2020,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Шударга байх нь түр зууртаа ашиггүй байж болох ч хэтдээ үр ашгаа өгдөг

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Товч агуулга:

Цэх шулуун, үнэнч, тууштай, бүхнийг тооцоолон, томоор ч, жижгээр ч аливааг харахыг түүний мэргэжил шаарддаг. Харин Д.Нандинцэцэг өөрөөсөө зарчимч, мэдлэгтэй, зөв нэгэн байхыг шаарддаг болов уу гэж бодогдоно. Бэрхшээл, саадыг давж гарч, өөрөө л өөрийгөө бүтээхийг зорьж яваа түүний ярилцлагыг хүргэе.



-Та одоо ямар ажил, төсөл дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Би одоогоор олон улсын, хуулийн “Дачэн Дентонс” фирмийн Монгол талыг хариуцсан захирал, ахлах хуульчаар ажиллаж байна. Манай хуулийн фирм нь дэлхийн 90 гаруй улсын 200 орчим хотод үйл ажиллагаа явуулдаг. Монголд 2014 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхээс гадна хөрөнгө оруулагчдыг улс орондоо татахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. БНХАУ-ын Бүх Хятадын Улс төрийн шинжлэх ухаан, Хууль зүйн дээд сургууль төгссөн болохоор би  Хятадын талаа илүү хариуцан ажилладаг. Манай фирм уул уурхай, барилга, утаагүй нүүрсний цахилгаан станц болон олон улсын шинжтэй томоохон дэд бүтцийн байгууламж, зам тээвэр, цэвэрлэх байгууламж гэх зэрэг төслүүд дээр хөрөнгө оруулагчдыг төлөөлөн төрийн байгууллагууд болон монгол талын компаниудтай гэрээ хэлцэл хийх, хуулийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Хамгийн сүүлд бид шинэ нисэх буудлын хурдны зам барих төсөлд хөрөнгө оруулагч болоод ерөнхий гүйцэтгэгч компанийг төлөөлж Монгол Улсын Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийхээс эхлүүлээд, хуулийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн гурван жилийн турш багаараа амжилттай ажиллаж дуусгалаа. Энэ төсөл бол манай улсад жишиг болохуйц сайхан бүтээн байгуулалт болсон.

 

-Та энэ хуулийн фирмийг яаж анх оруулж ирсэн бэ?

-Би МУИС-н Хууль зүйн сургуулийг эрх зүйч, дараа нь БНХАУ-д хуулийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Хятадад сурахаасаа өмнө Хонгконгийн хөрөнгө оруулалттай компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хуулийн фирмийхээ тухай олж мэдээд судалж эхэлсэн. Хятадад сурч байхдаа 2011 онд партнеруудтай нь танилцаж, ажил хэргийн холбоо тогтоосон юм. Тэгээд Монголд оруулах зориг шулуудан тэдэнд улсынхаа тухай танилцуулж, урьсан. “Дачэн” нь Хятадын ууган, хамгийн том хуулийн фирм болохоор их өндөр шалгуур тавих нь ойлгомжтой. Би хоёр жил гаруй хугацаанд уйгагүй хэлэлцэж байж эх орондоо оруулж ирсэн юм. Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Шантраад за ер нь больё ч гэж бодох үе байсан. Хятад партнерууд надад олон шаардлага, шалгууруудыг тавьсан. Тэд миний ээж, ах дүү нартай маань хүртэл танилцаж, улмаар багштайгаа хамтран байгуулсан хуулийн фирмээ хүртэл татан буулгах нөхцөл тавьсан. Хятад хүмүүстэй ажиллахын тулд тэдний соёл, зан заншил, ааш араншин, сэтгэхүйг сайн судлах хэрэгтэй гэдгийг тэр үеэс ойлгосон. Хуулийн фирмийг Монголд оруулж ирэхэд би олон давааг давсан, энэ утгаараа амьдралдаа гаргасан үнэтэй шийдвэрүүдийн нэг. “Дачэн” нь 2016 онд олон улсын “Дентонс” хуулийн фирмтэй нэгдсэнээр одоо дэлхийн топ хуулийн фирм болоод байна.

 

-Өнөөдрийн эрхэлж буй ажил, хийж буй зүйлсээ сонгоогүй бол ямар салбар, ямар ажил хийх байсан бэ?

-Би багаасаа л хууль хүчний байгууллагад ажилладаг хүн болно гэж боддог байлаа. Дүрэмт хувцас их таалагддаг болоод тэр биз. Хэрэв энэ мэргэжлийг сонгоогүй бол тагнуул эсвэл цэргийн албанд орох байсан байх даа. 

 

-Монголын хөгжлийг ямар байгаасай гэж та боддог вэ?

