Энтертаймент


Б.Нарандэлгэр: Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий болгож байдаг

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

МЭХ-ны “Соёлыг түгээгч”, СТА, битбокс Рэй буюу Б.НАРАНДЭЛГЭР:

Монголчууд Хөөмий хэмээх биет бус өв соёлоо Геннисийн номд бүртгүүлсэн түүхэн бахархалт өдөр 2019 оны 10 сарын 30-нд тохиолоо. Энэхүү түүхэн өдөр Ховд аймагт дөрвөн настай балчраас 84 настай буурай хүртэлх насны 1500 гаруй Монгол угсаатан нэгэн зэрэг хөөмийлж, дэлхийд Хөөмийгөө дархалж чадсан. Тэгвэл Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн энэ дугаарын “Манай зочин” буланд Монгол түмний уламжлалт Хөөмийн урлагийг Геннист бүртгүүлэхэд онцгой үүрэгтэй оролцож, усан дотор “Хөөмий бит” хэмээх шинэ төрлөө танилцуулан шүүгчид төдийгүй дэлхийд Монгол хүний авьяас, чадварыг бишрүүлж чадсан Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, Рэй нэрээрээ олонд танигдсан СТА Бямбаагийн Нарандэлгэрийг урьж ярилцлаа. Тэрээр мөн МЭХ-ны “Соёлыг түгээгч” батламжийн эзэн болж, нийгмийн сайн сайхны төлөө урлагаар дамжуулж өөрийн хувь нэмрээ оруулж яваа нэгэн юм.

-Язгуур урлагийн нэг хөөмийг Геннист бүртгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж оролцсон танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өнгөрсөн 10 дугаар сарын 30 буюу Монголын түүхэн бахархалт нэгэн сайхан өдөр олон ястны өлгий, язгуур урлагийн эх булаг болсон Ховд аймагт нийт 1500 гаруй хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж Геннисийн номд бүртгүүллээ. Үүнээс 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлсөн гэж бүртгэж авсан. Мөн усан дотор хөөмийлөнгөө зургаан төрлийн авиатай битбокс хийж, 30 эмэгтэй хөөмийчтэй нэгэн зэрэг хөөмийлж “Хөөмий бит” гэх шинэ урсгалыг Геннисийн шүүгч нарт албан ёсоор танилцуулсан.

Хөөмийг Геннист бүртгүүлэхэд гар бие оролцсон хөөмийчдийн 800 гаруй нь өсвөр үеийн залуус байсан. Дөрвөн настай балчраас 84 настай буурай хүртэлх бүхий л насны хүмүүс 21 аймаг, Тува, ӨМӨЗО-оос ирж, “Халуун элгэн нутаг”, “Буянтын гол” хэмээх сайхан бүтээлүүдийг хоёр минутын турш зогсолтгүйгээр хөөмийлсөн. Энэхүү түүхэн арга хэмжээг Дэлхийн хөөмийн холбооны Д.Хосбаяр ах санаачлан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар дэмжин хамтарч амжилттай зохион байгуулсан бөгөөд гавьяат, нэрт, биет бус өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч МУГЖ Сэнгэдорж, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Одсүрэн зэрэг ахмад хөөмийчид ч оролцсон.

Өгүүлэхүйн эрхтнээр дамжин олонд хүрдэг Хөөмийн урлаг хэмээх биет бус өв соёлын хамгийн том өвөө дэлхийд батлан харуулж, дархлаагаа үүсгэлээ. Хамгийн чухал нь 800 гаруй өсвөр үеийн залуу хөөмийч байна гэдэг нь тэр хэмжээний хөөмийч төрөн гарна гэсэн үг. Тэд өв соёлоо бие сэтгэлээрээ мэдэрч, хөөмийлж сурахын сацуу цааш дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэлтэй болсон нь Монголын биет бус өв соёлын маш том дархлаа болж чадсан. Нэг талаасаа тэднийг ВАКЦИНЖУУЛСАН гэхэд хилсдэхгүй.

