Улс төр


Ц.Гарамжав: Зургаан настанд зориулж гэр шиг нь дотуур байр, аав ээж шиг нь халамжлах ажилтныг бэлтгэх хэрэгтэй

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


Гэр бүлийн тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?


-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалт  иж бүрнээрээ орж чадаагүй. Нийгэм хөгжиж, эдийн засаг тэлэхийн хэрээр гэр бүлд тулгарах асуудал нь олон болсон. 


Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн оролцоотой, бодлогоор гэр бүлд тулгамдаж байгаа зарим нэг асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг тусгаж өгсөн. Гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулахад нэлээн судалгаатай, үндэс суурьтай  хандах ёстой. Жишээлбэл, хүүхэд үрчлэхтэй холбоотой, гадаадын хүнтэй гэр бүл болсон хүмүүсийн маргаантай асуудал, тэдний үр хүүхдийг хэрхэн бүртгэх вэ, салалтаас үүдэлтэй гарч  байгаа үр дагаврыг яаж, хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт асуудлыг зохицуулах зохицуулалт   нэлээн орсон. Нэг сайн тал нь гэр бүлийн хүмүүжил, боловсролыг сургуулиудад, сургуулийн  өмнөх боловсролд тусгаж өгье гэсэн санаа  орсон. Мэдээж үүнийг дагаад төсөв мөнгийг шийдвэрлэх асуудал яригдаж байгаа.


Монгол Улсад жилд 20 мянган орчим гэр бүл шинээр нэмэгддэг. Нийт 890 мянган гэр бүлтэй. Гэр бүлтэй холбоотой бидэнд ярих юм их бий. Өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа хамгийн том асуудал нь  гэр бүлийн эдийн засаг,  орлогогүй байдал.


Тухайн гэр бүлд байгаа гишүүдийн хоёр, гурвыг нь ажилтай байлгах, ажлын байраар хангах  бодлогыг хамгийн түрүүн төр засаг дэмжиж шийдвэрлэх ёстой. Цааш ухаад үзэхээр ажлын байрыг хэн бий болгох вэ, ажлын байр бий болгогчдоо хэрхэн дэмжих вэ гээд нийгмийн бусад зүйлс нь  уялдаа холбоотой холбогдоод явах учиртай юм.

Одоохондоо гэр бүлийн харилцаанаас үүссэн тулгамдсан асуудлыг зах зухаас нь оруулж ирсэн болохоос биш гэр бүлийн ажилгүй, орлогогүй байдлыг арилгах, гэр бүл салалтын гол шалтгаан эдийн засгийг дэмжих талаар шийдвэрлэж чадаагүй. 

Цаашдаа дэлхийн бусад орны  адилаар төрийн бодлого нь гэр бүл рүүгээ чиглэсэн, гэр бүлээрээ дамжиж нийгмийн хөгжил, бусад асуудал нь гэр бүл дээрээ төвлөрч явдаг,  түүнд тулгуурлаж бодлогуудаа хэрэгжүүлдэг байдал руу манай улс адилхан явах ёстой.

Олон Монгол залуус гадаадад эдийн засгийнхаа асуудлыг хөөгөөд ажиллаж байна. Үүний цаана олон гэр бүл салж байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд л зургаан настай хүүхэд сургуульд ороход аав, ээж нь салж байна. Яагаад гэхээр хөдөөний малчин гэр бүлийн хүүхэд нь сургуульд орох болоход ээж нь хүүхдээ дагаад сумын төв дээр, аав нь хөдөө малтайгаа үлддэг. Энэ хоёрын хооронд 4,5 жил тусдаа байхаар гэр бүл салж байна.  Нийгмийн бодлогыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм л даа.


Энэ жишээн дээр яаж гэдгийг нь авч үзвэл  зургаан настай  хүүхдийг сумын төв дээр сургахын тулд гэр шиг нь байрны орчинг бүрдүүлж, хайрлаж халамжлах, эцэг, эх шиг нь анхаарал тавьдаг байх ажилтнуудыг бэлтгэх хэрэгтэй. Ингэж иж бүрэн цогцоор нь тэр гэр бүлийг хамгаалах харилцааг зохицуулах шаардлагатай байгаа юм.


Гэр бүлийн бодлогын нэг чухал зүйл нь хүүхэд хамгааллын асуудал.Төрөөс гэр бүлийг зах зухаас нь дэмжээд эхэлж байна. Гэтэл нөгөө талдаа гэр бүл үүрэг хариуцлагатай байх ёстой. Гэр бүлийн үүрэг хүүхдээ хэрхэн харж хандах ёстой юм. Аав, ээж, эмээ, өвөө хэн байдаг юм тэд бүгд балчир үрсээ хайрлаж, хамгаалж, анхаарал хандуулах үүрэгтэй.  Энэ асуудал дээр хатуу хариуцлага байх ёстой. Жишээлбэл, хүүхдийг машинд тээвэрлэхдээ зориулалтын суудал дээр суулгах гэх мэтчилэн наад захын олон зүйлс байна.

Мөн хороон дарга, багийн дарга нарын хамгийн нэгдүгээрт хийх ёстой ажил нь гэр бүлийн судалгааг хийх ёстой. Гол ажил нь иргэдтэйгээ тулж ажиллах, гэр бүлийг бэхжүүлж хамгаалах. Зорилтот бүлгээс гадна гэр бүлийг тайван амгалан  байлгах ,гэр бүлийг хөгжүүлэх, улам бат бэх болгоход юу хэрэгтэй, шаардлагатай байгааг нь  тулж ажиллаж мэдэж байх ёстой хүмүүс. Энэ хүмүүсийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх  ёстой гэж би  үзэж байгаа.


-Гэр бүлээ батлуулахгүйгээр хамтран амьдардаг хүмүүс олон байдаг. Салж, нийлнэ. Дунд нь хүүхэд хохирдог. Хамтын амьдралын гэрээ гэдэг шинэ зүйлийг хуулиар оруулж байгаа юм билээ?


-Гэр бүлээ батлуулаагүй хоёр саллаа гэхэд байр, машинаа хэн нь авах вэ гэдэг асуудал манай улсад хуулиар зохицуулагдаж байгаагүй. Нийгмийн хөгжил, гэр бүлийн харилцаанаас үүдээд гэр бүл салахад яах вэ гэдэг үр дагаврыг зохицуулах заалт оруулсан. Бусад улс оронд байдаг. Манайд бол шинэлэг л зүйл гэж хэлж  болно.


-Хэнэггүй гэх үү хариуцлагагүй гэх үү, зарим аав, ээж бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг цоожилж үлдээдэг эсвэл унтуулаад малдаа явчихдаг. Үүнээс нь болж хүүхэд хохирсон харамсалтай жишээ олон бий. Энэ тохиолдолд аав, ээжид үүрүүлэх хариуцлага нь юу байх вэ?


-Яг үнэн. Энэ асуудлыг Гэр бүлийн тухай хуульд оруулж өгсөн. Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нь юу байх юм. Ялангуяа, аав, ээжүүд хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээвэл яах вэ гэдгийг тодорхой оруулж өгсөн. Хүүхдээ ганцааранг нь гэртээ үлдээснээс болоод хүүхэд хохирч байвал цэвэр эцэг, эхийн буруу. Одоохондоо мөнгөн торгуулийн хэмжээг тусгаж өгсөн байна. Хэрэв хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээснээс болоод хүүхэд хохирсон бол 300 мянган нэгжээр торгоно ч гэдэг юм уу. Цаашдаа хариуцлагыг нэлээн чангалж байж аав, ээжүүд хариуцлагаа ухамсарлаж ойлгох байх. Миний бодлоор хуулийг хэрэгжүүлэх хамгийн чухал. Бодит жишээтэй, мэдээллийг түгээмээр байна. Нийгмийн соён гэгээрүүлмээр байна, аав, ээжүүдийг хариуцлагажуулмаар байна.


-Энэ удаагийн парламентад хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон. Хүүхэд эмэгтэйчүүд хохирсон  сэтгэл өвтгөсөн  хэрэг олон  гарах юм. Тэр бүрд эмэгтэй гишүүд хаана  байна вэ, юу хийж байна вэ гэхчлэнгээр  дуу хоолойг нь нийгэм нэхдэг. Эмэгтэй гишүүд яаж хамтарч ажиллаж байна вэ?


-Айхтар хэргүүд их гарч байна. Мэдээж бид бусад ээжүүд, эмэгтэйчүүдийн адил сэтгэл өвддөг. Тэр болгон дээр гараад сэтгэл өвдөж байна, би ийм байна гэж болохгүй юм. Би хувьдаа боддог юм. Улс төрч хүнд ноён нуруу байх ёстой. 

Тэртээ тэргүй эмэгтэй хүнийхээ хувьд эмзэглэж, шаналдаг. Би Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хуулиар хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гээд бүлэг байгаа. Уг нь гэмт хэрэг зөрчил гараагүй байгаа дээр нь гэр бүл, хүүхдийн судалгааг сайн хийгээд сургуулийн нийгмийн ажилтан сургууль дээр нь, хорооны нийгмийн ажилтан гэр бүлийнх нь орчинд хамгаалбал гэмт хэрэгт хүүхэд хохирохгүй байх боломжтой. Жишээлбэл, Гарамжав гуайнх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь тэр, тэр сургуульд явдаг. Эмээ, өвөө нь сургуулиас нь  авдаг гэх мэт судалгааг сайн гаргаад хэн хэн нь хаа хаанаа хараа хяналтаа сайжруулбал хүүхэд гэмт хэргийн золиос болохгүй. Үүнд шаардлагатай санхүүжилтийг нь ч Хууль зүйн яам сайн баталж өгсөн шүү дээ. Зөрчил, Эрүүгийн хуулиас орж байгаа торгуулийн 40 хувиас доошгүй хувийг  Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд зарцуулна гэж оруулсан байгаа. Мэдээлэл өгсөн иргэнийг хүртэл урамшуулаад  тал талдаа хариуцлагатай хяналттай байвал хүүхдүүд гэмт хэрэгт өртөх нь буурна.  Гэмт хэрэг бидний амьдралын эргэн тойронд л гарч байна шүү дээ. Гудманд, гэрт нь, сургуулийн орчинд. Хараа хяналтаа сайжруулаад нийгмээрээ хариуцлагатай болчихвол гэмт хэрэг буурах бүрэн боломжтой.

Гэмт хэрэг зөрчлийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь олон асуудалд дарагдаад ил харагдахгүй байна. Ядахдаа эмэгтэйчүүд бид энэ хуулиа хэрэгжүүлээч ээ гээд шаардмаар байна.

Энэ хууль их хэрэгтэй хууль юм. Жишээлбэл, хулгай, дээрэм хийгээд суллагдсан нэг нөхөр дээр анхаарах хууль. Энэ нөхөр ажилд орж уу үгүй юу, дахин муу юм хийх гэж  байна уу үгүй юу гэдгийг иргэдийн ч юм уу  нийгмийн ажилтан нь анхаарч, зохих  байгууллагад нь мэдээллээ өгнө. Шат шатандаа бид анхаарлаа сайжруулах юм бол гэмт хэрэг хамаагүй багасах  боломжтой гэдгийг л хэлье.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.