Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал болно. Энэ хурлаар тус төрийн бус байгууллага дүрмээ шинэчилж, нэрээ сольж, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх ёстой. Мөн тус холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэх учиртай.
Гэвч Ерөнхийлөгч Д.Сарангэрэл нь сонгуульт ажлаа өгөх тун дургүй байгаа бололтой. Д.Сарангэрэлийн хувьд 2019 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэвч сонгогдсон хугацаандаа эмэгтэйчүүдийн төлөө доривтой ажил хийхээгүй гэдэг. Эрүүл мэндийн сайд байхдаа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд нэр холбогдсон, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “улны” гэдэг нэр томьёог гаргаж ирж нийгмийг бухимдуулан, ажлаасаа чөлөөлөгдсөн гэх зэрэг олон шүүмжлэл дагуулсан тэрбээр Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлаа өгөхгүйн тулд холбооны Их хурлыг удаа дараалан хойшлуулжээ.
Түүгээр ч барахгүй ээлжит бус Их хурлыг хуралдуулахдаа хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлыг оруулахгүй хэмээн зүтгэж байгаа аж. МАН болон тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд зэрэг өндөр албан тушаал хашиж явсан хэрнээ хариуцлага хүлээж төрийн бус байгууллагын ажлаа өгөхөөс цааргалж байгаад МАН-ын гишүүд, ялангуяа эмэгтэйчүүдийн холбооныхон дургүйцэж байгаа аж.
Сэтгэгдэл