Тэнд цугласан хөөмийлдөг хүүх­дүүд хөөмий битийг сурах, түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй байгаа­гаа илэр­хийлж, хүсэлт тавьснаар нэг өдрийн сургалт хийсэн. Хөөмийн шинэ төрлөөр уран бүтээл хийх залуусыг бэлдэх зорилгоор “Ховд-Хөөмий бит” гэсэн хаалттай групп нээн сургалтаа явуулж байгаа бөгөөд улиралд нэг удаа танхимын сургалт явуулж байх саналыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас тавьсан.

Аавын минь эцэг Билэгтийн Самдан өвөө маань Ховд аймгийн Буянт сумын хүн л дээ. Геннист бүртгүүлэх арга хэмжээний дараа өвөөгийнхөө нутгаар очиж, өвгөдийн­­хөө сүнсэнд өргөл болгон сайхан аялгуу тоглон хуурдаж, энерги аваад ирсэн. Өвөөгийн минь нутаг намайг түшиж, хөөмийн урлагийг дэлхийд таниулахад маш том түлхэц болсон гэж бодож байгаа. Бидний түүхэн үйл хэргийн үеэр буюу намайг байх тэр долоо хоногт Ховд аймагт маш дулаахан, налгар намар байсан. Өдөртөө бүр 13-16 хэм дулаахан. Яг сертификат гардаж авахаар тайзан дээр зогсож байхад нар урдаас шарж, нимгэн дээлтэй атлаа наадмаар халууцаж байгаагүйгээрээ их халууцсан. Магад­гүй догдлол ч байсан байх. Гэхдээ л урин дулаан уур амьсгалаар хангай дэлхий, өвөг дээдэс минь зөв зүйл хийж байгаа гэдгийг харуулж байгаагийн дохио юм болов уу гэж бэлэгшээсэн.

Мөн тус арга хэмжээний үеэр тухайн аймагтаа маш том гавьяа байгуулж, амжилт гаргасан, хүндтэй хүндээ өгдөг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсандаа баяртай байгаа.

-“Авьяаслаг Монголчууд” шоуны үеэр аквариумд хөөмийлөхөд хүндрэлтэй байсан гэж дуулсан. Ховдод хаана, хэрхэн хөөмийлөв?

-Би бас бодож байсан л даа, “Аквариум авч очвол их зардал гарна боломжгүй, гол дотор хийвэл хүйтэн байгаа” гэж. Азаар бассейн байсан. Гэхдээ бассейнаа удаан хугацаагаар ашиглаагүй байсан учраас ус маш хүйтэн байсан. Өмнө нь гурван өдөр усан дотор бэлтгэл хийсэн учраас маш их даарч, бээрсэн. Азаар Онцгой байдлын албанаас тусгайлан хүйтнийг тэсвэрлэх хувцас гаргаж өгсөн. Мөн бассейныг цэвэрлэж, зочдын орох заалыг бэлдэж өгсөнд маш их баярлаж байгаа.

Усан дотор 20 секундээс нэг минутын хооронд ямар ч амьсгал авалгүйгээр үзүүлбэрээ тоглосон. Түүнээс илүү үзүүлэх боломжтой байсан ч хүйтэн байсан болохоор болоогүй. Геннисийн хоёр шүүгч “Хаагуур яаж амьсгалж байна аа” гэж асуухад нь “Энэ бол Монгол хөөмийн гайхамшиг, битүү амьсгаа, амьсгалын маш том техник байдаг юм” гэж хариулсан. “Нууцаасаа хуваалцаач” гэхээр нь “Энэ бол нууц аа” л гэсэн. /инээв/ Шүүгчид “Хөөмийг анх удаа хажуугаас нь сонсож байна. Хөөмий бит гэх шинэ урсгалыг олон улсын уран бүтээлчид эерэгээр хүлээн авах байх” хэмээсэн. Ирсэн зочиддоо зориулж хөөмий битээс гадна электро, жазз, хип хопын төрлүүдээс усан дотор битбокс хийж багахан хэмжээний тоглолт үзүүлсэн.

