Нийгэм


Бадарчийн Мөнхбат: Монгол адуу Монгол түмний ДАРХЛАА

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Бадарчийн  Мөнхбат


  • 1994 онд Сүхбаатар аймгийн 2-р 10-н жилийн дунд сургуулийн 10-р анги төгссөн
  • 1994-1998 онд УБИС-ийн Урлал техникийн ангийг Технологи, зураг зүйн багш мэргэжлээр
  • 2000-2003 онд Отгонтэнгэр” ИС-ийн Эрх зүйч мэргэжлээр
  • 2010-2012 онд Улаанбаатар Эрдэм их сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийг тус тус төгссөн.

 

Төрийн байгууллагад ажилласан туршлага:

 

  • 2007-2016 онд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэнХяналтын улсын байцаагч, Захиргааны ахлах мэргэжилтэн, албаны дарга зэрэг ажлуудыг хийж байсан.
  • 2017 оноос одоог хүртэл Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.

 

Төрийн бус байгууллагад ажилласан туршлага:

 

  • 2006-2012 онд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2007-2014 онд Жавхлант шарга 94 клубын тэргүүнээр, 2014 оноос одоог хүртэл тэргүүлэгч гишүүнээр тус тус ажиллаж байна.

  • 2013 оноос Жавхлант шарга уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна.

Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн  нутгийн зөвлөлийн  нарийн бичгийн даргаар 2006-2012 онд амжилттай ажилласан. Энэ хугацаандаа  нутгаас төрөн гарсан эрдэмтэд, улс төрчид, бизнесменүүдийг нэгтгэх, нутгийнхаа төлөө хамтран ажиллах гарааг эхлүүлж сум бүрт  Нутгийн зөвлөлийг бусад гурван аймагт нтус тус байгуулж тэднийг зангидаж олон сайхан ажлуудыг  зохион байгуулсан.


Жил бүр улс, эх орондоо салбар салбарт тэргүүлж манлайлсан “Шилдгүүдийг  шалгаруулах арга хэмжээ”-г тогтмол зохион байгуулснаас гадна  аймаг, сумдынхаа  түүхт ой болон  “Алтан дарь овоо”-ны  төрийн их тахилгыг  зохион байгуулах  хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг нутгийн зөвлөлүүд бүрдүүлж аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд  хувь нэмрээ оруулж ирсэн. Энэхүү хугацаанд Ажил хэрэгч бизнес залуучуудын уулзалт, Алтан овоо шилийн богд хамтарсан урлагын тоглолт, Ялалтын баярын өдрөөр Боулингийн тэмцээн, Үе үеийнхний дунд сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг нийгэт рүү хандсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн.

 

2006 онд аймаг, орон нутгаас  төрж гарсан  урлаг соёлын  алдартнуудыг болон  шилдэг улс, бизнесменүүд, аймагтаа ажиллаж буй  аж ахуйн нэгж, байгууллага, компаниудын үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлан таниулах  зорилгоор нутгий “Жавхлант шарга” сэтгүүлийг  санаачлан гаргаж   үүсгэн байгуулагчдын дэмжлэгээр  өнөөдрийг хүртэл  олон нийтэд хүргэсээр байна.

2006 онд  үеийн залуусаа нэгтгэн “Жавхлант шарга” клубыг байгуулж, жил жилийн төгсөгчдийг дэмжин Улсын 2-р олимпиадийн шилдэг сурагч багш нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах зарим сурагчдыг Улаанбаатар хотод дараагын шатанд бэлдүүлэх, оюутнуудад урлаг, спортын уралдаан тэмцээнд бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн  дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж ирснээс гадна сүүлийн жилүүдэд  хөдөөгийн малчдаа  дэмжих тэдэнд урам зориг өгөх үүднээс үүднээс  клубын   нэрэмжит морины уралдааныг тогтмол зохион байгуулж  байна. 


Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын ажлыг хүлээн авснаас хойш  хурлын байгууллагын үндсэн ажлын зэрэгцээ Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгох ажлыг  санаачлан  тэргүүлэгчдийн хурлаар хөтөлбөр батлуулан  холбогдох ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  2018, 2019 онд Дарьганга суманд   “Агтана хүрээт” хүлэгч эрсийн  Олон улсын   гэрэл зургийн  наадмыг хийж:


  • Монгол адууг дагасан биет болон  биет бус өв”-ийг түгээн дэлгэрүүлэх түүнийг  гэрэл зургаар дамжуулан олон улсын хэмжээнд хүргэх  зэрэг орон нутгаа сурталчлан таниулах хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх үр дүнтэй ажлын нэг болсон.

  • Бэлчээрийн даац малын тоо толгойг зохистой хэмжээнд байлгахын тулд Мөнгөн Унага хэмээх хурлын даргын нэрмэжит шагналыг бий болгосон, Дарьганга өв уламжлалыг сэргээн Дартганга эхнэрийн хувцасыг орчин үеийн хэв маягт оруулах уралдаан зарлаж дүгнэсэн, Аймгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн, гэрэл зурагчдын үзэсгэлэнг тус тус гаргасан.

  • Мөн нйитийн соёлыг түгээх үүднээс Дарьгангын тойрон бүжгийн уралдааныг 13 н суманд зохион байгуулан аймгийн аварга зохиох, шинэ ая дан бүтээх ажлууд хийгдэж байна.

            Хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны төр захиргааны байгууллагуудтай  уялдаа холбоотой хамтран ажиллах гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллаж  тус аймагт шинээр байгуулагдсан усан бассейн төв болон төрийн захиргаан  байгууллагын  материаллаг баазыг  бэхжүүлэхэд  800 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг  аймаг, орон нутагтаа татан төвлөрүүлэхэд  хувь нэмрээ оруулсан.


Аймгийн ИТХ-ын ажлын албыг  өргөжүүлэх, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах, чадавхижуулах сайн туршлага солилцох, “Төлөөлөгч нэг өдөр” зэрэг арга хэмжээг  амжилттай зохион байгуулж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргын хувьд хуулийн байгууллагуудтайгаа уялдаа холбоотой хамтарч ажиллан камержуулах, аюулгүй байдлыг хангах тал дээр ажиллаж байна.


Нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн  асуудалд анхаарч Улаанбаатар хотын  томоохон эмнэлэгүүдээс гавъяат эмч Ж.Чинбүрэнгээр ахлуулсан мэргэшсэн чадварлаг эмч нарын  баг урьж орон нутагтаа урьдчилан сэргийлэх, оношлох,  илрүүлэх ажлыг  шат дараалан  хийж байна. Оны шилдэг эмч сувилагчийг тус бүр 500,000 төгрөгөөр шагнаж, 10р ангийн төгсөгч нарын хамт төрөх тасагт найман сая төгрөгний тоног иөхөөрөмж хандивлаж байсан.


КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэхэд  зориулж  анд найзуудын хамт аймгийн онцгой комисст хандив, аймгийн нэгдсэн эмнэлэгт 300 ширхэг зориулалтын хувцас  тус тус хандивласан. Малчдын нийгмийн асуудлаар нэвтрүүлэг хийж тэдний дуу хоолой болж төр засагт хүргэх эрүүл мэнд нийгмийн асуудлаар олон нийтэд хүргэж ажиллаж байна.

 

Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Энэ жилийн баяр наадмаар танай аймагт хэдэн насны морь уралдах вэ? Эрлийз монгол адуугаа яаж ялгах вэ?


-Сайхан зусаж байна. Энэ жилийн хувьд манай аймгийн баяр наадмаар зургаан насны морьд уралдана. Уралдах морьдоо сэрвээний өндрөөр  ч үүлдэрлэг байдлаар ч аль алинаар нь л харна.


-Үүлдэрлэг байдлаар ялгахад маргаан их гарна биз?


-Тиймээ. Сүүлийн хэдэн жилд эрлийз монгол адууг ялгахад ер нь л их л асуудалтай болсон. Хаана ч, ямар ч наадам дээр гомдол их гардаг.


-Танай аймаг монгол адууны өв соёлын төв болох зорилт тавиад ажиллаж байгаа. Иймээс монгол адуугаа ялгах тал дээр найдвартай аргачлал олсон уу?


-Манайх Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбоотой  хамтраад 1500 орчим монгол адуунаас ДНК-гийн  шинжилгээ авч, монгол адууны ДНК-г гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.  Дараа нь уралдах морьдынхоо  цусны шинжилгээг аваад тухайн адуу монгол адуу мөн үү, биш үү гэдгийг тогтоож болно. Бид энэ талаар Чинбүрэн эмчтэй зөвлөлдсөн байгаа. ДНК-аараа 90 хувиас дээшээ монгол талдаа байвал монгол адуу гэж үзнэ гэдэг зүйл  яриад байгаа.


-Энэ арга хэр бодит үндэслэлтэй вэ?


-Үндэслэлтэй юм байна лээ. Эхлээд бид монгол адуу, англи адуу, араб адууны ДНК-г ялгаад тогтоочих юм бол дараа нь цусны шинжилгээ аваад ялгачихна.


-Танай аймагт адууны цус сэлбэх ажил хэр их явагдаж байна? Хүмүүс “Сүхбаатарынхан бүгд нэг нэг эрлийз азарга гаднаа уячихсан байдаг” гэж ярьдаг ш дээ… Хөдөөнийхөн маань бүгд хурдан морьдоо эрлийз болгочихсон уу?


