Аналитик


Монгол улс урт зам тууллаа - Одоо эдгээр ололтыг бэхжүүлэхэд юу шаардлагатай вэ?

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч, хатагтай Виктория Кваква Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрийн сэтгэгдэл бүхий  нийтлэлийг Дэлхийн банкны  цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 


Эдийн засгийн тогтвортой сэргэлтийг хадгалахын тулд эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн оновчтой менежмент хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.  


Намайг хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсад айлчилж байх үед тус улсад эдийн засгийн гүнзгий хямрал, төсвийн ихээхэн алдагдал, тогтворгүй өндөр өр нүүрлэсэн байлаа. Түүнээс хойш гайхалтай сайн өөрчлөлтүүд бий болжээ. Үүнд чухал нөлөө үзүүлсэн нэг хүчин зүйл нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг олон улсын байгууллагууд, түншүүдийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас хэрэгжүүлж, хүчин чармайлт гаргасан явдал бөгөөд үүнд талархууштай юм. 2017 оноос хойш эдийн засгийн өсөлт дунджаар 6.5 хувьтай байсан ба 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ний 15.3 хувьд хүрээд байсан нь эрчтэй буурч харин эсрэгээрээ өнгөрсөн онд 2.6 хувийн ашигтай гарч, өрийн хэмжээ буурчээ. Гэхдээ өрийн хэмжээ өндөр хэвээр байгааг хэлэх нь зүйтэй. 


Дэлхийн банк энэхүү ахиц дэвшлийг нөхцөлдүүлэхийн тулд төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжийн зарцуулалтыг сайжруулах, хувийн хэвшлийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх зорилт бүхий төсвийн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлэн, дэмжлээ. Олон улсын санхүүгийн корпораци болон Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг дахь бидний хамтран зүтгэгчид нар санхүүгийн болон уул уурхайн салбарт хамтран ажиллаж, энэхүү ахиц дэвшилд хувь нэмрээ оруулсан. Дэлхийн орлого багатай орнуудад хөнгөлөлттэй санхүүжилт олгодог Дэлхийн Банкны Группын Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улс удахгүй ахиж дунд орлоготой улс орны статустай болж байгаа нь Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад итгэх итгэлийг бататгалаа. 


Эдгээр ахиц, дэвшилд хүрсэн ч гэлээ цаашид хийх зүйл их байна. Олон улсын төлөв байдал улам бүр тогтворгүй, эргэлзээтэй болж байгаа энэ үед тууштай байдлыг хангаж, бодлогын өөрчлөлтөөс зайлсхийж, шаардлагатай шинэчлэл хийхэд олон нийтийн зүгээс өргөнөөр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар гурван гол эрсдэл тулгараад байгааг онцолъё.


Нэгдүгээрт, ядуурал өндөр хэвээр байна. Үндэсний статистикийн хорооны урьдчилсан тооцооллоос үзэхэд хотын ядуурлын түвшинд ахиц гарахаа больж, зогсонги байдалд хүрчээ. Нөгөө талаас махны үнэ өндөр байгаа нь малчид, хөдөө орон нутгийн иргэдэд эерэгээр нөлөөлж байгаа хэдий ч уул уурхай болон үйлдвэрлэлийн салбарын ашиг нь нийгэмд хүртээмжтэйгээр очихгүй, тэр дундаа хотын хүн амын дийлэнхэд нь орлогын боломжийг бий болгож, хүрэхгүй байна. Тиймээс илүү их, илүү сайн ажлын байр бий болгох нь нэн тэргүүний зорилт хэвээр байна.


Хоёрдугаарт, иргэдийн амьжиргааны түвшинг тогтвортойгоор сайжруулахын тулд институцүүдийг илүү хүчтэй болгож, засаглалыг сайжруулах хэрэгтэй байна. Энэ нь хувийн хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг илүү чанартай болгох чухал ач холбогдолтой юм. Гуравдугаарт, санхүүгийн салбар болон улс орны гадаад тэнцвэр нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлын “Ахиллесийн өсгий” буюу сул тал болсон хэвээр байна.


Эдгээр эрсдэлийг арилгах, өсөлт-уналтын мөчлөгийг зогсоохын тулд бодлого боловсруулагчид юу хийж чадах вэ?