-Мэдээж, хүн бүр л улс орноо сайхан байгаасай гэж хүсдэг биз. Би улс орныхоо хөгжлийг их өөдрөгөөр хардаг хүн. Маш их гэрэл гэгээтэй ирээдүй бидэнд бий. Айл бүр орлоготой, гэр хорооллын айл өрхүүд маань 0.7 га газар дээрээ өөрийн гэсэн төвийн дулаан шугамд холбогдсон хаус хотхонтой болох, бага насны хүүхдүүд өвчингүй, гудамжаар явж байгаа хүн бүр нүүр дүүрэн инээмсэглэлтэй аз жаргалтай, утаагүй, хоггүй хот болно гэж боддог. Энэ боломжтой. Удахгүй хот маань ийм болж, дэлхийн жишиг хот болно гэдэгт би итгэл дүүрэн байдаг. Энэ бүхнийг хойш нь татаж, хөгжлийг гацааж байгаа гол хүчин зүйл бол улс төрийн тогтворгүй байдал, улс төрчдийн ханаж цаддаггүй шунал, хувийн ашиг сонирхол гэж үздэг. Тэднийг халж, шинэ цус сэлбэж, зоримог, журамтай, зарчимтай хүмүүст итгэл үзүүлж байж бид өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн дарга нарт хамаатай биш юм. Бид ард түмнээрээ ёс жудагтай, зарчимч байж удирдагч нараасаа мөн үүнийг шаардах эрхтэй байна. Тэгээд ч Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар дангаар хичээгээд улсын хөгжил маань сайхан болчихгүй. Тиймээс ард түмнээрээ зоримог, журамтай, зөв хандлагатай, дор бүрнээ хичээж байж сая бид сайхан улсаа, хотоо байгуулж чадна. 

 

-Иргэн хүний хувьд, нөгөө талаас та эмэгтэй хүний хувьд та эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрээ юу гэж тодорхойлох вэ?

-Би феминизмийг дэмждэг. Энэ нь эмэгтэйчүүдэд ижил нөхцөл, боломж олгох ёстой гэдэг итгэл. Харин давуу нөхцөл олгож, зөөлчилнө гэсэн үг биш. Зөвхөн эмэгтэй гэснээрээ түрүү барихын ч нэр биш. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд маань амьдралын ачааны хүндийг үүрэлцэж яваа. Тэр утгаараа удирдах албан тушаалд ч гэсэн оролцоотой, ижил төлөөлөлтэй байх ёстой. Зарчимч, мэдлэгтэй, тууштай хүмүүс хүйсийн хувьд эрх тэгш төлөөлөлтэй байх ёстой болохоос эмэгтэй л бол хэн ч хамаагүй байж болохгүй. Манлайлал гэснээс, юуны түрүүнд бид нэгэндээ дараа болохгүй, дор бүрнээ соёлтой, ухамсартай байж сурмаар байна. Энэ нь эх орныхоо хөгжилд оруулж байгаа хамгийн эхний, наад захын хувь нэмэр гэж боддог. Дарга цэрэг болох нь үүний дараагийн асуудал.

Миний хувьд дэлхийн томоохон хуулийн фирмийн гишүүн болж, түүнийхээ нэр хүндээр Монгол Улсад хөрөнгө оруулалт татаж, хөрөнгө оруулагчдад эрх зүйн дэмжлэг үзүүлэн, улс төрийн нөхцөл байдлыг зөв талаас нь тайлбарлаж, бага ч болов өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж боддог.

 

-Амжилт гэдгийг та юу гэж боддог вэ? Та өөрийнхөө амжилтаа юу гэж тодорхойлох вэ?

Их, бага гэлгүй, хийхээр төлөвлөсөн зүйлээ биелүүлэхийг амжилт гэх юм болов уу. Тухайлбал, гоолиг болмоор байна гээд хоосон яриад нэмэргүй. Фитнесээр тууштай хичээллэж, зөв хооллож, ажил, амралтаа зохицуулж, урт удаан хугацаанд тууштай баймааж үр дүнд хүрнэ. Энэ бол амжилт. Өөрийн амжилтаа бусдынхтай харьцуулах нь чухал биш гэж боддог. Би өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар болсон гэдэг харьцуулалт чухал. Олон сар, жил ажилласан хэлэлцээр маань ажилттай болж талууд гэрээнд гарын үсэг зурах мөч болгон амжилт болдог. Гэхдээ амжилт дан ганц миний бүтээмжээр үнэлэгдэхгүй, эцсийн үр дүнд үйлчлүүлэгчид маань ашигтай ажиллаж, зорьсон үр шимээ хүртэж, төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байх, үр дүнд нь бүтэж бий болсон дэд бүтэц, бүтээн байгуулалтыг харахад бид баг хамт олноороо бахархаж баярладаг.

 

-Амжилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл таны бодлоор юу вэ?

