Улс төр


А.Ариунзаяа: Монгол Улсын хүн амын нийт 24.5 хувь ядууралтай тоон үзүүлэлт гарсан

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын зарим гишүүн өнөөдөр нийслэлд ажиллаж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зөвшилцөх уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм.

 Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн 2016-2020 онд  боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын чиглэлээр нийслэлд  хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтыг мэдээллэхийн сацуу тулгамдаж буй зарим асуудлыг ч хөндөж байв. Тэрбээр салбарын яамдтай нягт хамтарч ажиллах саналтай байгаагаа дуулгаад, цаашид улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын төлөвлөгөөг гаргах хамтарсан ажлын хэсэг ажиллах нь чухал байгааг онцлон хэлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “ Монгол Улсын хүн амын нийт 24.5 хувь ядууралтай тоон үзүүлэлт гарсан. Энэ нь халамжийн бодлогын тогтолцоог өөрчилж, залууст хөдөлмөрлөх бололцоог нэмэгдүүлэх ёстой гэж харж байна. Боловсролын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлтэй нийцүүлэн харилцан уялдаа холбоотой бодлого баримтлахгүй бол Монгол Улсад бүртгэлтэй ажил хайгч залуусын тоо нэмэгдсээр байна. Ядууралтай тэмцэх хамгийн гол арга нь нэгдүгээрт боловсрол. Хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт хөдөлмөр эрхлэлт. Дипломтой ажилгүй хүмүүсээс илүү мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхийн тулд МСҮТ-ийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт олгох, иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх зэрэг олон ажилд хамтын ажиллагаа үнэ цэнэтэй ” хэмээлээ.

 Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дүүрэг, хороодын өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаад, нийслэлийн удирдлагуудаас эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч өгөхийг хүссэн юм.

 Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн боловсролын салбарт тулгамдаж буй зарим асуудлын талаар нухацтай авч үзэхийг нийслэлийн холбогдох албаныханд сануулаад цаашид яамны зүгээс харилцан уялдаатай хамтарч ажиллахаа илэрхийлж байв.

 Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Р.Дагва Засгийн газрын гишүүдийг нийслэлийн удирдлагуудтай уулзаж, иргэдийн ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө уялдаа холбоогоо сайжруулан ажиллаж буйд талархаж буйгаа хэлсэн юм. Цаашид  бодлогын түвшинд, хөрөнгө оруулалтын чиглэлээр төвлөрч ажиллаж, сахилга  хариуцлага, эдийн засгийн үр өгөөжийг ямагт дээшлүүлэхэд хаана хаанаа анхаарч ажиллахыг уриалсан юм.




Холбоотой мэдээлэл