TIMES Ярилцлага


Т.Олонбаяр: Манай байгууллага 50 гаруй усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, тооллогод хамруулаад байна

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN
-Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг зохион байгуулж байна-


Усан замын тээврийн тухай хууль 2017 онд УИХ-аар шинэчлэн батлагдаж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас уг хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн зарим ажлуудыг жил бүр төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ талаар тус яамны харьяа Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяраас тодрууллаа. 

-Усан замын тээврийн тухай шинэчилсэн хуулийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар ярилцлагаа эхэлье? 

-ЗТХЯ-наас Монгол орны томоохон гол мөрөн, нууруудад зорчигч тээврийн зориулалтаар усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор 2017 онд Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан.  Уг хуульд заасан усан замын тээврийн хяналт болон усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг зохион байгуулах чиг үүргийг манай байгууллага хариуцан ажиллаж байна.  Түүнчлэн усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийг сурталчлах, усан замын тээврийн хэрэгсэл өмчлөгчдийг аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжөөр хангах зорилготой сургалт, семинарыг зохион байгуулах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017 оноос жил бүр зохион байгуулж байна. Усан замын тээврийн тухай шинэчилсэн хууль батлагдсанаар техникийн хяналт, үзлэгийг гурван жил тутам хийдэг байсныг жил бүр хийдэг болж өөрчлөгдсөн. Үзлэгийг жил бүр зохион байгуулснаар зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд техникийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаад хяналт тавих чухал ач холбогдолтой. Мөн байгаль орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх үүднээс шаардлага хангахгүй, үзлэгт тэнцээгүй усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахыг хориглох, хог хаягдлыг зориулалтын саванд хийж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах явдал юм. Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд усан замын тээврийн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг мөн 2017 оноос эхлүүлсэн. Үүнд: “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх, сургалтын хөтөлбөр батлах”, “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээ олгох”, “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-уудыг боловсруулж батлуулаад байна.  


-Манай улсад хичнээн усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ. Эдгээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогыг хэрхэн зохион байгуулж байна? 


-Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслийн мэдээллийн санг 2018 оноос эхлэн бүртгэлжүүлж байгаа. Өнгөрсөн онд нийт 145 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ, улсын дугаар олгоод байна. Манай байгууллагад МХЕГ-аас эрх олгогдсон 3 мэргэжилтэн усан замын тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийн ажилладаг. Тодруулбал, эдгээр улсын байцаагчид нь усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт, шалгалт хийх, усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гол, мөрөн, нуур бүхий /Хөвсгөл, Архангай, Увс, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг/ аймгуудад ажиллаж байна.  Далайн захиргааны даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг 2020 оны 06 дугаар сарын 25-наас эхлэн усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулж байна. Уг арга хэмжээг өмнөх жилүүдэд тухайн орон нутгийн ОБГ, МХГ-ын мэргэжилтнүүд оролцон хэрэгжүүлдэг байсан бол энэ жил манай байгууллага дангаараа зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо.  Өнөөдрийн байдлаар 50 гаруй усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, тооллогод хамруулаап байна. 

-Хөвсгөл нуурын Хатгал тосгонд усан зам тээврийг хөгжүүлэх чиглэлээр ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна вэ? 

 -Усан замын тээврийн хэрэгсэл олноор төвлөрсөн Хөвсгөл нууран дахь усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХБНГУ-д үйлдвэрлэсэн тусгай тоноглол бүхий аврах 2 завийг оруулж ирэн хяналтын ажилдаа  ашиглаж байгаа.  Мөн Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтарсан завьт эргүүлийг  Хөвсгөл нуурт усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн улирлын оргил ачааллын үед ажиллуулж хэвшээд байна.  Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь усан замын тээврийн Далайн захиргааны хяналтын пост-д техникийн үзлэг, оношлогооны төв болон аврах завь хадгалах, засвар үйлчилгээ хийх зориулалттай өвлийн битүү зогсоолын барилга барих томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн онуудад хийж гүйцэтгэсэн. 



-Усан замын тээврийн хэрэгслийн бүргэлжүүлэлт, техникийн үзлэгийг явуулахад бэрхшээлтэй зүйл гардаг уу?

-Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19” цар тахалтай холбоотойгоор усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч зарим аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн шалтгаанаар усан замын тээврийн хэрэгслүүдээ техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй байгаа нь холбогдох хуулийн хэрэгжилтийг хангахад бага зэрэг хүндрэл үүсгэж байгаа.

-Завь буюу усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт тавигдах  шалгуур үзүүлэлт нь автотээврийн хэрэгслийн шалгуур үзүүлэлтээс ялгаатай юу?

-Мэдээж ялгаатай. Завины их биеийн ёроолын бүрэн бүтэн байдал, түүний ёроолын усыг шавхагч насосын ажиллагаа хэвийн байгаа эсэх, шатахууны савны битүүмж зэргийг  уг техникийн хяналтын үзлэгийн үеэр шалгадаг. Түүнчлэн аврах хэрэгсэл, хантааз, цагираг, уяа оосор, зангуу, гэрэлтүүлэг, дохио, галын хор зэрэг аюулгүй ажиллагаатай холбоотой дагалдах хэрэгслийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдлыг шалгадаг юм. 

-Цаашид усан замын тээврийг хөгжүүлэхэд танай байгууллагын зүгээс ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Усан замын тээврийн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтыг өргөжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ханх суманд усан замын тээврийн “Хяналтын пост”-ыг шинээр барьж байгуулаад байна. Цаашид орон нутаг дахь хэрэгцээ шаардлагыг харгалзан Увс аймгийн Хяргас, Архангай аймгийн Өгий зэрэг нууруудад усан замын тээврийн “Хяналтын пост”-уудыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа.  Усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Иймээс усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд сургалтын төв байгуулахаар төлөвлөн ажиллаж, сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулж, батлуулах, сургагч багш бэлтгэх, зохих шаардлага хангасан сургалтын орчин бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.