Засгийн газраас шинэчлэлийн чиг хандлагаа хадгалах хэрэгтэй. Ингэхдээ хувийн секторт ажлын байр, өндөр орлого олох боломжийг бий болгох үйл ажиллагаанд илүү их анхаарлаа төвлөрүүлэх ёстой ба төсвийн аливаа шахалтаас зайлсхийж, өмнөх алдаатай туршлагаа давтахгүй байх хэрэгтэй. Үүнд хүрэхийн тулд хөрөнгө оруулалтын орчин ил тод, урьдчилан таамаглаж болохуйц байвал зохино.


Ядуу, эмзэг өрхүүдийг хамгаалж, дэмжих хэрэгтэй. Үүний тулд нийгмийн хамгааллын системийг улам боловсронгуй болгож, халамжийн бодлогыг илүү оновчтой чиглүүлэх боломжтой. Төсвийн алдагдалд нөлөөлөөд байгаа тэтгэврийн тогтолцооны талаар мөн арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд илүү зоримог шинэчлэл шаардлагатай болов уу. 


Санхүүгийн секторт тулгараад буй эрсдэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. ОУВС-тай тохиролцсоны дагуу банкны салбарыг амжилттай дахин хөрөнгөжүүлэх нь болзошгүй гадаад сөрөг цочролын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах юм. Монгол Улс энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй. Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас гарахын тулд Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх асуудлаа шийдвэрлэвэл зохих ба энэ нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт татах боломжийг хадгалах юм. 


Эцэст нь хэлэхэд, Монголбанк валютын ханшийг илүү уян хатан болгож, интервенцийн хэмжээг хязгаарлах боломжтой. Эдийн засаг харьцангуй тогтвортой хэвээр байгаа энэ үед валютын ханшийн уян хатан байдалд хадгаламж эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдыг дасгах хэрэгтэй юм. 


Сүүлийн гурван жилийн хугацаанд олсон ололт амжилтыг үндэслэн эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхэд олон улсын байгууллага, орнууд нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 1991 оноос хойш Дэлхийн банк нь Монгол Улсын байнгын түнш байсан бөгөөд нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг олгожээ. Бид дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн. Өнөөдрийг хүртэл гаргасан ахиц дэвшлийг бид өндрөөр үнэлж байгаа ба ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй, дундаж орлоготой улс орон болох зорилт бүхий Монгол Улстай түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлнэ гэж найдаж байна.


Монгол Улс урт замыг тууллаа. Эдгээр үр дүнг хамтдаа бэхжүүлье.


Эх сурвалж: https://www.worldbank.org/en/news/opinion/2020/01/15/mongolia-has-come-a-long-way---what-is-needed-to-consolidate-these-gains?fbclid=IwAR0xGe_d7uNgwPEFClIaHoD-acN9sUU-sVh6hV2rV_ZJtvBcQjhUjRW3TZg





Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
5 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [183.81.171.2]


ЯГ ҮНЭНДЭЭ МОНГОЛЧУУД БИД ЮУ ХИЙЖ , БҮТЭЭЖ БАЙНА ВЭ? НЭГ ШИРХЭГ ОРЧИН ҮЕИЙН САВ ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА УУ? НААД ЗАХ НЬ ШҮҮ ДЭЭ ..ХАХА ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ? ОУВС - ХАН ҮҮНИЙГ МЭДЭЖ БАЙЖ ЮУНД БИДНИЙГ ХООСОН МАЛГАЙ ӨМСҮҮЛНЭ ? ЭНЭ ЧИНЬ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [183.81.171.2]


ЯГ ҮНЭНДЭЭ МОНГОЛЧУУД БИД ЮУ ХИЙЖ , БҮТЭЭЖ БАЙНА ВЭ? НЭГ ШИРХЭГ ОРЧИН ҮЕИЙН САВ ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА УУ? НААД ЗАХ НЬ ШҮҮ ДЭЭ ..ХАХА ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ? ОУВС - ХАН ҮҮНИЙГ МЭДЭЖ БАЙЖ ЮУНД БИДНИЙГ ХООСОН МАЛГАЙ ӨМСҮҮЛНЭ ? ЭНЭ ЧИНЬ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???