Нийгэм


Б.Түвшинтөгс: Энэ долоо хоногийг дуустал дугаарын хязгаарлалтын ердийн горим үйлчилнэ

4 жил, 3 сар TIMES.MN

Энэ зун нийслэлд хийгдэх дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан автомашины дугаарын хазгаарлалтыг хэрхэн зохион байгуулах талаар НЗДТГ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс тодрууллаа.

57e519 10923260 945210275496733 6237403971193167161 n x800

-Энэ сарын 15-наас эхлэн хотын төвийн бүсэд машины тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийж замын хөдөлгөөнд оролцуулах талаар тодруулж өгнө үү?

-Энэ зуны томоохон бүтээн байгуулалтууд улирлаа дагаад эхэлж байна. Дулааны шугам, цэвэр бохир усны хоолойг шинэчлэх, нэвтрэх чадвар өндөртэй авто замуудыг өргөсгөх ажлууд ид өрнөж байна.Тиймээс замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байгаа. Хотын төвийн бүсэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалтыг энэ сарын 15-наас эхлүүлэх шийдвэр гаргаснаа зарласан. Үүнтэй холбоотой захирамжууд энэ долоо хоногтоо багтаад гарна. Тиймээс энэ долоо хоногийг дуустал дугаарын хязгаарлалтын ердийн горим үйлчилнэ. Энэ долоо хоногийг дуустал дугаарын хязгаарлалтын ердийн горим үйлчилнэ. Зургаадугаар сарын 15-наас хойш урд талаараа Нарны замаас дотогшоо, хойноосоо СУИС-аас урагш гэсэн радиуст улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулна.Энэ хязгаарлалтын хамрах цаг 08:00-20:00 цагийн хооронд байна. /Зураг дээр дарж томоор үзэх боломжтой/ Мөн уг хязгаарлалтыг долоо хоногийн зургаан өдөр мөрдөнө. Хязгаарлалт гурав, гурав хоногоор байх нь тэгш хуваарилалт болно гэж үзсэн учраас ингэж шийдсэн. Ингэхээр бүтэн сайн өдөр буюу Ням гарагт дугаарын ямар ч хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн үг.


- Тэгвэл хотын бусад хэсэгт дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх вэ?

-Хотын төвийн бүсэд тэгш сондгойн түр зохицуулалт хийхтэй холбогдуулан үүнээс гаднах бүсэд дугаарын хязгаарлалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал хараахан шийдэгдээгүй байна. Ер нь хотын төвөөс бусад бүсэд дугаарын хязгаарлалтыг цуцлах чиглэл байгаа. Гэхдээ үүнийг эцэслэн шийдэх эрх Нийслэлийн засаг даргад байхгүй. Дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдэх эрх мэдэл нь НИТХ-д байгаа. Тиймээс НИТХ тэргүүлэгчдээрээ хуралдаад цуцлах шийдвэр гаргавал шуурхай мэдээлэх болно.

-Зуслангийн зам засвартай холбоотойгоор зуслангийн замаар хувийн машинтай зорчихыг хориглосон гэх мэдээлэл байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол ташаа мэдээлэл. Иргэд хувийн машинаа унаад зусландаа гарах, ирж очих эрх нь нээлттэй. Хотын дарга иргэдийг аль болох амралтаа хөдөө өнгөрүүлээч ээ гэж уриалсан. Энэ бол зүгээр л уриалга. Иргэд хувийн машинаа унаад зусландаа гарах, ирж очих эрх нь нээлттэй. Харин зам засварын үеэр нийтийн тээврийн том оврын автобус үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж байгаа. Зам засварын ажлын үеэр замын хажуугаар гарах түр замаар зорчуулна. Уг түр зам нь жалга дов ихтэй. Тиймээс засаг дарга Нийслэлийн Тээврийн Газарт зуслангийн чиглэлд бага, дунд оврын автобусаар иргэдийг аль болох хүндрэлгүй, шуурхай тээвэрлэх зөвлөмж өгөөд байгаа. Ер нь бол зуны цагт зам засаагүй байхад зуслангийн зам ямар ачаалалтай байдгийг иргэд бүгдээрээ мэднэ.

Зуслангийн чиглэлийн том оврын автобусны хөдөлгөөнийг хэзээнээс хязгаарлах вэ?

-Энэ талаар тодорхой цаг хугацаатай маршрут гаргаад Нийслэлийн Тээврийн Газраас зарлах байх. Хамгийн гол нь иргэдэд хүндрэлгүй, шуурхай үйлчлэх чиглэл барина.

-Замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусахаар наймдугаар сарын 15-наас дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах талаар яригдаж байгаа гэсэн?

-Олон жилийн турш хөрөнгө мөнгөний гачигдалтай байснаас шалтгаалаад засаж чаддаггүй байсан замуудаа сүүлийн гурван жилд засаж байна. Энэ зун томоохон замуудын шинэчлэлийн ажил дуусч байгаа учраас намраас дугаарын хязгаарлалтыг бүрэн цуцлах чиглэл барьж байгаа. Сонсголон, Гачуурт, Толгойт, зуслангийн чиглэлийн зам гэх мэт ачаалал, нэвтрүүлэх чадвар ихтэй замуудыг шинэчлээд дуусчихвал ирэх жил байн байн зам хаах, засах асуудал үндсэндээ цэгцэрнэ. Мөн энэ жилдээ чадвал Налайхын замыг концессын гэрээгээр шинэчлэхээр төлөвлөж байна. Тэгэхээр иргэд маань хүлээцтэй, тэвчээртэй байж бүтээн байгуулалтын ажлыг ойлгож, ухаалаг хандаач ээ гэж хүсмээр байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.