Улс төр


Айсуй сонгуулийн чимээ: Сэлэнгэ

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Т.БАТСАЙХАН

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт болоход хоёр сарын хугацаа үлдээд байна. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа. Энэ удаа Сэлэнгэ аймгийн тойргуудыг онцолж байна. Тус аймаг гурван мандаттай. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид АН-д илүү ялалт өгч байв. Энэ нь цэнхэр өнгийн тойрог гэдгийг нь баталж байна. 2016 сонгуулиар гэхэд улс даяар МАН олонхи болсон. Харин Сэлэнгийн нэг тойрог цэнхэртсэн байдаг. Ийнхүү УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөн Сэлэнгэд хэрхэн өрнөснийг хүргэе.

 

 

1992 он: МАН /МАХН/

1992 оны анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Сэлэнгэ аймгийн тойрогт Д.Мөнхөө, Д.Дэмбэрэл,  Ч.Зоригтбаатар нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүн болж байв.

 

1996 он: АН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ.  Сэлэнгэ аймгийн сонгогчид энэ удаа хоёр тойрогтоо АН-ыг, нэг тойрогтоо МАХН-ыг сонгов.  УИХ-ын сонгуулийн 32 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Д.Цогт-Очир, 33 дугаар тойрогт С.Баярцогт, 34 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Р.Содхүү олонхийн санал авч ялалт байгуулав. Тэдэнтэй П.Нямдаваа, Д.Мөнхөө нар өрсөлдсөн юм. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.

 

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Сэлэнгэ аймгийн сонгогчид МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгов. 32 дугаар тойрогт  П.Нямдаваа, 33 дугаар тойрогт Ш.Гунгаадорж, 34 дугаар тойрогт Р.Содхүү нар ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас З.Энхболд,  Э.Бат-Үүл, Ц.Сүхбаатар,  Д.Нинж нар өрсөлдсөн юм.  Мөн тухайн оны сонгуулиар Сэлэнгэд хамгийн олон буюу 22 хүн нэр дэвшиж байжээ.

 

2004 он: АН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Сэлэнгэ аймгийн сонгогчид энэ удаа АН-д итгэл үзүүлсэн. Сэлэнгэ аймгийн 32 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Баярцогт олонхийн санал авав.  Тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Түүнтэй МАН-аас П.Нямдаваа, С.Баттулга нар  өрсөлдсөн юм. Харин 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Р.Нямсүрэн ялалт байгуулав.  34 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн  Э.Бат-Үүл олонхийн санал авч байв.  Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

 

2008 он: АН

Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид мөн л АН-д илүү итгэл хүлээлгэв. АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Баярцогт, Э.Бат-Үүл нар олонхийн санал авав.  Харин нэг тойрогт МАН суудал авсан бөгөөд О.Чулуунбат тус тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.

 

2012 он: АН

УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Сэлэнгэ аймагт АН-аас С.Баярцогт нэр дэвшиж олонхийн санал авснаар гурав дахь удаагаа парламентад сонгогдсон байдаг.

 

2016 он: МАН

МАН олонхи тойрогт ялалт байгуулсан. Цэнхэр голдуу сонголт хийж байсан Сэлэнгийнхэн энэ удаа хоёр тойрогтоо МАН-ыг сонголоо. Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Н.Оюундарь ялалт байгуулсан. Түүнтэй АН-аас С.Баярцогт,  МАХН-аас Л.Ганболд нар өрсөлдсөн байна. Мөн 26 дугаар тойргоос МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат гишүүнээр сонгогдсон юм. АН-аас Г.Эрдэнэтунгалаг, МАХН-аас Г.Эрдэнэбат нар өрсөлдөн өвдөг шороодсон юм. 27 дугаар тойрогт АН ялалт байгуулсан. Д.Эрдэнэбат,  С.Бүрэнбат, А.Энхболд нар өрсөлдөж,  Д.Эрдэнэбат гишүүнээр сонгогдсон билээ.

 

 2020 он:

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.

Сэлэнгэ аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, МУИС-ийн багш Ч.Ундрам, Г.Өнөрболор,  Б.Цогтгэрэл нарын нэр яригдаж байна.  Харин  Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат,  дуучин Г.Эрдэнэтунгалаг нар нэр дэвшинэ.  Түүнчлэн  АН-ын гишүүн асан  С.Баярцогт энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан билээ.  Оюутолгой, Дубайн гэрээ,  Оффшорын асуудлаар түүнийг шалгаж байгаа ч энэ удаагийн сонгуулийн сунгаанд оролцох болсон нь анхаарал татаж байна.  С.Баярцогтыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байгаа гэх яриа ч бий.  Энэ нь хардлага төдий зүйл биш гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал харуулав. С.Баярцогт нэр дэвшинэ гэсний дараа өдөр нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шалгаж хэргийг нь прокурорт шилжүүлсэн гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгөв.  2020 оны сонгуульд Сэлэнгэд С.Баярцогтын хүчтэй өрсөлдөгч нь яах аргагүй Ж.Эрдэнэбат билээ.  Тэгэхээр тэдний өрсөлдөөн  нэлээд эртнээс эхэлсэн бололтой.

Харин “Та бидний эвсэл”-ээс Сэлэнгэ аймагт МАХН-ын Мянгатын дарга Г.Эрдэнэбат, А.Энхболд нар нэр дэвшихээр яригдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.