-Бид аав, ээжээсээ наймуулаа. Олон хүн эегүй бол оорцог хүний идэш болдог гэж биднийг сургаж өсгөсөн болохоор бид бүгд амь нэгтэй, хар амиа хичээх бус, бусдыгаа гэсэн сэтгэлтэй болж өссөн. Найман нас хүрээд авга ахындаа хоёр хүүтэй нь хамт эгч нь болж өссөн минь биеэ даах чадварт сургасан байх. Харин спорт намайг шазруун, өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлсэн гэж боддог. Би МУИС-н хуулийн сургуулийн II дамжаанд байхдаа “”БонаЛекс” гэдэг хуулийн фирмд туслах ажилтнаар дөрвөн жил ажиллахдаа ажил гололгүй хийж, Т. Мэндсайхан багш, өмгөөлөгч Ц. Цэрэнжээ, Н. Цогт, Б. Эрдэнэбаяр гээд Монголын урдаа барьдаг мундаг хуульчдын удирдлага доор ажиллаж, маш олон зүйлийг сурсанд талархаж, бахархдаг. 

 

-Таны одоо эрхэлж буй ажлын сул болон давуу тал юу вэ?

-Хуульчийн ажил бол мэс заслын эмчийнхтэй адил, өндөр мэдрэмж шаардсан, маш хариуцлагатай ажил. Алдаа гаргавал үйлчлүүлэгчид маш хүндээр тусдаг. Хүн аяга цай худалдаж авахын тулд гэрээ байгуулдаггүй. Бүх насаараа хуримтлуулсан мөнгөөрөө орон байр худалдаж авахаас эхлүүлээд, олон жил оршиж ирсэн байгууллагыг салхинд хийсгэж болох хэмжээний үнийн дүнгээр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах гэж л гэрээ байгуулдаг. Буруу тооцоолсон гаргалгаа, тэр бүү хэл анзааргагүй алдсан нэг орон тоо, таслал бүхэн засахын аргагүй алдаа болж, үйлчлүүлэгчийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх аюултай байдаг. Гэхдээ сайн хийсэн ажлын үр дүнгээ харах нь хамгийн сайхан байдаг нь ойлгомжтой. Сул тал гэвэл асар их цагаар сууж ажиллах хэрэг гардаг. Нөгөө  талаас, хүмүүс бидний ажлын үнэлгээг ойлгодоггүй. Хэдэн жил сурч, хэдэн жил дадлагажиж, алдаж онож, унаж босож байж онол, практикийн мэдлэг хуримтлуулж, тэрнийгээ нэг цагийн дотор зөвлөгөө болгон өгч буйг ойлгодоггүй нь жаахан харамсалтай байдаг. Хууль зүйн сургуулийн  төгсөх ангийн оюутнаас зөвлөгөө авах, 20 жилийн ажлын туршлагатай хуульчаас зөвлөгөө авах хоёр үүгээрээ л ялгаатай шүү дээ.

Хуульчид бид, улс төр болон нийгэмд өрнөж буй үйл явдлыг цаг тухайд судалж олж авах шаардлагатай байдаг тул мэдээ, мэдээлэлд их ойрхон байдаг. Мөн бидний мэргэжлийн онцлог бол байнга юм уншиж, судалж өөрийгөө цэнэглэж байх шаардлагатай тул энэ нэг ёсны давуу тал болох байх.

 

-Ажил амьдралд мөрдөж баримталдаг зарчим тань юу вэ?

Петровис компанийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл гуай нэгэн ярилцлагадаа “Амьдралд ч, бизнест ч чамтай хамт хол явах хүнтэй л хамтар” гэж хэлсэн байдаг. Би ч энэ зарчмыг ажил, амьдралдаа баримталдаг. Үнэнч, тууштай найз нөхөд, баг хамт олонтой байна гэдэг нь сэтгэл санааг амгалан байлгаж, мөн нуруун дээрх ачааг хугасалдаг.

Хоёрдугаарт, үнэн шударга байх нь түрхэн зууртаа ашиггүй байж болох ч алс хэтдээ үр ашгаа өгдөг гэдэгт итгэдэг. Хуульч хүний хувьд мэргэжлийн нэр хүнд, үйлчлүүлэгчийн итгэл бол гол хөрөнгө нь юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


танхай    1 долоо хоног, 1 өдөр []


Хууль тогтоогч нар өөрсдийн баталсан хуулиа мөрдөхгүй,дээгүүр нь давж гишгэсэн байхад тэр хууль хүчин төгөлдөр байж чадах уу?.Чадна гэж үзэж байгаа бол та наад ажлаа хий,чадахгүй гэж үзэж байвал ийн ярих хэрэггүй.энд шударга үнэн оршино.


танхай    1 долоо хоног, 1 өдөр []


Хууль тогтоогч нар өөрсдийн баталсан хуулиа мөрдөхгүй,дээгүүр нь давж гишгэсэн байхад тэр хууль хүчин төгөлдөр байж чадах уу?.Чадна гэж үзэж байгаа бол та наад ажлаа хий,чадахгүй гэж үзэж байвал ийн ярих хэрэггүй.энд шударга үнэн оршино.