Нийгэм


Ээж цэрэг хоёр

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хаасан залуус цэргийн гэрээт албанд улирсаар байна. Тэдний цэргийн гэрээт албанд орох хүсэлтэд ёс юм шиг дурдагдсан байдаг санаа нь “Хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн албаны онцлогийг мэдэрлээ. Цэргийнхний эцсийн зорилго нь эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол бөгөөд үүнд ч гэсэн би өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Ирээдүйд эх орноо батлан хамгаалах цэргийн хүн болохыг хүсч байна” гэсэн өгүүлбэр юм. Хугацаат цэргээс цэргийн гэрээт албанд улирсан зарим эрчүүдийн төлөөллийг энэ удаагийн дугаартаа урив. Хайртай ижий нараас ч хүүгийнх нь талаар асууж тодруулав.


Б.Аззаяа: МИНИЙ ХҮҮ ЦЭРГИЙН АЛБАНД ОРООД ИХ ТӨЛӨВШСӨН


Түрүүч Болортолийн Батзориг, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж, 2017-2018 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид цэргийн жинхэнэ албыг хаасан залуу. Халагдаад хоёр жилийн дараа цэргийн гэрээт алба хаагч болох хүсэлтээ өгөх болсон нь цэргийн дүрэмт хувцастай ах, эгчийг харахаар “Гэртээ хариагүй хүн шиг санагдах болсонтой” нь холбоотой гэнэ. Учир нь хугацаат цэргийн албаа хаахдаа цэргийн хуаран нь төрсөн гэр шиг нь дасал болж, амьдралынх чухал орчин гэдгийг ойлгосон тэр цэргийн ангид эргэж ирсэн нь энэ ажээ. Ээждээ ч “Би хугацаат цэргийн алба хааснаас хойш хоёр жилийг хий дэмий үрлээ. Анхнаасаа л шууд улирах байсан юм” хэмээгээд өөрөө хөөцөлдсөөр цэргийн гэрээт албанд орсон байна. Энэ талаар түүний ээж Б.Аззаяа “Хүү маань маш их зөв сонголт хийсэн. Цэргийн алба нь бие, сэтгэлийн хувьд ч их өөрчилдөг юм байна. Одоо миний хүү маш их хариуцлагатай иргэн хүн болж байгаад ээж хүний хувьд баяртай байна. Цэргийн гэрээт алба нь өөрөө олон давуу боломж олгосон сайхан алба юм. Цалин авдаг, ажлын найман цагаар ажилладаг, ээлжийн амралт ч эдэлнэ. Оройдоо ажлаа тараад л гэртээ хүрээд ирнэ.



Манайх гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охинтой. Том хүү Б.Батболд ч гэсэн Дорнод аймаг дахь хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хаасан. Манай хоёр хүү хугацаат цэргийн алба хаагаад их төлөвшсөн. Үг дааж байж уул даана гэдэг дээ. Түүн шиг хүний үгийг даагаад, ажил хариуцвал хийгээд сурчихсанд нь ээж нь их баяртай явдаг даа” хэмээн хуучлав. Манай гэрээт цэргийн ижий Б.Аззаяа улсад 27 жил ажилласан хөдөлмөрч нэгэн бөгөөд сүүлийн 13 жилийг нэгэн ерөнхий боловсролын дунд сургуулийн цэвэр цэмцгэр байдлыг хариуцаж яваа ажээ.


Б.Пүрэвдулам: ХҮҮ МААНЬ ЦЭРЭГТ ИРСНЭЭР ЗОРИМОГ ШИЙДЭМГИЙ ЭР БОЛСОН


Дараагийн онцлох эрхэм бол Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Шагдарсүрэнгийн Гэндэнгончиг. Байлдагч Ш.Гэндэнгончиг 2018-2019 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагаад, халагдаад гурван сар ч бололгүй Зэвсэгт хүчний 256 дугаар ангид гэрээт цэрэг болох хүсэлтээ өгсөн нэгэн. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийг сонгосон нь түүний аав, ахлагч А.Шагдарсүрэн жолооч, ээж Б.Пүрэвдулам үйлчлэгчээр ажилладаг учир гэрээт цэргийн албыг тус ангид хаахаар шийджээ. Ингэхдээ аав, ээждээ ч хэлэлгүй өөрөө гүйж очоод бүртгүүлж, шалгалтад нь тэнцсэн гэнэ. Байлдагч Ш.Гэндэнгончиг олон төрлийн спортоор хичээллэдэг, үзүүлсэн амжилт ч чамгүй их. Хугацаат цэргийн алба хааж байхдаа сагсан бөмбөг, гар бөмбөг, сонс эргэлтээр алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бол цэргийн гэрээт алба хаагч болоод ч ялгаагүй өмнөх амжилтуудаа бататгаж, ангийнхаа тэргүүний спортлог залуу болжээ.



Түүний талаар ээж Б.Пүрэвдулам “Манай гэр бүл цэргийн албыг үе удмаараа хааж ирсэн. Энэ сайхан бахархлыг нь тасалчихгүй гэсэндээ хүү маань өөрийн хүсэлтээр цэргийн гэрээт албанд орсон. Аавынх нь нөлөө, үлгэрлэл ч байсан. Хүү маань аав шигээ цэргийн хүн болно гэж багаасаа л мөрөөдөж ирсэн болохоор Зэвсэгт хүчинд байлдагчаасаа эхлэн үүрэг гүйцэтгэж байгаад ижий нь их баярлаж явдаг юм. Цэргийн алба хаасан хүүхэд их өөр шүү. Ярих хэлэх, биеэ авч явах нь хүртэл мэдэгдэм өөр. Мэдээж энэ улс оронд маань ид сайхан насандаа цэргийн алба хаасан, бие бялдрын цогц хөгжилтэй, сайн, муу бэрхшээлийг эр хүний тэвчээр хатуужлаар давж чаддаг, тэвчээртэй, тодорхой чиглэлээр мэргэжлийн бэлтгэлтэй, эрүүл саруул, эрч хүчтэй залуус маш их хэрэгтэй. Ингэж нийгмийн хөдөлмөрийн хүчийг сэлбэх учиртай. Өнөөдөр миний хүү тэгш цэгц алхаатай, булчин шөрмөс сайтай, өөх бага, биеийн хүчний ямар ч ажлыг хийж чадахуйц яралзсан залуу болж байна. Монголын залуучууд бүгд ийм болоосой гэж жирийн нэгэн эх хүний хувьд хүсч явдаг даа” гэсэн юм.



Ийнхүү цэргийн албандаа хүүгээ өгсөн ижий нар “Цэргийн алба хүүг нь хэн ч харсан бахдам эрүүл сайхан биетэй, түүнээсээ ч илүү сайхан сэтгэлтэй, зоримог шийдэмгий эр хүн болгож баярлалаа” хэмээн талархал илэрхийлж байсан юм.


Ахлах дэслэгч Д.Болормаа




Холбоотой мэдээлэл