ДУУНД УЯРЧ ОРГИЛДОГ БУЛАГ
Үдшийн ярианд хэт автсандаа ч тэрүү тэр шөнөжингөө зүүдээрээ аялав. Сайхан зүүдэнд умбан жаргасан хүн чинь өглөө эртхэн сэрж, сэргэг гэгч босоод гадагш гарлаа. Өглөөний мандсан нар, торойх үүлгүй цэлмэг тэнгэр, сэнэгэнэсэн жихүүн агаар, цав цагаан нөмрөгөө нөмөрсөн уулс хараад өвлийн гоо үзэсгэлэнд улам л дурласаар л байлаа. Дархад хүн өглөө босоод л Дэлгэрхан уулаа харж шинждэг гэсэн урд шөнийн яриа санаанд бууж нэрийг нь хэлэхээс цэрвэж хайрхан хэмээн дуудан залбирдаг тэр сүрлэг уулыг ширтлээ. Нүдээ салгахгүй хараа бэлчээх тусам үүлэн дунд сүндэрлэсэн хайрханы бараа улам тодров. Ажиглаж удаан ширтэхээр бусад уулстайгаа залгаа биш салангид сумны зэв шиг сүмбэр уул аж. Тийм болоод л уулсын хаан Дэлгэрхан гэж нэрлэсэн ч байж мэднэ. Нутгийн зон олон хайрханыхаа оройд буд хэр бууснаар нь шинжиж, буд суугаагүй бол хур тунадасгүй, гүн тогтсон бол үргэлжилсэн бороо орно гэж баримжаалдаг гэсэн. Олон зууны турш ажиглаж ирсэн баараггүй “барометр”нь.
Хол газраас анх удаа зорьж ирсэн би ч гэсэн тэр шинжээг сонсчихоод яаж зүгээр өнгөрөөхөв. Хэсэг хором ажиж байснаа нартай сайхан өдөр болох нь дээ гэж хэлээд дотогш орлоо.
Манай багийнхан гарах бэлтгэлээ хэдийнээ базаачихаад ааг нь үнэртсэн, шаргалтсан дархад цай оочоод сууцгааж байв. Тэбэ ах эртэч хүн болохор хар нүд хуулахгүй хамаг хүмүүсийг л сэрээж, цэвэр агаараар цээжээ дүүргэ, өглөөний эртэд газар дөтөлнө өө, нарны ээвэрт үзэсгэлэнт газраа очиж үзнэ ээ гэдэг юм. Би уг нь унтамхай талдаа хүн ч аялалд яваад байгаль эхийн эрчимийг хэрхэн шингээх, хариу талархах үйлд гаршсан хүнийг дагаад бас чиг ахицтай шүү. Ямартай ч хөлд нь чирэгдээд, ядаргаа төвөг болохгүй, тэрүүнхэн тэндээ довоо шарлуулж, дотоод сэтгэлдээ дуулж сонссоноо зураглан буулгаад л явлаа.
Ингээд л бид Улаан-Уул сумын төвтэй ойрхон байдаг Оргих булаг руу явахаар гарцгаалаа. Пүүжээ ах “Допа шалгаагаад байдаг. Танай машинд М. Батцогт хамт явна, хүссэн зүйлээ сумандаа “нэвтэрхий толь” гэгддэг наад хүнээсээ л асуу” гэх нь тэр. Ингээд өчигдөр орой танилцсан Улаан-Уул сумын Тамгын газрын дарга М.Батцогт гуай тайлбарлагч хийхээр болж машинд хамт суулаа.
Цэцэн үг нь цээжинд нь, цэцэг навч ууланд нь гэдэг үгийн утгыг яруу тодоор харуулах хүн бол яах аргагүй М.Батцогт гуай юм. Тэрээр дархадын цэнхэр хотгорынхоо бүх гол мөрнөөс рашаан хэмээн амсая хэмээн өөртөө тангараглажээ.Одоо их цөөхөн газар үлдсэн гэж хэлээд инээмсэглэв. Ус амьтай гэж монголчууд ярьдаг. Тийм болохоор л эртнээс гол, мөрөн, рашаан булгын дэргэд ирээд магнайдаа хүргэж адислаад дараа нь амсдаг нь учиртай буй заа. “Зорьж очсон усныхаа дэргэд очоод суух төдийд л аз жаргалтай болдог доо, үгээр бол илэрхийлэхийн аргагүй дээ” гэж хэлээд тэрээр цонхоор ширтснээ гараараа заалаа. Манай энэ дархадын хотгорын зургийг дээрээс авбал нуур шиг хэлбэртэй. Нуур болгон, гол мөрөн бүр, булаг шанд бүхэн өөр өөрийн гэсэн хэлэмжтэй. Дархадын 13 их овооны урдхан талд Тагна нуур бий. Хулан ундаалдаг ариун ус даа. Бас шүнжигтэй. Та нар Енисэй мөрний эх болох Шишгэд гол орж үзэх байх. Ийм тэсгим хүйтэнд ч хөлдөөгүй мяралзан долиглон урсч буй. Одоо бидний очих газар байгаль эхийн урласан гайхамшиг даа. Улаан тайгын ноён оргил нь Бүстэй хүрэн зүрх уул юм. Таван талаас нь таван их гол эх авсан байдаг. Нэгнээс нь Дэлгэрмөрөн эх аваад Сэлэнгэ мөрөнтэй нийлж цаашаа Байгаль нуур руу цутгана. Хойд гүний гол, Мунгарагийн гол, Хөгийн гол Шишгэдийн хөндий рүү урсч ирээд Шишгэдийн гол болж хоёр тайгаа хуваагаад хойшоо урсч гарна. Цаад талаас нь Бусын гол эх авна. Тэр гол нь Тувагийн нутаг руу урсана. Шишгэд гол буцаж нийлээд Гурван бэлчир болж Бага Енисэй рүү цутгадаг их усны хагалбар юм шүү дээ хэмээн М.Батцогт гуай газар мэдэхгүй надад нүдэнд харагдтал дүрслэн өгүүлж явав. Машины урд талын суудал дээр суусан Тэбэ ах уншсан дуулснаа ярьж, учир утга талаас нь тайлбар өгч, нутгийн хүний яриаг хөгжөөнө. Ингэж хууч хөөрч явах зуур л Оргих булаг дээр ирчихсэн байлаа. Сумын захиргаанаас булгийг хамгаалж хашлага хийсэн учир зорьж очигсод машин тэргээ наана нь тавьж цаашаагаа алхаж хүрнэ.