-Манай аймгийн зарим мундаг уяачид “бүх адуугаа эрлийзжүүлбэл өвөл хаврын хүнд үеийг давахгүй” гэж ярьдаг. Хэрвээ адуугаа эрлийзжүүлбэл тодорхой тоонд барина гэсэн бодолтой уяачид олон байна. Морин тойруулгын уралдааны хууль журам нь  гарчих юм бол цэвэр цусны морьдоороо тойргоороо уралдаад, харин нөгөө хэсэг нь монгол адуугаараа, уламжлал ёсоороо монгол наадмаа хийх хэрэгтэй байхаа. Харин одоо зарим нь эрлийз гурван насны ангилалтай  уралдаан байсаар байхад түүндээ уралдахгүй, монгол адууны уралдаанд зүтгээд байгаа нь харамсалтай байна л даа. Тэгэхээр монгол адуутай уяачдыг байх газаргүй болгоод хумиад байна гээд хөдөө орон нутгийн уяачид маань дургүйцээд байгаа ш дээ. Үүнд л хөдөө орон нутгийн  уяачид маань эмзэглээд байдаг юм. Мөн нөгөө талаасаа хичнээн сайн  монгол морьтой хүн байгаад  улсынхаа баяр наадамд уралдуулах гэхээр эрлийз морьтой уралдаад хөлгүй болчихно гэж эмээдэг, монгол адуугаараа уралдаад түрүүлж, айрагдана гэсэн итгэл үнэмшилгүй болсон байна.  Эрлийз адуу хэт их олширвол манай улсад их хохиролтой. Нэг эрлийз адуу  монгол адуунаас гурав дахин их өвс тэжээл хэрэглэх жишээтэй. Зарим нь гарал үүсэл нь тодорхойгүй адуу авч ирээд адууныхаа чанарыг улам дордуулдаг. Хэт олон адуу тэжээснээс болоод хэд дахин их өвс бэлдэх, хадлан хадах шаардлага тулгарч байна. Өвсийг хадаад байх тусам л дараа жилийн гарц нь багасаад байдаг. Өмнө нь бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумуудаар  явж байхад бог мал байтугай  хүн  харагдахааргүй тийм сайхан өндөр өвстэй байдаг байсан. Одоо тийм өвс байхгүй болсон. Сайндаа л арав, хорин см өндөр ургаж, төрөл нь багасаад ирэхээр бэлчээр нь хомсдож, малын шинэ өвчнүүд гарч ирж байна. Маш олон төрлийн эмийн ургамал иддэг байсан мал сүрэг маань цөөхөн төрлийн ургамал иддэг болсноор эрдсийн дутагдалд орж, ясны сийрэгжилт, кальцийн дутагдал гэх мэт урьд өмнө нь огт байгаагүй шинэ өвчний онош тавигдах боллоо. Мөн дээр нь баруун аймгуудаас мал аж ахуй шахагдсаар байгаад зүүн аймагт суурьшаад байна ш дээ. Төв аймаг, Увс аймаг гэх мэт олон аймгийн малчид, уяачид малаа аваад манай аймгийн аль л бэлчээр сайтай гэсэн газарт сууршиж, нутгийн малчин ардад хүндрэл үүсгэж байдаг.


-Танай аймгийн удирдлагуудын зүгээс бэлчээрээ хамгаалах тал дээр  ямар бодлого барьдаг вэ?


-Сүүлийн жилүүдэд хүмүүс малынхаа тоо толгойг олон болгох гэж хэтэрхий их хөөцөлддөг болсон. Учир нь төр засгаас олгож байгаа шагнал урамшуулалууд нь малын тоо толгойг өсгөхийг дэмжсэн, тоонд тулгуурласан байдаг болохоор энэнээсээ болоод улсын аварга, сайн малчин болох хүмүүс тооны хойноос хөөцөлддөг болсон байна. Энэ нь өөрөө малыг хэт олон болгож, бэлчээрийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байгаа хүчин зүйл болсон. Тиймээс бид бүхэн үүний эсрэг  бодлогоор тэмцэж байна. Ашиг шим сайтай  мал аж ахуйг дэмжиж, дээр нь монгол өв соёлоо уламжлан тээж яваа айлуудад зориулж ИТХ-ынхаа нэрэмжит “Мөнгөн унага” гээд шагналыг өгч байгаа.  Жишээлбэл, танай сэтгүүлийн өмнөх сарын дугаарт зураг нь гарсан Бадрал гээд залуугийн өвөг дээдэс нь бүгд хурдан адуу ихтэй, адуучин, уяач хүмүүс байдаг. Нэг их олон малгүй ч гэсэн тэд зөвхөн чанартай адууны төлөө л явдаг хүмүүс. Тиймээс бид ИТХ-аасаа шийдвэр гаргаж, цөөн тооны чанартай мал сүрэг өсгөж байгаа  малчдаа бодлогоор дэмжиж, энэ шагналыг гаргасан. Төр засгаас урамшууллынхаа системийг өөрөөр шийдмээр байгаа юм. Бэлчээрийг хувьчилж болохгүй гэж боддог. Тиймээс  бэлчээрээ зүй зохистой ашиглахад төрийн зөв менежмент хэрэгтэй.


