Улс төр


Женкогийн "баруун гарыг" баривчилсны учир...

5 жил, 2 сар TIMES.MN

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг хууль хяналтын байгууллагынхан бямба гаригийн үүрээр   гэрээс нь баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнээс эхний ээлжинд байцаалт авах аж.

 

Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар өмнө нь ажиллаж байсан билээ. Тэрээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилд оролцогчийг сонгон шалгаруулахад ажил үүргийн хуваарийн дагуу оролцож байсан нэгэн.  

Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн  хоёр захирлыг  хилээр гарах үед нь баривчилсан гэх мэдээлэл ч байна.

 

Тодруулбал, “Самсунг СТ” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр цацагдаж байсан билээ. Хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа аж. “Чингис” бондны хөрөнгөнөөс 200 гаруй сая долларыг төмөр замын ажилд зарцуулаад буй билээ. Одоогоор хийгдсэн ажил гэвэл овоолсон хэдэн нүх үлдсэн гэх. 


"Самсунг СТ” нь 2012 оны 12 дугаар сарын 26-нд шинээр байгуулагдсан гэнэ. Гэтэл тендерийн 2012 оны аравдугаар сард шалгаруулсан гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ нотлогдвол байгуулагдаа ч үгүй компанийг тендерт шалгаруулж өгсөн болж таарах нь. 

БНСУ-д бүртгэлтэй, Samsung C&T engineering, construction group  гэж бий. Энэ компанийн хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтад Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замыг барих ажлыг гүйцэтгэж байгаа  гэх мэдээлэл алга байгаа  нь эргэлзээ төрүүлж, шалгалт оруулахад хүрчээ. Энэ групп нь Монголд "Mobgolia Shangri-La Hotel- гэсэн төсөл дээр гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Орчин үеийн шинэлэг шийдэл бүхий буудлыг барих ажлыг дээрх групп хариуцаж маш нарийн шалгуур, хяналтын дагуу ажлаа явуулдаг байна. Барилгын засварын ажлыг л гэхэд өглөө 07.30 -аас эхлүүлж, ажлаа эхлэхээсээ өмнө хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар сургалт, таниулга хийдэг гэх. Тэгэхээр  “Самсунг СТ” тус группын эзэмшлийнх үү, үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай юм. 


“Монголын төмөр зам” ТӨХК “Самсунг СТ” компанийн хооронд байгуулсан гэрээний өртөг нь 483 сая ам.доллар аж.  Гэхдээ гэрээндээ туслан гүйцэтгэгч нарыг тендер шалгаруулахгүйгээр ажиллуулна гэж тусгасан нь анхаарал татаж буй юм. 

Монголд үйлчилж байгаа хуулийн дагуу бол 30 сая төгрөгөөс дээш өртөг бүхий ажлыг тендер зарлаж сонгон шалгаруулах журамтай. 


Гэтэл Чингис бондын мөнгөнөөс л гэхэд 199 сая ам.долларыг “Самсунг СТ” компанийн дансанд шилжүүлж, туслан гүйцэтгэгч гэх 13 компанид хөрс хуулах  ажилд 65 сая ам.долларыг өгчээ. Үлдсэн 134 сая ам.долларыг дээрх компаниудад  шилжүүлээгүй аж. Тэгэхээр энэ мөнгө хаачив гэдэг хэргийг шалгах нэг үндэслэл болсон бололтой. 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 2 сар гаруй мөшгисний эцэст эхний ээлжинд Б.Батзаяаг баривчлаад байгаа юм байна. 

“Самсунг СТ” компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсгийг Монголын нэр бүхий хүний  дансанд шилжүүлсэн хуулгыг ч цагдаагийнхан гартаа оруулжээ. 

Энэ залуу Женко Х.Баттулгын баруун гар гэгддэг. Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад, 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг Олон улсын холбоонд элсэж, бүх шатны сургалтуудыг нь дүүргээд, олон улсын сургагч багш болсон, 2000 онд гэрээт харуулын компани байгуулж, “Женко” болон түүний охин компаниудын хамгаалалтыг хариуцах болжээ. Бие хамгаалагчаас төрийн нарийн бичгийн дарга болтлоо суга дэвшсэн нэгэн билээ. Олон жил Женкод зүтгэж буй нэгэн.   Х.Баттулга Зам тээврийн сайд болоод "баруун гар"-аа албан тушаалд томилж байлаа. "Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан  гэдгээ ч нуудаггүй. 

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад “МоАХ” фракцийн А.Гансүх Зам, тээврийн сайдаар томилогдоод Б.Батзаяаг тус Яамны Төрийн нарийн бичгийн дарга болгосон удаатай. Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зам, тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг “ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” хэмээн зэмлэж, сануулж, цалинг нь тодорхой хувиар хасч байсан. Дараагаар нь  2014  оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Б.Батзаяаг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.  


Б.Батзаяагаас гадна "Шинэ төмөр зам" төслийн ахлагчаар ажиллаж байсан Ч.Ганбатыг ч хуулийнхан овоо хараандаа оруулсан бололтой. Учир энэ эрхэм өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байжээ. 

Энэ хэргийг цааш мөрдвөл УИХ-ын гишүүн Х.Баттулга ч татагдаж болзошгүй юм. 




Холбоотой мэдээлэл