-1500 хүн амьсгалаа нэг зэрэг авч, ямар ч алдаа гаргалгүй хөөмийлнө гэдэг үнэхээр их бэлтгэл, сургуулилт хийсний илрэл байх даа.

-Нэг удирдлагаар бүх зүйл явж байгаа ч өв соёлоо гэсэн зүрх сэтгэлтэй, Геннист бүртгүүлж хамгаалъя, дархлаажуулъя гэсэн сэтгэлээр бүгд нэгдэж, хайр, итгэлцэл, эв нэгдэл дээр бүтсэн учраас хүчтэй ажил болж чадсан.

-Та хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, нам жим байсан. Харин “Авьяаслаг Монголчууд” шоугаар тэсрэлттэй эргэн ирлээ. Хувийн амьдралдаа анхаараад завгүй байв уу?

-Би 2009 онд Япон руу магистр хамгаалахаар яваад 2014 онд Монголд ирсэн. Магистраа хамгаалангаа давхар тэндээ уран бүтээл хийж, өөрийгөө хөгжүүлж байлаа. Монголд ирсэн ч нийтийг хамарсан арга хэмжээнд нэг их ороогүй. Харин 2018 онд хөөмий битээ нийтэд танилцуулах цаг нь боллоо гэж үзэн “Авьяаслаг Монголчууд”-шоунд орсон. Тус шоунд 2010 онд бүтээгдсэн “Тайга” хэмээх бүтээлээ үзүүлсэн.

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Урлагтай холбогдсон түүхээсээ сонирхуулаач?

-Хөөмий бол миний хобби байсан. Хүн ер нь анх хобби, сонирхлоор эхэлдэг. Хобби минь уран бүтээл болж, бүр цаашлаад уран бүтээлч болж Нийслэлийн Улаанбаатар чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил Олон улсын харилцаа, дипломат буюу ер нь төрийн хүн. Өв соёл гэдэг маш том бодлого юм. Би хийж байгаа зүйлээ урлагийн ажил гэж боддоггүй. Энэ бол төрт ёсны ажил буюу гадаад харилцаа, миний үндсэн мэргэжилтэй уялдаатай. Тэр ч утгаараа өв соёлоороо Монголынхоо нэрийг гаргаж явна гэдэг дипломат ажлаас ялгаагүй. Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий болгож байдаг. Уран бүтээлээрээ дэлхийд нөлөөлөх, цаашлаад Монголынхоо залууст үлгэр дууриалал болж, шинэ үеийн эерэг хандлага, хайр, итгэлцэлтэй залуусыг бэлдэхийг зорьж, уриалж, түгээж, манлайлахыг хичээж байна.

Би 2008 онд “Монголын үндэсний битбоксын холбоо”-г байгуулсан. Энэ нь зөвхөн битбоксчдын холбоо биш, Монголын үндэсний гэдэг утгаараа язгуур урлагаар хичээллэдэг, уран бүтээл туурвидаг, тэр дундаа өсвөр үеийн залуусын нэгдсэн холбоо юм. Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй бүх хүмүүст нээлттэй, өргөн холбоо.

Бид арван жилийн ойгоо өнгөрсөн 2018 онд хийсэн бөгөөд өсвөр үеийн 8-12 дугаар ангийн залууст өв соёлын үнэ цэн, бидний ирээдүйн дархлаа юу болох, бид бүхний бахархлын нэг том хуудас нь өв соёл шүү гэдгийг тайлбарлаж, харуулсан “Үндэсний өв соёлын үнэ цэнэ” гэсэн тайлбар төслийг нийслэлийн есөн дүүргийн 60 сургуулийн арван мянга гаруй сурагчдад амжилттай хийж хэрэгжүүлсэн. 2019 онд хөөмийг Геннист бүртгүүллээ. Харин ирэх онд үлдсэн 86 сургуулиар явах, цаашлаад 21 аймгийн залууст өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, таниулах, нийгэмд үзүүлэх эерэг хандлага, бид эв нэгдэлтэй бол ямар хүчтэй, бидний дотоод нөөц, үнэ цэнэ, мөн чанар гэж юу болох, Монгол хүн гэж яг хэн бэ талаарх төслийг хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа.