-Бэлчээрийн даац хэтэрсэн, хэтэрхий олон малтай байхад махны үнэ тэнгэрт хадаж байгаа энэ үед  аймгуудад мах бэлтгэх квот өгч үнийг зохих түвшинд барихаар зохицуулж болох уу? Хөвсгөлийн засаг дарга мах бэлтгэх квот өгвөл бэлтгэж чадна гэж ярьж байсан…


-Тийм бодлогоор зохицуулалт хийвэл дэмжинэ ш дээ. Манай аймаг урд хөрштэйгөө хил залгадаг болохоор гадагшаа мал гаргаж байх үед  малчдын маань амьдрал нүдэн дээр л өссөн. Малчид маань өр зээлнээсээ чөлөөлөгдөөд, машин, мотоцикл, байр худалдаж аваад, үр хүүхдээ тусад нь гаргах нь гаргаад, их л сайхан болж байтал мал, мах гаргахыг хориглосон. Манайхны дунд монголын мал Хаан банкинд байгаа гэдэг үг байдаг ш дээ. Энэ үг үнэний ортой. Хэрвээ  аймгуудын малчдын малыг квотоор бэлтгэж, жилдээ тэдэн тонн мах гаргана гэх мэтчилэн төлөвлөөд мах бэлтгэвэл махны үнийг зохистой түвшинд барьж чадна. Хэрвээ малын тоо толгой буурах хандлагатай болбол квотоо бууруулдаг ч юм уу, тиймэрхүү зохицуулалт хийж болно ш дээ. Үүн дээр төрийн зөв бодлого хэрэгтэй. Хонь гэхэд л зургаа долоохон жил насладаг мал болохоор амархан хөгширдөг. Тиймээс  заавал гадаад, дотоодод эргэлтэнд оруулах нь зөв. Тэгж байж л монгол малын мах дэлхийд өрсөлдөх хэмжээний чанартай мах гэдгээ харуулна. Малчдын хөдөлмөр ч гэсэн үнэлэгдэнэ. Жилийн дөрвөн улиралд цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд мал маллаж амьдарна гэдэг амаргүй ажил.  Үнэгүй, хямдхан зүйлд  монгол малчид маань бүх насаа зориулж болохгүй. Мах, сүү, цагаан идээ, малаас гардаг бүх зүйл нь үнэ цэнэтэй байх ёстой. Тэгж байж л малчдын маань амьдрал утга учиртай болно. Үүн дээр төрөөс дэмжсэн бодлого хэрэгтэй байна.


-Сүхбаатар аймгийн адуу улс даяараа брэнд болсон. Гэхдээ бас хонины мах нь өвөрмөц амттай. Бас л брэнд. Одоо хониныхоо махны чанарыг малчид маань хэр хадгалж байна?


-Тийм ээ. Бас л нөгөө олон төрлийн эмийн ургамал  иддэг хонины мах бусад газрынхаас хамаагүй илүү чанартай байдаг. Гэтэл тэр сайхан бэлчээр маань одоо талхлагдаад дуусах нь. Ер нь мал үнэд орох тусам л махаа ангилж, зэрэглэдэг болох  хэрэгтэй. Нэдүгээр зэрэг нь тэдэн төгрөг, хоёрдугаар зэрэг нь тэдэн төгрөг гэх мэтчилэн тогтоож өгдөг байх хэрэгтэй. Малын мах үнэд орсноор дайвар бүтээгдэхүүнүүд хэрэглэгддэг болсон. Өмнө нь бол хогийн цэгийн гуравны нэгд нь малын сэг зэм хаягддаг байсан. Одоо байдал өөрчлөгдсөн. Малын тархинаас ямар бүтээгдэхүүн гаргаж болох уу. Ясаар нь нохойн хоол  хийж болох юм байна, дотор өөхөөр нь хятадад хүнсний тос болон саван хийдэг юм байна гэх мэтчилэн дайвар бүтээгдэхүүний эрэлт өсөж, үнэ нь нэмэгдэнэ. Ер нь мал үнэд орвол  дагаад бүх зүйл нь үнэтэй болно. Хятадууд гүүний эхэсийг гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхээр авая гэж байна. Энэ мэт олон зүйлийг гадагшаа гаргаж, зах зээлээ олж болж байна. Манай аймагт махаа пакетлаад, сортлоод зарж эхэлж байна. Үүнийг дагаад зөндөө бизнес хөгжих боломжтой. Гэрээт малчид, бизнесменүүд бий болно. Энэ мэтээр хөгжлийнхөө зам руу орж байтал гадагшаа мах гаргахыг зогсоогоод хаячихаж байгаа юм. Шалтгаан нь цахим орчны шуугианаас  ч юм уу, эсвэл зарим хүмүүсийн ашиг сонирхлоос  болсон байдаг. Мөн цахим орчны шуугианаас болоод бусад салбарт ч хүндрэл их учирч  байгааг хаа хаанаа бодох л хэрэгтэй.


-Өмнө нь хадсан өвсний бизнест хүндрэл гарч байсан бил үү?


-Тэгсэн. Хятадууд  манайхаас өвс авах гэрээ хийгээд  ХХААЯ-наас болон бүх газраас зөвшөөрлөө авчихсан байсан. Тэгээд яг өвсөө хадаад дуусаад бэлэн болоод гаргах гэтэл сошиалаар цуурагсад “Хамаг нандин өвсөө Хятад руу өгөх нь” гээд баахан шуугисан. Тэгээд хэдэн зуун тонн өвсийг Бичигтийн боомт дээр гацаасанаас болоод өвөрмонгол болон хэдэн хятад бизнесменүүд бүгдээрээ дампуурсан ш дээ. Тэр хүмүүс монголын засгийн газарт итгээд хэдэн тэрбумаар нь өр зээл тавиад үнэтэй техник авчихсан байсан. Буудлын эзэн нь буудалгүй болсон. Дэлгүүрийн эзэн нь дэлгүүргүй болсон. Энэ мэт төрийн бодлого тогтворгүй байгаагаас  бусдыг ч бас хохироож байгаа юм.

-Хил дагасан аймгуудад хятад хүмүүс мал маллаж байна гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Манай аймагт ийм огт асуудал байхгүй. Ер нь цахим орчны буруу давалгаанд л учир байгаа юм. Хятадууд Сүхбаатар аймагт мал маллаад мянган юань хүрэхгүй цалин аваад ажиллана гэдэг худлаа зүйл. Харин манайхан Өвөрмонголд очоод мал малладаг. Манай Эрдэнэцагаанаас малчид урагшаа гараад мал маллахад хамгийн багадаа 3000 юанийн цалин авдаг. Энэ нь монгол мөнгөөр 1200000 мянган төгрөг юм л даа. Тийм болохоор Хятадууд Монголд ирээд хэзээ ч мал хариулахгүй л дээ. Энэ бол худлаа мэдээлэл. Ер хүмүүс цахимаар авч байгаа мэдээлэлдээ цензуртай хандаж байх хэрэгтэй. Худал зүйлд итгэх гээд байдаг. Тиймээс ямар нэг мэдээллийг нягталж, логик утгаар нь бодоод үзэх хэрэгтэй.


-Сүхбаатар аймаг “Монгол адууны өв оёлын төв” болох зорилгын хүрээнд  ямар ажил хийгдэх вэ?


-Манай аймаг  монголдоо хурдны өлгий нутаг гэдгээрээ алдартай. Манай өмнөд хөршид гэхэд монгол адууны талаар маш их юм хийгдэж байгаа. “Монгол адууны соёлын төв” гэдгийг хятадууд амжиж зарласан байгаа юм. “Монгол адууны гайхамшиг” гэсэн циркийн үзүүлбэрийг  хятадад ажиллаж байгаа монголчууд үзүүлж байна. Тэд эх орондоо тэр циркээ үзүүлэх гэхээр үзэгч байхгүй, ашиг олохгүй байгаад байдаг. Гэтэл тэнд очоод Шилийн гол аймаг, Өвөрмонголын аймгуудад очоод циркийн үзүүлбэрээ үзүүлэхээр ашигтай ажилладаг. Тэнд маш олон монгол морины цирк байдаг. Энэ мэтчилэн монгол морьтой холбоотой өв соёлын зүйлүүд гадагшаа алдагдах магадлалтай болж байна. Тиймээс бид аймгаа  монгол адууны өв соёлын төв болгоё гэж зорьсон. Эхнээс нь зарим нэг зүйлийг өөрсдийн хүчээр хийж эхэлж байна. Юуны түрүүнд хурдан морины хүүхдүүдэд анхаарал тавьж, урам зориг өгч, алдаршуулах ажлыг хийж эхэлсэн. Мөн аймагтаа морины цогцолбор барих уралдаан зарлалаа. Энэ уралдаанд барималч Анхбаярын “Салхин хүлэг” гээд орчин үеийн хэв загвартай бүтээл шалгарсан. Энэ ондоо багтааж “Салхин хүлэг” хөшөөг босгох төлөвлөгөөтэй байна. Гадаад дотоодын жуулчид ирж үзэж, зураг хөргөө авахуулах уран бүтээлийн чанартай юмтай болохыг зорьж байгаа.  Аймгийн төвөөс хоёр км-ийн зайтай уяачдын хороолол гэж байдаг. Тэндээ монгол адууны үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болох төлөвлөгөөтэй байна.  Дээр нь “Агтана хүрээт” соёлын төслийн хүрээнд улсын хэмжээний “Адуучин” тэмцээнийг хийх гээд бэлтгэл ажилдаа орж байгаа. “Агтана хүрээт” тэмцээнийг зорьж жил бүр олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид ирдэг болсон. Өнгөрсөн жил Японоос сэтгүүлч ирсэн. Түрүү жил нь АНУ-аас сэтгүүлч ирсэн. Бас  Өвөрмонголын Одон телевиз жил болгон манайхтай хамтарч ажиллаж байна. Өвөрмонголчууд дэлхийн 57 улсад манай арга хэмжээг гаргаж байна. Монгол орны минь бүх аймгуудаас адуучид ирж энэ тэмцээнд оролцож байгаа. Өвөрмонголын Хөлөнбуйр, Шилийн гол, Баруун зүүн үзэмчин зэрэг газруудаас ч хүмүүс ирж манай “Агтана хүрээт” наадамд оролцож байна. Жилээс жилд л хамрах улам хүрээгээ тэлж өргөжиж байгаа. Шилийн богд хайрханыг үзэх гэж жил бүр олон мянган монгол эрчүүд зорин очдог учраас тэмцээн маань ч тэнд болдог. Энэ мэт адуу дагасан соёлыг таниулах ажлыг бид бүхэн хийж эхлээд байна.