Өлмий дор цас дуугарч, хөдсөн дэгтийний минь уяаны завсараар дотогш шургалж хөл хайрна. Зарим газраа өвдөг давсан их цастай, хунгарладаг учир дураараа алхахаа больж нутгийн хүний мөрийг дагах нь ээлтэй байлаа. Хэсэгхэн газар ийнхүү алхсаар булгийн ойр орчим ирээд дуу алдав.
Тэсгим хүйтэнд уур савсуулан булаг мэлтэлзэж харагдав. Уур дээшээ хөөрч, моддын орой, мөчирт тогтсон цасыг яг л цэцэгс шиг хэлбэржүүлжээ. Том дэлбээтэй цэцэгсийн дэргэд мушгирч ургасан навчис хөглөрч буй мэтээ. Өндөр саглагар модод цэцгэн хээтэй цагаан “дээлээ” өмсчихөөр ямар эрхэмсэг гэж санана. Ёзоороосоо ховчхорч хажуудах моддоо дэрлэн хэвтэж байгаа юм шиг содон галбиртай мод харц булаав. Дэргэд нь очоод цасан саглаахайнуудад хүрэхэд бутран унах нь сонихон. Жирэвгэр жирэвгэр цагаан цасан цэцэгсээр биеэ ороосон нэгэн туяахан модыг ч тэвэрч үзэв.
Тэр намуухан аниргүйн дунд шувуудын жиргээ ч сонсогдов. Моддын дүрс усанд тусахаараа орчныг үлгэрийн мэт сүрлэг болгодог ажээ. Байгаль эхийн гараар урласан цас , мөсний өргөөнд орж зогсоод тал тал тийшээ нүдээ салгаж чадахгүй ширтэж зогсохдоо “Юун Аватор, тэр бол компьютер график дийлэнхдээ ашигласан, энд бол урлагийн амьд бүтээл” хэмээн дуу алдснаа ч нуух юун. Нутгийн хүмүүс дуун эгшиг зориулж өргө дөө, тэгвэл оргилно гэж тайлбарлав. Гэтэл цэлэлзэн цэнхэртээд тогтуун байсан тэр булаг дуунд хайлж захаасаа оргилж, том том долгио үүсгэх нь тэр. Ижийгийн тухай дуунд бүүр ч уярдаг гэхэд манай багийнхан нутгийн хүмүүстэй хоолой нийлүүлж, “Миний сайхан ээж, Мяндас зөөлөн уян ээжээ” гээд хадааж өгөхөд нөгөөх долгис дууны эгшиг, хэмнэлийг даган хүрээгэ тэлж улам хүчтэй оргилов.
Тэр булгийн дэргэд ирээд ижийгээн би санасан болохоор ч тэр юмуу Ижий булаг гэж нэрлэмээр санагдсан. Ариун сэтгэл өвөрлөж очсон болгоныг эхийн хайраар угтаж, уусан долгилох давалгаагаараа хөглөж хөгжөөн баясгаж хүмүүний сэтгэлийг дүүргэнэ.
Хөхөө өвлийн хүйтэн, хөр зузаан цастай, хөдөлгөөнгүй удаан зогсвол хөл , гараа ч хөлдөөж мэдэхээр жихүүнд хөлдөх байтугай дуу, эгшгийн аялгуунд даган бүжиж, долгилно гэдэг хэнбугайг ч гайшруулж алмайруулна. Ийм орчинд уусаад хүнтэй ч үг солих сөхөөгүй байсан тэр агшин одоо ч санаанаас минь үл гарна. Өвөл ийм өнгөтэй байдаг юм чинь зуны дэлгэр цагт ямаршуухан бол доо гэсэн төсөөлөл төрж, тайгад дахин ирэх хүслийг өрдөнө. Ингээд л тайгыг нэг зорьсон хүмүүс дахин дахин тэмүүлээд байдгийн учиг оршиж буй мэт ээ.
Сэтгэгдэл