Нийгэм


Шуурхай бүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа

9 сар, 3 долоо хоног TIMES.MN

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Завхан аймгийн Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-Уул, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Асгат зэрэг 9 сум цагаан зудтай, Отгон, Сонгино, Цагаанчулуут, Завханмандал, Эрдэнэхайрхан зэрэг таван сум зудархуу байгаа юм.

 Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, Монгол Улсын Шадар сайдын зүгээс холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарах, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Завхан аймгийн хувьд 24 сум 116 баг, 73 мянган хүн амтайгаас 9000 гаруй нь малчин өрх, 3,8 сая малтай.  Энэ өвөл 4.4-62.2 мм-ийн хэмжээтэй хур тунадас 42 удаа орсон бол хамгийн хүйтэндээ Баянтэс суманд-48 градус болж хүйтэрсэн байна.

Аймгийн аюулгүйн нөөцийн 144 тн өвс, 123 тн тэжээл, мөн Улсын нөөцөөс 75 тн тэжээлийг  малчин иргэдэд хөнгөлттэй үнээр олгосон. Одоогийн байдлаар ихэнх сумын аюулгүйн нөөц, малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дуусч байгааг аймгийн Засаг дарга онцолсон.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, ард иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна. Нийт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 100 сая төгрөгийг зарцуулжээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга Д.Батсайхан, шуурхай бүлгээс 950 тн өвс, 950 тн тэжээл, Завханмандал, Ургамал сумдад түргэн тусламжийн автомашин, Онцгой байдлын газар, Тэлмэн суманд шуурхай албаны автомашинуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл