2020,8-Р Сар ,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

1 сар, 1 долоо хоног TIMES.MN
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, олон жилийн найрсаг харилцаатай хөрш хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан санал солилцлоо.



Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Элчин сайд И.К.Азизовт хандаж, хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж явдгаа илэрхийлээд найрсаг харилцаагаа улам өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа тэмцэглэлээ. Сайд Л.Халтар Азийн авто замын сүлжээний AH-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замаар улс хоорондын автотээвэрлэлтийг эхлүүлэх, өнгөрөгч 3 дугаар сард шинээр нээсэн Улаангом-Кызыл чиглэлийн агаарын шинэ хаалгаар тогтмол нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах, цаашид хэрэгжүүлэх шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллах, Наушки өртөөний тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлтэд онцгой анхаарах зэрэг хэд хэдэн тодорхой саналыг танилцуулж, дэмжин ажиллахыг хүсэв.



Тодруулбал, Азийн авто замын AH-4 сүлжээнд хамаарах Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто зам хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, Ази, Европыг автотээврээр холбосон бас нэг гарц нэмэгдэх боломж бүрдэх юм.
Мөн ОХУ-ын төмөр замын Наушки өртөөний галт тэрэг хүлээн авах хүчин чадал хангалтгүйн улмаас хилийн төмөр замын хамтарсан зөвлөгөөний протоколд тусгасан тоо хэмжээнд хүрэхгүй байгаа. Иймд “Оросын төмөр замууд” НХН болон холбогдох бусад байгууллагуудад уламжлан Наушки өртөөний хүчин чадлыг Монгол Улсын Сүхбаатар өртөөний хүчин чадалтай уялдуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Монгол, Оросын найрамдалт харилцааны томоохон бэлгэ тэмдэг болсон УБТЗ ХНН-ийн вагон, хөдлөх бүрэлдэхүүн, гол замын шинэчлэлд анхаарч ажиллахыг хүслээ.



Элчин сайд И.К.Азизов Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж дуусахаар Монгол, Орос, Хятад гурван улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын автотээвэрлэлтийг эхлүүлэх талаар Оросын талд мэдэгдэхээ тэмдэглэв. Мөн Улаангом-Кызыл чиглэлд туршилтын нислэг амжилттай гүйцэтгэсэн талаар онцолж, одоогоор шууд нислэг үйлдэхэд бэлэн болсон ч covid-19 цар тахалтай холбоотойгоор хойшилж, эргээд байдал хэвийн болоход дээрх чиглэлийн шууд нислэгийг үйлдэж эхлэхэд бэлэн байгааг танилцуулав.
Түүнчлэн Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлт, гол замын их засварт онцгой анхаарч ажиллахаа тэмдэглээд Монгол Улсад хэрэгжүүлж буй шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.