ-ын Засгийн газрын 5.5 сая воннын буцалтгүй тусламжаар аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулах ажлыг энэ онд эхлүүлээд, 2022 онд ашиглалтад оруулна.




Холбоотой мэдээлэл