Улс төр


“Тэнгэрийн тойрог”-ийн гадны туршлагууд

6 өдөр, 17 цаг TIMES.MN

С.УЯНГА

Засгийн газрын хуралдаанаар “Тэнгэрийн тойрог” төслийг дэмжиж хэрэгжүүлэхээр болсон ч олон нийт төдийлөн ойлголт тааруухан байна.  Олон улсын нэршлээрээ л “Тэнгэрийн тойрог” гээд байгаагаас  биш зүгээр л давхар зам гээд ойлгочихож болох юм.  Тэгвэл Улаанбаатарын их тойрууг давхар замаар эмжих “Тэнгэрийн тойрог” зам гадны улс оронд ямар байдгийг хүргэе.

Давхар замын төслийг амжилттай хэрэгжүүлсэн бусад орнуудын туршлагаас харахад  улс орнууд өөрийн чадал бололцоо, төсөв санхүүд тулгуурлан давхар замыг ган төмөр болон төмөр бетоноор барьж байгуулж байгаа нь үндэсний компаниудыг дэмжих ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломжийг нээж өгдөг байна. Тиймээс манай улсын давхар замын төслийг хэрэгжүүлэгч “Хотын зам” компани  ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын Ченгду хот, Энэтхэг улсын Мумбай хот, Африкийн Кени улсуудын давхар зам барьсан туршлагыг судалж үзжээ.

 

Энэтхэгийн Мумбай хотын 6.5 км давхар зам

Энэтхэг улсад баригдсан хамгийн анхны давхар замын төсөл нь Мумбай хотод 2003-2014 оны хооронд 11 жилийн хугацаанд хэрэгжиж дуусчээ. Урьд нь тээврийн хэрэгсэл 90 минутыг зарцуулдаг байсан бол замыг давхарласнаар 20 минут зарцуулдаг болжээ. Үүний үр дүнд  Мумбай хотын авто замын түгжрэлийг 4.2 дахин бууруулсан байна. Энэхүү 6.5 км давхар замын төсөл нь Энэтхэгийн улс төрчдийн сонгуулийн амлалт байжээ.

 

Ченгду хотын давхар зам 12 метр өндөрт байрладаг

БНХАУ-ын Ченгду хотод баригдсан тойрог давхар замын төсөл нь манай улсын  хэрэгжүүлэхийг зорьж буй “Тэнгэрийн тойрог” төсөлтэй тун төстэй бөгөөд нийт замын урт 13.1 км тойрог бүхий давхар зам юм. Газраас 12 метрийн өндөрт байрлах ба зургаан эгнээ бүхий. Эгнээ тус бүр 3.5-3.75 метрийн өргөнтэй. Нийт хөрөнгө оруулалт 3.42 тэрбум юань болжээ.

 

Найроби хотод баригдаж буй давхар замын төсөл

Африкийн Кени улсын нийслэл Найроби хотод баригдаж буй давхар замын төсөл нь  тус улсын хамгийн анхных юм. Төслийн өртөг 3.7 тэрбум ам.доллар ба уг хөрөнгө оруулалтыг Дэлхийн банкнаас оруулж харин Кени улсын Засгийн газар 113 сая ам.долларын хөрөнгийг гаргаж “Кесүмү энд Мэрү” компани барилгын ажлыг гүйцэтгэж байна. Уг 3.7 тэрбум ам.долларын хөрөнгийг Дэлхийн банк Кени улсад 30 жилийн хугаацаатай 0.75 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ.

 

“Тэнгэрийн тойрог”-Монголд

Монголд баригдах “Тэнгэрийн тойрог” төслөөр Улаанбаатарын хуучин их тойрууг давхарлаж тойрог хэлбэрийн төлбөрт хурдны зам барих юм. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн  4 зам, урагшаа Нарантуул, цаашлаад Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүрэг, Нарны гүүр наашлаад баруун 4 зам, Гэсэр сүм, 100 айл  гэсэн тойргоор баригдана. Хотын төвийг тойрсон тойрог хэлбэртэй гүүрэн зам дээгүүр цагт 54 мянган машин зорчих боломжтой. Уг зам нь  6-12 метрийн өндөрт, 13 километрийн урттай,  хоёр урсгал,  дөрвөн эгнээтэй, төлбөртэй,  27 орох  гарах цэгтэй байх юм.  “Тэнгэрийн тойрог зам”-ыг барьснаар Улаанбаатар хотын замын түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэсэн тооцоог гаргажээ. Гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах боломжтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар байх аж. Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс ямар нэгэн хөрөнгө мөнгө гарахгүй. Концессоор хийнэ.  Зураг төсөл боловсруулах,  барих, ашиглах шилжүүлэх гэсэн нөхцөлтэй 25 жилийн хугацаатай төсөл байх юм.

Мөн түгжрэлд зарцуулагддаг шатах тослох материал хэмнэж агаарын бохирдол бууруулах, түгжрэлд алдаж буй цаг хугацаа, бухимдлыг арилгах, авто зам барилгын материал үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих гээд олон эерэг үзүүлэлттэй гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.24  МЯГМАР  № 56 (6281 )




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 13 цаг [122.201.23.210]


Тэгээд тэнгэрийн замаа хийгээч. Баричвал нураачих гээд байгаа юм уу. Өөрийнхөө хөрөнгөөр юугаа хийн бидэнд ямар хамаа байгаан. Улсаас хөрөнгө гаргахгүй өөрийнхөө хөрөнгөөр бариад төлбөрөөсөө нөхнө гэж байгаан бол барина л биз