-“Агтана хүрээт” наадмыг  яагаад заавал 11 сард хийдэг юм бэ?


-“Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадмаа 11 сард хийдэг нь учиртай. Учир нь энэхүү арга хэмжээний үеэр ОУ-ын гэрэл зургийн уралдааныг зарладаг тул зураг авахад хамгийн тохиромжтой цаг үе. Монголчууд бид эрт дээр үеэсээ л цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд мал сүргээ маллан, үстэй дулаан хувцсаа өмсөн, өвөл хаврын хүнд хэцүү цагийг ажралгүй туулдаг байсныг харуулах зорилготой. Адуучид маань жавар тачигнаж, цан татуулсан өвлийн ид хүйтнээр үстэй дээл хувцсаа өмсөөд тэмцээнд орохдоо маш сүрлэг, ганган болдог. Нөгөө талаасаа монгол эр хүний тэсвэр тэвчээрийг сорьж, жинхэнэ хүдэр чийрэг, авхаалжтай чанарыг нь гэрэл зураг дээр тодотгож харуулж, гадныханд таниулахад тустай байдаг. Түүнээс гадна адууны хээл тогтдог үе л дээ. Гүүний хээл хөндөлсөнө гэж ярьдаг ш дээ… Өвлийн аялал жуулчлалд зориулагдсан арга хэмжээ, фестивалууд цөөхөн байдаг болохоор  бас нэг өвлийн арга хэмжээг нэмж байгаа л юм даа. Жилээс жилд хамрах хүрээ нь ч их болж, аялал жуулчлалын компаниуд  ч бидэнтэй нэгдэж байна.


-Танай аймгаас хурдан адуунуудыг машин машинаар ачаад явдаг байсан гэсэн. Ер нь хурдан адуунуудаа ингэж их гаргаад байхаар өөрсдөө хурдгүй болох зүйл байх уу?


-Тийм зүйл болохгүй нь нотлогдоод байгаа. Сүүлийн хорин жилд  ялангуяа Сүхбаатар аймгийн хурдан адууг маш их зөөсөн. Тэгсэн ч хурд төрсөөр л байна. Энэ бол тухайн нутаг усны онцлог, эсвэл үе дамжсан малчид, адуучдын маань ухааных ч юм уу…Ямар ч гэсэн л Сүхбаатар аймгийн хурдан адууны удам хэзээ ч тасрахгүй. Үргэлж л хурд төрсөөр л байх болно. Ар араасаа хурдан адуу төрж эздээ баярлуулсаар л байна даа. Манай аймгийнхан адууныхаа цусыг маш сайн сольдог. Найз нөхдөдөө бэлэглэх, хурим найр, хүүхдийн үсний найрны үеэр хамгийн сайн адуугаа бие биедээ бэлэглэдэг. Тэгж байж л адууныхаа цусыг хольж сольж байдаг. Дээр үедээ ч тийм л байсан. Нэг адуу нь алга болоод аль нэг газарт сураг ажиг гарвал миний тийм адуу наана чинь явна. Тэр адууг олоод адуундаа аваад үлдээрэй гэдэг ч юм уу… Иймэрхүү  маягаар адууныхаа цусыг их сэлбэдэг байсан. Мөн Манжийн хааны торгон сүргээс адууныхаа цусыг сэлбэсэн тал байгаа. Яагаад гэхээр цэрэг дайнд хамгийн сайн агтыг л авна ш дээ. Уулын Ду ноён гээд байсан гэсэн. Тэр хүн Богд хааны цэргийн агтанд 747 агт бэлэглэж байсан байдаг. Тийм олон агт бэлэглэж, түүхэн үүрэг гүйцэтгэж байсан болохоор нь “бэйс” цолоор шагнаж байсан гэдэг.


-Манжийн хааны торгон сүргийг хариулж байсан Дарьгангачууд цалин цагаан мөнгөөр цалингаа авдаг байсан гэсэн. Түүнийгээ дагаад Дарьгангын уран дархчуудын дундаас өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай хийцийг дэлгэрүүлсэн байдаг…


-Тийм шүү. Тэр үед мөнгөн ембүүгээр цалингаа тавьдаг байсан гэдэг юм. Цул мөнгө болохоор үнэ нь арай хямд болно. Тийм болохоор нь түүгээрээ эдлэл хэрэглэл, бүтээл болгож, үнэ хүргэж зардаг болсон байгаа юм. Тэрийгээ  дагаад адууны мөнгөн, эдлэл хэрэглэл маш сайтай болсон байдаг. Энэ нь монгол адууг дагасан өв соёл болоод явдаг. “Агтана хүрээт” өв соёлын наадам дээрээ бид хос морьтны уралдаан гээд л жил болгон зарлаад явсан. Тэгэнгүүт хүмүүсийн хэрэглээний соёл буцаад өсч байгаа юм. Манай аймгийн  малчид 20-25 саяар эмээл авч, үзүүрсгэн дээл, сэгсүүргэн дээл гээд  л хэрэглэхээ больсон  хувцаснуудаа “Агтана хүрээт” арга хэмжээний үеэр буцаад сэргээж өмсөж байгаа нь сайхан байсан. Энэ арга хэмжээ нь залуучуудын амьдралыг сэргээж, бас нэгэн мартагдашгүй дурсамжийг тэдэнд үлдээж байна. Залуусын дунд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөх газар байдаггүйгээс архидалт , мөрийтэй тоглоом маш их байсан. Харин морь сонирхоод эхлэхээр залуусын чөлөөт цаг бага болж, мориндоо л гол анхаарлаа хандуулж байдаг. Залуус маань зорилготой, хоббитой болохоор амьдралд нь эерэг өөрчлөлт гарч эхлэдэг. Тиймээс  уралдаан наадмыг хясаад байгаа нь буруу л даа. Жилийн дөрвөн улиралд, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд мал дагаж амьдардаг малчид уяачид маань зуны дэлгэр цагаар хурдан морио уяж, баяр наадамд оролцож, тэр эрч хүчээрээ хахир өвөл, хаврын улирлыг давж байдаг. Ялангуяа өвөл хаврын цагт  малчид малаа төллүүлнэ, ноос ноолуурын ажил гээд маш их ядарсан байдаг. Тэгээд зуны улиралд баяр наадмаар л морь гэдэг зүйлээр тэд сэтгэлээ баясгаж, ядаргаагаа тайлж байна. Хэрвээ баяр наадам зохион байгуулагдахгүй бол малчдад ямар ч сэргэлт байхгүй болно. Баяр наадам гэдэг цаанаа их ач холбогдолтой л доо. Үндэсний баяр наадам бол малчид, уяачид монголын ард түмэнтэй нарийн нандин уялдаатай.


-Хөдөө орон нутагт ажилгүйдэл их байдаг биз дээ? Үүнийг хэр зохицуулж байна?  


Ажил хийе гэсэн хүнд бол ажлын байр олдоно л доо. Гэхдээ нэг талаараа монголчууд маань нийтдээ залхуу болчихсон байна. Хөдөө орон нутагт туслах малчин хийх хүн олдохоо байсан. Тэр дундаа биеийн хүчний ажлаас  их зугтаадаг болсон байна. Төр засгаас халамжийн бэлэн мөнгө өгөөд байхаар тэгж  байгаа юм. Хүүхдийн 100 мянга өгдөг болсноос хойш нэг хүн сонгуулийн үер ярьж байсан л даа. Би таван хүүхэдтэй болохоор 500 мянгаар амьдраад  болж л байна гэж байгаа юм. Тэгэхээр нэг ёсондоо  ажил хийснээс  хүүхдийнхээ мөнгөөр амьдраад болж  байна гэсэн үг ш дээ. Ядруухан амьдралтай хүмүүсийг бүртгэж аваад хадлан дээр өдрийн 50 мянгаар ажиллуулах гэсэн чинь ажиллахгүй гэж байна. Яагаад гэхээр улсаас хүүхдийн мөнгө гээд өгчихнө. Тэр мөнгөөрөө гурил будаагаа аваад, илүү гарснаар нь архи аваад уучихаж байна. Тэгээд гэртээ хоолоо зөөлгөөд, солонгос кино үзээд сууж байдаг. Тиймээс ард иргэдээ бодож байгаа бол халамжийн бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Манжийн дарангуйлалын үед  хятадууд “Та гэртээ хумсаа ургуулаад сууж бай, харин бид хоолыг чинь хийгээд , хувцсыг угааж, гэрийг чинь цэвэрлэе” гэж байгаад Манжийг дуусгасан гэдэг. Хуучин цагт бол “сүпер монгол хүн” гэж байсан. Тэр “Сүпер монгол хүн” хаана ч очсон тог цахилгаан засдаг, хувцсаа оёчихдог, хоолоо өөрөө хийгээд идчихдэг,  хаана ч очоод ажиллачихдаг байлаа. Одоо ингээд төрөөс халамжлаад байхаар юм хийж чаддаг хүн байхгүй болоод байна. Манай аймагт хөдөлмөрийн хэлтэс дээр наян хүний ажлын байр байна гэж байгаа юм. Гэтэл сонирхоод очиж ажил хийж байгаа хүн гэж байхгүй. Тэгсэн мөртлөө төр засагтаа өширхсөн л хүмүүс байгаад байдаг. Надад нэг айл “Манайх олуулаа амьдардаг. Ажилтай  хүн байхгүй байна” гээд хандсан юм.  Тэгэхээр нь би бүртгэж аваад хадлангийн ажил гарлаа гэтэл “ажиллахгүй ээ” л гэж байна. Яасан гэсэн чинь “нуруу өвддөг”  гэж байна. Ахиад барилгын ажил гарлаа, өдрийн 40 мянган төгрөгний цалинтай юм  гэхэд “тэр тийшээ явсан. Тэр хүний нуруу өвдөнө” гэж байна. Тэгээд бүүр арга ядаад та нар ямар ажил хийх юм бэ гэтэл. “Захиргаанд жижүүр хийнээ” гэж байгаа юм. Тэгээд нэг ногоон хувцас өмсөөд, дэлгэц хараад, утсаараа фэйсбүүкт ороод байж байх санаатай. Энэ бол нэг ёсондоо өөрийнхөө удмыг сүйтгэж байгаа хэрэг л дээ. Гэрээсээ гараад хашаагаа ч будчихаж чадахгүй. Ингэж байсаар байгаад юу ч чадахгүй хүн бол боол л болно ш дээ. Хуучин бол гадаадад очсон монгол хүмүүс аяга угаагчаас эхлээд тухайн рестораныхаа захирал, менежер хүртэл дэвшээд явдаг байсан. Одоо монгол залуучууд тэгж ажиллаж чадахгүй байна. Хуучин бол мексик, монгол хүн хоёр өөр улсад аяга угаагчаар ажлаа эхлэхэд манай монгол хүн чадвараараа дэвшээд дээр нь гараад суучихдаг. Тэгтэл тэр мексик хүн долоон жилийн дараа ч гэсэн аягаа угаасаар л байгаад байдаг байсан. Өнөөгийн монгол хүний чанар тэрэн шиг л болоод байна шүү. Зүгээр тэжээгээд л байвал  монголчууд юу ч хийж чадахаа болино. Дээхнэ үед бидний эцэг эх хүүхдээрээ юу ч хамаагүй хийлгээд л, аав нь загнаад, нагац ах нь загнаад л хийлгэдэг байсан ш дээ. Одоо гэтэл хамаатан садан нь загнавал аав ээж нь уурлана. Ер нь тэгээд юунд ч хамаагүй зарагдаж байна гэдэг бол ямар ч хамаагүй ажлын дөртэй болоод байна л гэсэн үг. Тэгээд хаана ч очсон гологдохгүй ш дээ. Морины хүүхдийг загнаж байна л гэдэг. Загнуулж байгаа хүүхдэд хүртэл давуу тал үүсч байдаг. Учир нь үг сонсоод сурчихсан байдаг. Одоо энэ залуучуудын амиа хорлолт бол хүнээс үг сонсож үзээгүй, загнуулж үзээгүй байгаагаас болж сэтгэлийн хатгүй, амьдрах чадваргүй хүн болж байгаагаас шалтгаалж байгаа  хэрэг ш дээ. Хүн чинь амьдрал дээр биеэ даагаад гарахаараа янз бүрийн хүнтэй л таарна. Морины хүүхдүүд захын уяач нарт загнуулаад л явдаг. Дараа нь тэр хүн ямар ч хүнд загнуулсан гэсэн үг даадаг, сэтгэлийн хаттай байж чаддаг болно.