-Та Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Соёлыг түгээгч”-ээр батламжлагдсан. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний хувьд МЭХ-ны “Соёлыг түгээгч” болсондоо маш их баяртай байгаа. МЭХ гэдэг 100-аад жилийн түүхтэй, маш том байгууллага юм билээ. Эмэгтэй хүн үр хүүхэд, хань ижил, найз нөхөд, хамт олон, найз залуу гээд ойр орчиндоо нөлөөлөхөөс гадна гэр бүлдээ ч давамгай байр суурьтай байдаг. Тэр утгаараа МЭХ нийгмийг өөрчлөхөд онцгой ач холбогдол, нөлөөтэй учраас өв соёлын чиглэлээр олон ажил хамтарч хийхээр төлөвлөж, ярилцаж байна.

-Урлагийнхан яалт ч үгүй нийгэмд зөв үлгэр, дууриал үзүүлэх ёстой хүмүүсийн нэг. Гэтэл сүүлийн жилүүдэд олны танил эрхмүүд элдэв гэмт хэрэгт холбогдох нь ихэсжээ. Энэ талаар таны байр суурь ямар байдаг вэ?

-Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байж орчлон өөрөө өнгөтэй байдаг. Саар зүйл угаасаа байж л байсан. Харин тэр саар зүйлийг илүү их гэрэлтүүлж, гэрэл гэгээг цацруулж, ялангуяа хэвлэлийн салбарынхан гэгээлэг зүйлсийг түгээгээсэй гэж маш их хүсдэг. Би сүүлийн үед сошиал орчныг харахаас, өөрийнхөө зүйлийг тавихаас эмээдэг болсон. Гэрэлтэй мэдээлэл явсан ч гэрэл нь маш бүдэг байна. Тэр гэрлийг харах биш харанхуй руу тэмүүлж байгаа хүмүүс байгаад сэтгэл их эмзэглэдэг. Монголд сошиал орчныг зохицуулдаг хууль батлагдаасай гэж их хүсдэг, дуу хоолойгоо ч хүргэдэг. Хэмжээ, хязгаартайгаар сошиал орчныг хуульчлахгүй бол хэмжээнээсээ давсан маш их сөрөг асуудал гарч байна. Үүнээс болж цаас шиг цав цагаахан сэтгэлтэй хүүхдүүд булингартаж, хэзээ ч арилахгүй хар өнгийн толбо үүсч байна.

Хар өнгө бол ямар ч өнгөнд цагаан болдоггүй хамгийн аюултай өнгө. Тиймээс энэ өнгийг битгий өгөөч, аль болох гэрэл гэгээтэй, цагаан өнгийг нийгэмд түгээгээч гэж уриалмаар байна. Цагаанаа байг гэхэд ядаж цайвар өнгийг түгээе. Хэрвээ та хар мэдээлэл түгээх гэж байгаа бол жаахан ч гэсэн саармагжуулаад саарал өнгө өгөөч. Саарал өнгө бол хоёр талтай. Нэг талаасаа гэгээлэг мэт боловч нөгөө талаасаа хар барааныг илтгэдэг. Өнгөнд хүртэл маш том философи явж байгаа.

Жишээ нь хар тамхи хэрэглэлээ, хэрэглээд хоёрхон жилийн ял авлаа гэдэг мэдээллийг битгий түгээгээч. Мэдээлэл өгөх гэж байгаа субъект нь зөв хэдий ч зорилго нь буруу байна. Нийгэмд хар тамхи татахаар хоёрхон жилийн ял аваад гарчихдаг юм байна гэсэн ойлголтыг өгнө гэдэг хамгийн буруу зүйл юм. Хар тамхи бол хүний мөхлийн эхлэл. Тиймээс энэ зүйлийг сайн, муу аль ч талаас нь битгий сурталчлаач.

