800 ЖИЛ АМГАЛАН ОРШСОН 5 НАСТАЙ ХҮҮГИЙН БУЛШИЙГ ТОНОСОН НЬ
Өлмий дор цас дуугарах шаржигнаан, гутал маань нь хальтран хөл алдахдаа уулга алдах дуу, хүний хөлд өнхрөх булгийн эргийн чулуу, модны чимээ жавартай өдрийн нам гүмийг эвдэх нь тэр. Оргих булгийн гоо үзэсгэлэнд алмайран багийнхнаасаа хоцорч үлдэн ийш тийшээ хараа бэлчээн хөшөө мэт зогсох намайг “сэрээж” явах цаг болсныг сануулав. Дээлийнхээ хормойг дээш шууж, хунгарласан цасруу орж шигдэх дөхсөн туршлагаа санаж ирсэн мөрөө мөшгин гүйх шахуу явсаар багийнхныгаа гүйцлээ. Машиндаа суусан манайхны бүгдийнх нь царайд инээмсэглэл тодорсон харагдана. Ингээд бид цааш давхицгаалаа.
Бидэнд замчилж
яваа М.Батцогт гуай байгальд
явахаараа хөглөгддөг хүн юм шиг санагдсан. Энгэртээ аппарат зүүгээстэй.
Явсан газар бүртээ зураг дарна. Гэхдээ модны мөчир дээр тогтсон цасан сагларга,
булгийн долгион гээд их л нарийвчилж
зурах авах нь хэрэгт дуртай миний нүдэнд тусав. Бас энэ нутагтаа тавь гаруй жил амьдарч байгаа атлаа тэр
орчныг анх харж байгаа мэт сониуцхан
харц нь, бас байгалиараа бахархах сэтгэлийн толь нь нүүрэнд тодорч байс
хийгээд инээд алдах нь сайхан санагдаж
байлаа. Чин сэтгэлээсээ байгалийг хайрладаг хүний илрэл биз. Ирэх болгонд өөр
өөр зүйл ажиглагдахаар түүнд нь баясч
хальсандаа буулгаж үлдээхийг хүсдэг
байх. Энэ нутгийнхаа бүх гол, мөрний ариун уснаас амсч үзэх амлалт өөртөө өгөөд
түүнийгээ хэрэгжүүлж дуусах гэж байгаа хүнтэй ч юу ярихав дээ. Тэрээр машинд
суусан даруйдаа л толгой холбож шад
шүлгийн мөрнөөс иш татаж, үүх түүхийн
“уурхай” –гаасаа дэлгэж эхлэх нь тэр. Дархадын цэнхэр хотгорт 100 жил хүн
амьдраагүй Бусын гол хэмээх газар бий . Ийшээгээ хүссэн болгон яваад очиж
дөнгөхгүй. Зам сайн мэддэг хүнтэй явахгүй бол төөрнө. М.Батцогт гуай энэ
нутгийн хүн атлаа газарчилж дөнгөхгүй, Бусын голын уснаас амсч үзэх хүсэлдээ хөтлөгдөн өмнөх дугаарт өгүүлсэн зад
хийдгээрээ дархад зондоо алдар нь түгсэн Пунцагийн хүү Санжаа гуайд санал тавьжээ. Дуу цөөтэй Санжаа гуай тэр үед
73 настай байв. Мориндоо багахан хүнс,
базаасан жаахан зүйлээ ганзагалж аваад түүний араас дагаад явжээ. Гэтэл замдаа
эргэж ч харахгүй, бас зогсохгүй, ядарсан
ч шинжгүй цааш мацна. Бартаа ихтэй, бургасан доторх жимээр явна гэдэг тийм ч
амаргүй. Сүүлдээ арга ядаж, М.Батцогт
гуай ангаж, Санжаа гуай түр хүлээгээч,
аяга цай ч чанаж ууя хэмээхэд эргэж харахгүй явсаар л. Тийм л гүжирмэг эр аж. Морьноосоо холбирч унах юмуу
эсвэл ачаа бараанаасаа гээвэл өдөр унасан “мах” авахгүй гээд цааш гүрийчих
шинжтэй хүн шүү гэж хэлээд тэрээр хөхрөв. Санжаа гуайгаар тэгж анх Бусын гол
руу явах дөт жимийг заалгаж авчээ. Дараа нь зориг орж хэсэг хүмүүс дагуулаад Бусын гол руу аялалд
гарчээ. Гэвч бургасан доторх нөгөө жимийг
олохгүй будилав. Сүүлдээ чигээ алдаж, за энэ бугын жим байна гээд бараадсан ч
хэсэг яваад л бүдгэрээд алга болчихно.