-Аймгийн ИТХ-ын даргатай  уулзаж байгаа юм чинь нэг юм асуумаар санагдлаа. Хөдөө орон нутгийн малчдыг махныхаа үнийн нэмлээ гээд загнадаг хүмүүст юу гэж хэлмээр байдаг вэ?

-Малчид маань улс орныхоо ард иргэдийн идэх мах, сүү, цагаан идээг бэлтгэж байна.Жил ирэх тусам л малчид маань цөөрч байна. Малчин хүний амьдралаар суурин газрынхан долоо хоног ч болов  амьдраад үзвэл зовлонг нь ойлгоно ш дээ. Би малчдыг муулаад байгаа нөхдүүдэд хэлдэг юм. “Чи цасан шуурганд гадаа бие засаад үз л дээ” гэж… Тэгтэл хотынхон паартай байшингаас гарахгүйгээр бүх л юмаа зохицуулаад амьдарч байдаг. Тэгээд малын махны үнийг хэтэрхий бага байлгаад байвал мал маллах хүнгүй болоод, цаашдаа идэх махны хомсдолд орно биз дээ. Үнэлгээ багатай ажилд  хүн юу гэж бүх насаа зориулахав дээ. Харин малын махыг малчдаас хямд үнээр авдаг ченжүүд л үнэд оруулж байна ш дээ. Ялгаж салгаж ойлгож, малчдаа хүндэлж, хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй.


-Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. Сүхбаатар аймгийн хувьд баяр наадмаа хаалттай хийх үү? Зарим аймгууд  гадны морийг аймагтаа уралдуулахгүй байх сурагтай байсан.


-Бөхийн барилдааныг  короно вирусын халдвартай холбоотойгоор тусгай зааланд зохион байгуулж барилдуулахаар болж байгаа. Түүнээс зарим аймаг шиг морио хаалттайгаар уралдуулах тийм зүйл бол байхгүй. Харин эрлийз морьд ирвэл уралдуулахгүй. Баяр наадмын хувьд улсын баяр наадамтай адил нэг өдөр зохион байгуулагдана. Онцгой нөхцөл байдалд байгаа болохоор нэг өдөр зохион байгуулах шийдвэрээ дагана.


-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


Сэтгүүлч Б.Нанзаддорж

 




Холбоотой мэдээлэл