Өрөөл нэгэнд хэлэх бус өөрөөсөө эхлэе. Ядаж гэр бүлдээ, цаашлаад хамаатан садандаа хэлж, түгээж, дэлгэрүүлж, хянахгүй бол гуравхан сая хүн амтай Монгол улс 10-20 жилийн дараа байхгүй болно. Тэр үед өв соёл гэж яриад ч нэмэргүй.

-Өв соёл тээгч, түгээгч хүний хувьд Монгол улсын соёлын дархлааг батжуулахын төлөө зорьсон зорилго, зорилтууд их байгаа байх. Хэтийн зорилгоосоо цухасхан дурдвал.

-Зорилго, зорилтоос гадна мөрөөдөл гэж бий. Хамгийн наад захын зорилт Геннис байлаа. Түүнийгээ биелүүлчихлээ. Дараагийн зорилт нь 21 аймагт хэрэгжүүлэх “Үндэсний өв соёлын үнэ цэнэ” төсөл юм. Энэ бол мөрөөдлөөс зорилго, зорилгоос зорилт болсон зүйл. Харин мөрөөдөл маань дэлхийд хөөмий битийг сурталчлан таниулах юм. “The Hu” хамтлаг дэлхийд бидний гүүр болж чадлаа. Үндэсний урлагаар дэлхийд Монгол улсаа сурталчлах, мөн Монгол руу жуулчдыг татах, үндэсний өв соёлын брэндинг үүсгэж, алтаа ухахгүйгээр мөнгө олж, дэлхийд Монголыг дахин таниулсан мундаг хамтлаг гэж боддог. Тэдний гаргасан гүүрээр ядаж алхаад, гүүрний цаана очоод өв соёлоо өөр нэг хэлбэрээр нь харуулъя гэсэн мөрөөдөл бий. Мөрөөдөл минь зорилго, зорилго нь зорилт болоод амжилттай явж байгаа учраас магадгүй хоёулаа 10 жилийн дараа уулзахад “Воов, нөгөөх чинь мөрөөдлөө биелүүлчихсэн байна” гэх болов уу гэж бодож байна. Миний хувьд тийм ч залуу биш, гэхдээ хүнд ямар нэгэн хугацаа гэж байдаг. Тэр өгөгдсөн хугацааг дуусахаас өмнө эдгээр зүйл хийгдсэн байна гэж харж байгаа.

Түүнчлэн ЮНЕСКОД хөөмий битийг бүртгүүлэх бодолтой байгаа. ЮНЕСКО гэдэг нь тэр улсын ард түмэн, дор хаяж мянган хүн тухайн зүйлээр бүтээл хийж туурвидаг бол бүртгэдэг. Тиймээс хөөмийлөнгөө бит хийдэг 1000 хүнийг бий болгоё, Соёлыг түгээе.

Мөн хүмүүсийн оюун санааг хөгжмөөр засах буюу би хэн бэ гэдэг үнэ цэнийг ойлгуулах маш том төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Хөгжмөөр хүнийг хөглөхүй гэдэг маш том философи юм. Хүн хэчнээн уурласан ч хөгжим сонсохоороо тайвширдаг. Өглөө сэрээд л хүүхдийнхээ ааваа, ээжээ гэж дуудах хоолойг сонсоход тэр өдөржингөө ямар гоё аз жаргалтай байдаг билээ. Хүн гэдэг үгээр урамшиж, хөгжмөөр уярдаг уяхан амьтан. Тиймээс энэ зүрх сэтгэлийг өдөөж, энэ нийгмийг өөрчлөх хүсэл зорилгоор дараагийн төсөл, хөтөлбөрөө хийж байна. Үүнийг МЭХ-той хамтарч хийнэ.