Нэг өдөр туулсан замыг гурав
хоног явж арай гэж олж очжээ. “Ээ дээ манай ахмадуудаас сурах зүйл мөн ч их
дээ” хэмээгээд машины цонх доош буулгаад
нэгэн уул руу гараараа заалаа.
Тэрээр “Одоо хэдүүлээ Улаан-Уул сумын Мунгараг багийн
нутагт Хориг уулын ойролцоо ирж байна”
гэв. Түүнийг хүүхэд байх цагаас л аав, ижий, нутгийн азай буурлууд энэ уулын
хиргисүүр рүү бүү дөх, өвс ногоог нь бүү тасд, ан амьтныг бүү үргээ
хэмээгээд зүглүүлдэггүй байж.
Эрт дээр үеэс энэ ууланд өвгөд дээдсийг онголдог байжээ.
Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар 78 булш, бунхан оршиж буй аж . 2019 оны үед дээ,
700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн гурван ваар өрөм, нэг ваар
шар тос олджээ хэмээх мэдээлэл түгж дуулиан тарьсан даа. Тэр уулын барааг
дэргэдээс тольдох завшаан ийнхүү олдсон
хэрэг.
Тэбэ ах сүүлийн жилүүдэд түүхийн жимээр археологч,
түүхчидтэй хамтран аялал хийж байгаа болоод ч тэрүү ихэд сонирхон, энэ уулыг
“Хориг” гэж монголчууд нэрлэх болсон ч
учиртай. Уул усны нэр бидний мэдэхгүй “нууцыг”
тээж байгаа шүү хэмээв.
Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их
сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт
археологийн судалгааны “Умард Монгол” төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж,
XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний оргил сэргэн мандлын үеийн маш
ховор олдворуудыг илрүүлж байжээ.
Гэтэл 2018 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул
сумын Мунгараг багийн өндөр настан Баттөр гэдэг эмэгтэй “Манай
хаваржааны хойно, Хориг уулын баахан хиргисүүрийг тоночихлоо. Ухсан нүх, овоолсон шороогоор
дүүрлээ” гэж мэдээлжээ. Тийм мэдээлэл ирэнгүүт судалгааны багийнхан орон
нутгийн засаг захиргааныхантай хамт тэр даруйд нь очиход , хэдэн арван булшийг
тоноод сүйтгэсэн байжээ. Хүний яс, төмөр эдлэл гээд түүхийн баримт болох эд
өлгийн зүйлс хог мэт хөглөрч байв.Тонуулчид бол металл хайгч ашиглан,
үнэ цэнэтэй бүхий л зүйлийг нь цөлмөжээ.
Хамгийн сор нь гурван ваараар дүүрэн хөлдүү өрөм, нэг
ваараар дүүрэн шар тос байв. Энэ өрөм, шар тос яагаад шинээрээ гарч ирэв
гэхээр Дархадын хотгорын бүс нутаг маш сэрүүн уур амьсгалтай, мөнх цэвдэгтэй
холбоотой. Энэ булшнууд нь ихэнхдээ метр гаруй, зарим тохиолдолд хоёр метр
гүнд байжээ. Шаазан ваар учраас тонуулчид металл хайгчаар илрүүлж
чадаагүй, булшны хананд хаяж орхисон байв. Шар тос, өрөм зэрэг
нь Монголын төдийгүй, дэлхийн археологийн түүхэнд Монголчуудын
цагаан идээ боловсруулалтын түүх, хоол хүнсний уламжлал, цаашлаад тахилгын зан
үйл, булшны зохион байгуулалт, бүтцийг тодруулах судалгааны чухал эх үүсвэр
болсон байна. Торгон эдлэлийн тасархай нь л гэхэд алтан утсаар хийсэн, маш
ховор цуглуулга байжээ. Мөн ширэн эдлэлийн
тансаг хийцтэй зүйл ч гарсан байна. Харамсалтай нь тонуулчид юу ч үгүй
бүгдийг нь сүйтгэсэн учраас уранхай, тасархай хэсэг бусаг нь олдсон аж.
