Улс төр


Монголоос Япон руу хийх экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэв

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ирээд буй Кобаяши Хироюкиг өнөөдөр (2020.02.05) хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ноён Элчин сайд Кобаяши Хироюки Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр гурав дахь удаагаа Монгол Улсад томилогдон ажиллаж байгаагаа дурдаад “Монгол бол миний хоёр дахь эх орон гэж хэлж болно. Тиймээс Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэхийн тулд идэвх, зүтгэл гарган ажиллах болно” гэлээ.

    Улсын Их Хурлын дарга, Хэйсэй эринд эхэлсэн манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа Рэйва эринд илүү өндөр түвшинд шинэ агуулга, хэлбэрээр өргөжин баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Япон Улсыг гурав дахь хөршөө хэмээн үзэж, харилцан хамтарч ажиллаж ирсэн түүхэн уламжлалтайг тэрбээр хэлээд, “Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед манай хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож байсан. Энэ нь Монгол, Япон хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцол, түншлэлийг илэрхийлж буй. Монгол Улс шинэ нийгэмд шилжих шилжилтийн үед Япон Улс өгөөмөр дэмжлэг, туслалцаа үзүүлж, ардчиллын институциудыг бэхжүүлэх, чөлөөт зах зээлийн системд шилжихэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн тэмдэглэв. “Говь” үйлдвэр, Хөшигийн хөндийн нисэх буудал, Япон-Монголын сургалтын эмнэлэг гэх зэрэг хоёр орны хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, арга хэмжээ амжилттай, үр ашигтай байдгийг дурдсан юм.

    

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа дээр дурдсан нисэх буудлын байгууламж, сургалтын эмнэлэг байгуулах зэрэг олон асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлж, чухал хувь нэмэр оруулж ажиллаж ирснийг ноён Элчин сайд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сард Японы эдийн засгийн нөлөө бүхий “Никкэй” сонины газраас зохион байгуулсан 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумын урилгыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч, оролцсон явдал нь хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг хэлсэн. Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Цаашид хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, өргөжүүлэх боломж бий гэж үзэж байна. Хоёр орон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч Монгол Улсаас Япон Улс руу хийж буй экспортын хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Тиймээс Элчин сайдын хувиар би үүнд анхаарал хандуулан Монгол Улсын холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэлээ.

    Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд эдийн засгийн харилцаагаа ижил түвшинд хүргэх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга санал нэгтэйгээр тэмдэглэв. Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан хоёр улсын эдийн засаг, бизнес, худалдааны харилцаа эрчимжих боломжтой хэмээн үзэж буйгаа Г.Занданшатар дарга хэлээд “Банк, харилцаа холбооны салбарын үр ашигтай бизнес төслүүдийн амжилтыг харахад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү их боломж бий. Монголчуудын хурд, япончуудын нягт, нямбай зан чанарыг хослуулан олон салбарт харилцан өндөр үр ашигтай хамтран ажиллах нөөц бий гэж харж байна” гэлээ. Түүнчлэн бизнес, худалдааны амжилттай харилцааны суурь болох иргэд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцааг дэмжин хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хэлж байв.

    Япон Улсын хөгжлийн тулгуур бол сайн боловсон хүчин, харин Монгол Улсын хувьд байгалийн баялаг юм. Өөр онцлог, давуу талууд олон бий учир хөгжлийн нөөц, боломж өндөр байгаа гэж үздэг тухайгаа ноён Элчин сайд хэлсэн.

    Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлээд, энэ санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайд Кобаяши Хироюкигоос хүсэв.    

     Үргэлжлүүлэн талууд цаг үеийн асуудал болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.