Эмэгтэйчүүд бол гэр бүлийг авч явдаг хамгийн чухал хүмүүс юм. Тэд үр хүүхдэдээ сурган хүмүүжүүлж, хань ижилдээ зөвлөдөг. Бид ээжийгээ хайрлаж, эхийнхээ үгийг хүлээж авдагтай адил МЭХ-гоор дамжуулж Монголын эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг засах юм. Ингэснээр гэр бүл салалт, гэр бүлийн харилцааны эвдрэл гэдэг зүйл байхгүй болох болов уу. Хоёр хүний нэг нь буулт хийж, нэг нь төлөв, сайхан сэтгэлтэй байхад хэзээ ч гэр бүлд маргаан үүсдэггүй. Хүний хоолойн өнгөнөөс л бүх зүйл шалтгаалдаг. Бухимдал гэдэг зүйл чанга дуу, яриа, харилцааны өнгөнөөс шалтгаалдаг. Тиймээс хэрхэн бухимдлаа даван туулах вэ зэрэг зөвлөгөө, зөвлөмж өгнө. Гэр бүлийн хүн маань агаарын болон газрын иогийн багш хийдэг. Тиймээс иог, бясалгал, хөгжим хосолсон төслийг эхнэртэйгээ хамтарч хийх бодолтой байгаа.

-Таныг гэр бүлдээ халамжтай сайн хань, сайн аав гэж дуулсан. Гэр бүлээ танилцуулаач. Халамжтай сайн хань байхын тулд эрчүүд юун дээр анхаарвал зохилтой вэ?

- Манайх ам бүл тавуулаа, гурван хүүхэдтэй. Том нь 11, дундах нь дөрөв, бага нь гуравтай. Миний хувьд гэр бүлийн хамгийн чухал зүйлийг харилцаа гэж боддог. Хүмүүст зөвлөгөө өгөх хэмжээний мундаг туршлагатай хүн биш ч гэр бүлийг хагалаад, эвдээд, түлээ болгож хаяхыг боддоггүй. Аль болох тэр зүйлийг нандигнадаг. Эрчүүд ер нь амьдралдаа маш олон зүйлд шунаж амьдардаг. Шунал гээч хүн бүрт байдаг ч шуналынхаа хэмжээг тааруулах хэрэгтэй. Ер нь юу үнэ цэнтэйг мэдэрвэл амьдрал өөрөө гоё, гэгээлэг. Хүний амьдралд итгэлцэл, хайр, хүндлэл хамгийн чухал. Яг үнэндээ би гэр бүлдээ тэр бүр цаг гаргаж чаддаггүй. Ажлын шаардлагаар ийш тийш их явдаг. Эхнэр маань сүүлд “Чи явж болно оо. Гэхдээ хүүхдүүд чинь чамаас холдож байгаа шүү” гэж зүрхэнд ортол маш хатуу үгийг надад хэлсэн. Гэхдээ би өөрөө хүсээд явж байгаа зүйл биш гэдгийг бас ойлгоосой. Яах аргагүй явж байж л том хүсэл, мөрөөдөл минь бүтэх юм.

-Амьдрал, ажлын эрч хүч, энергиэ хаанаас авдаг вэ?

-Надад хамгийн их эрч хүч өгдөг зүйл бол миний хүүхдүүд. Гэртээ ирээд л тэднээсээ маш их урам зориг авдаг. Хүний амьдрал янз бүр, гоё өдөр байхад хэцүү өдөр ч бас байна. Эрэгтэй хүн хэчнээн хатуу, зоримог байлаа ч хугарах үе бий. Тэр үед нь зөөллөж, яаж хугалахгүй байлгах вэ гэдэг нь эхнэр хүний хамгийн том үүрэг, ач тус юм.

