Спорт


Бөхөөс бөмбөг рүү "урвасан Стефен Нил

1 сар TIMES.MN

Бөхийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн, нэр алдартай олон бөхийн төрүүлсэн орны нэг нь АНУ билээ. Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын бөхчүүдийн онцлог гэвэл эхнээс эцсээ хүртэл бүх хүчээ шавхдаг дайчин чанар. Сэм авгын хэний ч мэдэхгүй “Битүү морь” улсын аваргадаа торойж олимп, дэлхийн аваргад цойлсон тохиолдол нэлээд хэд бий. Жишээ нь Брэндон Слэй 2000 оны Сиднейд, Хенри Сехудо 2008 оны Бээжингийн олимпийн наадамд алтан медаль хүртэж байлаа. АНУ-ын эрэгтэй бөхчүүд XXI зуун гараад хүнд жинд олимп, дэлхийн аваргад хараахан түрүүлээгүй явна. Хамгийн сүүлд 1999 онд Анкарагийн дэвжээнд Стефен Нил хэмээх 23 настай залуу цойлон гарч олны таамгыг орвонгоор нь эргүүлж хагас шигшээд Туркийн Айдин Полатчиг 10:6-гаар, шигшээд ОХУ-ын Андрей Шумилинийг 4:3-аар ялж дэлхийн аварга болж байлаа. Оюутны улсын хошой алттай даруухан амжилттай Нил тэр жилийн хавар улсын аварга болж, зун нь Виннепегийн Пан Америкийн наадамд түрүүлж, намар нь Анкарагийн дэлхийн аваргад нэг амьсгаагаар тамирчин бүхний хүсээд байдаггүй дэлхийн аваргын алдрын оргилд хүрсэн. Хойтон жил нь улсдаа олимпийн сонгон шалгаруулахад Керри Маккойд ялагдснаар дэлхийн алтаа олимптой ижилсүүлэх мөрөөдөл нь замхарсан. Ганцхан жилийн дотор мандсан Нил Сиднейн олимпийг цэнхэр дэлгэцээрээ үзсний дараа 24 настайдаа зодог тайлахаар шийдэв. Гэхдээ мань эр бөхөөс гадна өөр спортод тэр дундаа америк хөлбөмбөгт авьяастай байлаа. Бөхөөсөө хөндийрөөд удаагүй Нил 2001 онд долдугаар сард NFL-ийн драфтад ч сонгогдоогүй, бүр алдарт “Нью-Ингленд Пэтриотс” багтай гэрээ байгуулж шуугиан тарив. “Эх орончид” бахим эрийг хамгаалагчийн байрлалд тоглуулахаар шийдсэн. Бөх залууг “Нью-Ингленд”-ийн үнэнч хөгжөөн дэмжигчид эрс эсэргүүцэлтэй нүүр туулсан ч эхний улиралдаа ганц тоглолтод оролцоогүй ч америк хөлбөмбөгчдийн мөрөөдөл болсон “Супер боул”-ын аварга болсон. Тоглохоос илүү сэлгээний сандалд илүү хугацааг өнгөрөөсөн тэрбээр 2004, 2005 онд дахин аваргалж америк хөлбөмбөгийн лигт гурав түрүүлсэн азтай залуу. “Пэтриотс”-т есөн улирлыг өнгөрүүлсэн Нил мөрний олон удаагийн бэртлийн улмаас 2010 онд зодог тайлсан. Түүнийг 2012 онд АНУ-ын чөлөөт бөхийн холбоо “Алдрын танхим”-д оруулжээ.




Холбоотой мэдээлэл