“Гарч буй эд өлгийн зүйлсээс нь харвал энгийн улсууд биш. Язгууртнуудын булш
гэдэг нь тодорхой байна” гэж судлаачид тогтоожээ. Монголын түүхийн хэд хэдэн
чухал сурвалжуудад Монголын язгууртнуудыг нутаглуулсан газрыг
“Хориг” хэмээн нэрлэдэг байсан гэж бичсэн нь бий. Маш сонирхолтой нь
энэ уул мөн л “Хориг” гэх нэртэй ажээ. Үүнийг цаашид нарийвчлан
судалж, он цагийн хүрээг нь тогтоовол олон оньсыг нээх биз ээ.
Цэцгэн хээтэй өрөмтэй ваар бол Юань гүрний үед хийгдсэн гэдэг нь дэлхий нийтэд тодорхой болсон байна.
Дээл хувцасыг нарийвчилж судлахад Юань
гүрний үеийн алтан утастай торгоор хийсэн байжээ. Дэлхийд ийм өрөмтэй, шар
тостой хөлдүү ваар олон зуун жил муудахгүй, булш, бунханд хадгалагдаж
ирсэн тохиолдол байхгүй учир гадаадын
судлаачдыг ихэд гайхруулжээ.
Булш тоногчдод
нутгийн зарим нэг хүн газарчилж дагуулж очсон байх магадлалтай аж. Тэдэнд тусалсан гэж нутгийн хүмүүсийн сэрддэг ах, дүү хоёр гэнэт л баяжиж, пургон машин
худалдаж авч унаад, бийлэгжүү загнах болсон гэнэ. Гэвч тэд өөдлөөгүй, дүү нь
нутагтаа самарт явж байгаад унаж нас
барсан, ах нь ор сураггүй алга болсон гэж нутгийнхан шивэр авир хийдэг гэнэ.
Одоо болтол тэр булш тоногчдыг олоогүй. Хэрвээ тэгж цөлмөөгүй бол ихэс дээдсийн булш, бунхан дархадын цэнхэр
хотгорынхоо Хориг уулын энгэрт амгалан нойрсч, түүхийн ховор дурсгал, үнэт зүйлийг хэвлийдээ оршоож
байх байсан биз ээ. Үүний дараа булш
ухагчид бас 5 настай хүүхдийн булшийг ухаж, сэглэснийг
Америк, Монголын судалгааны багийн америк судлаач эмэгтэй газар дээр нь ирж хараад
“Даанч яав даа, 800 жил амар
амгалан оршсон тавхан настай хүүхдийг тайван нойрсуулахгүй” гээд эхэр татан
уйлахыг харах зүрх шимшрэм байжээ. Боломжтой эд зүйлсийг нь сэргээн засварлаж, талын нэг тарсан
ясыг цуглуулж, үйж зүйгээд
буцааж оршоожээ. Энэ хүүхдийн булшинд
маш их алтан эдлэл байсан юм гэнэлээ, түүнийг бүгдийг нь булш ухагчид хуу хамсан гэж нутгийнхан хуучилдаг юм байна.
Ихэс дээдсийн онголсон ариун дагшин газраас олз ашиг хайх байтугай сэтэрхий
тэвнэ ч авч болохгүй , нүгэл хэмээн сургаж ирсэн учир нутгийн сүсэг бишрэлтэй
хүмүүс тийшээ зорих биш бэлээс нь барааг харж залбирчихаад явчихдаг юм байна.
Нээрээ л энэ уул цагаан гантиган чулуу ихтэй юм билээ.
Яагаад энэ газарт ийм чулуу их байдаг юм бол оо хэмээн бодолд дарагдсаар
дараагийн зорьсон газартаа ирлээ.
Үргэлжлэл бий....
Тэмдэглэл хөтөлсөн Допа
Сэтгэгдэл