Миний хувьд хөгжмөө тоглохдоо энэ дэлхий, ертөнцөөс тасарчихдаг. Сансар огторгуй буюу цаад ертөнцийг төсөөлж уран бүтээлээ туурвин, тэр ертөнцөөр аялаад ирэхэд махан бие дэх бухимдал, ядаргаа, бүх зүйлээ хаяж чаддаг. Мөн байгалиас маш том энерги авдаг. Хүн, байгаль, хөгжмийн холбоогоор байгальтай холбогдож энерги, тайвшрал, бодлогошролыг авдаг. Байнга байгальд гарч чаддаггүй ч гарсан хугацаандаа 30 минутаас нэг цагийн хооронд тухайн байгалийг сэтгэлдээ нүдээрээ бичлэг хийгээд авчихдаг. Дараа нь хөгжим тоглоход бичсэн зүйл маань оюун санаанд минь харагддаг. Жишээ нь, өвөөгийнхөө нутагт хөгжим тоглож байхад хэдий өвөөгөө харж байгаагүй ч яг л уулзсан мэт сайхан мэдрэмж төрсөн. Өвөө нь зулай дээр нь үнсэхэд хүүхдүүд ямар гоё мэдрэмж авдаг билээ. Яг л тийм мэдрэмжийг авсан. Магадгүй миний төсөөлөл хэт их хөгжсөн ч юм уу. Гэхдээ төсөөллөөс илүү нандин учрал байгаа болов уу гэж миний хувьд харж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд МЭХ-ны “Соёлыг түгээгч”-ийн хувьд, өв соёл тээгч, дэлгэрүүлэгчийн зүгээс залууст хандан зөвлөгөө, уриалга хэлнэ үү?

-Ер нь хүнийг хамгийн сайн хүмүүжүүлдэг зүйл бол хөгжим, тэр дундаа язгуур урлаг юм. Хөгжим өөрөө эх оронч үзлийг бий болгодог, байгальтай нь илүү холбодог. Монголчууд байгальтайгаа их ойр байсан учраас хүчирхэг байсан. Харин өнөөдөр энэ зүйл ховорджээ. Ядаж наад зах нь ууланд авирч, алхаж, ургамал, ус, модтойгоо танилцаж, сүүгээ өргөж, ярилцаж, зүрх сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, язгуур хөгжмөө сонсохын зэрэгцээ орчин цагийн урсгалтай хослуулж болно. Зүгээр л нэг өдөр язгуур урлагаа сонирхоод, судлаад, сонсоод үзээрэй. Тодорхой хэмжээгээр чамд мессеж өгнө. Язгуур урлаг, өв соёл гэдэг бидний өмч учраас хүн бүрд нээлттэй. Тиймээс өөрийн өмчөө нээж, хүрч, сонсож, мэдэрч, барьж үз. Ингэснээр өв соёл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг та мэдэрнэ.

Гуравдугаарт, монголчуудад хамгийн их дутагдаж байгаа зүйл нь эв найрамдал. Гэхдээ өсвөр үеийн залуус эв найрамдал, нэгдэл маш өндөр байна. Нийгэм дэх сөрөг зүйлд эерэгээр хандаж, зөв, эерэг зүйлийг түгээж, өв соёлоо хайрлах, түгээн дэлгэрүүлэх зүрх сэтгэлийг илэрхийлж, бусдад түгээгээрэй гэж хэлмээр байна.

Хувь хүн өөрөө яаж энэ нийгэмд эерэг байж чадах вэ гэдгийг ухамсарлаж, бодож явах хэрэгтэй. Наад зах нь бид өв соёлоо судлаад, үзээд, сонсчихсон байхад гадаад улсад өөрийн орны үнэ цэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, таниулах боломжтой. “Монголын өв соёл ийм шүү дээ” гээд нэрийн хуудсаа үзүүлж байгаа мэт бахархалтайгаар ярьж чадна. "Өсвөрийн залуус язгуур урлагаа сонирхохгүй байгаа юм биш, сонирхож байгаа. Гэхдээ мэдэхгүй, судлахгүй, судлах боломжийг нь олгохгүй байна. Бид сэдлийг нь өгөх ёстой".

Аль болох бахархалтай зүйлс гаргая, хилийн чанадад ч өв соёлыг түгээе, соёлтой байдлаа ч харуулъя. Орчин үеийн соёлтой Монголыг биднээс л харна. Хөөмийлж явахдаа гол нь биш дотоод мөн чанар, биет бус өв соёлд хайр, итгэлцэл, соёл өөрөө орно. Биет бус өвд харилцааны соёл хүртэл ордог. Соёлоосоо ч  суралцаж, нэг нэгэндээ зааж, түгээе гэж залуустаа уриалмаар байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

 

Эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн сэтгүүл

Сэтгүүлч Л.Булганчимэг




Холбоотой мэдээлэл