Нийгэм


АШУҮИС, Харвардын АУС-ийн хамтарсан “Training to Clinicians” сургалт эхэллээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын нэг АШУҮИС-ийн хамт олон судалгаанд суурилсан их сургууль болох зорилго тавьж, энэ хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Харвардын Их Сургуулийн Анагаах ухааны сургуультай хамтран “Training to Clinicians” сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг  Харвардын АУС-ийн профессор багш Kеннет Кристофер, Д.Ганмаа, Жеми Робертсон, Диора Спот­емeн нар хөтлөн явуулна. Сургалтанд АШУҮИС-ийн эмнэлзүйн тэнхмийн 50 багш, бусад их дээд сургууль болон эмнэлгүүдийн 50 орчим эмч нар хамрагдаж байна. Сургалтын эхний удаагийн семинар 2020 оны 01 сарын 13-16-ны өдрүүдэд АШУҮИС-д зохион байгуулагдана.

Ж.Цолмон: Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тэгшитгэх боломжийг бүрдүүлэхэд манай сургууль манлайлан ажиллаж байна

 /АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор/

АШУҮИС Харвардын их сургуулийн Анагаахын Их Сургуультай хамтран “Training to Clinicians” эмнэл зүйн судалгааны сургалтыг багш, эмч, судлаачдад  зориулан зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь эмнэл зүйн судалгаа, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, инновацийн тухай цогц мэдлэг, ур чадвар олгох зорилготой, онлайн болон семинарт сургалтыг хослуулсан Харвардын сертификат олгох тусгай сургалтат хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдсан суралцагчид нь онлайн хэлбэрээр онолын мэдлэгийг 6 сарын турш хүлээж аахаас гадна 2 удаа Харвардын их сургуулийн багш нараар удирдуулсан 4 өдрийн сургалтад хамрагдах юм.

Сургалтын шинэлэг орчинд дэлхийн нэрт эрдэмтэн судлаачдаас суралцах, тохиолдол дээр ажиллах,бусадтайгаа мэдээлэл солилцох зэрэг хэлбэрээр судалгаа явуулах, судалгааны баг бүрдүүлж ажиллах, эмнэл зүйн ёс зүйтэй холбоотой асуудлыг тодорхойлох, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, эмчилгээний чанарыг сайжруулах, инновацийг нэвтрүүлэх, стратеги боловсруулах, бусдыг манлайлах зэрэг ур чадварыг эзэмших юм. Түүнчлэн сургалтын үеэр Харвардын номын санд нэвтрэх, канвас онлайн системийн сургалтыг ашиглах эрхтэй болсноор бүх онлайн курс бүхий вебинарт хамрагдах, шалгалт өгөх, зарлал хүлээж авах, асуулт боловсруулах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болж байгаа юм.

Хамгийн гол нь Монгол Улсад анхны их сургуулийн эмнэлэг байгуулагдсан энэ үед эмнэл зүй, эрдэм шинжилгээ, сургалт гэсэн гурван функцийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Нөгөө талаар дэлхийн нэр хүнд бүхий сургуулиудын сайн туршлагыг нутугшуулах, өөрийн онцлогийг шингээсэн хөгжлийн стратеги гаргаж, арга аргачлалыг боловсруулахад, мэдээлэл мэдлэг олж авах, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал үүрэг гүйцэтгэх сургалт болох юм.

2018 онд  анх Харвардын сургуультай хийсэн сургалтыг зөвхөн багш нарт зориулан явуулж байсан бол энэ удаад АШУҮИС-ын болон бусад анагаахын боловсрол олгож байгаа эмнэл зүйн багш нар, эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг хамруулж байна. Ингэснээр мэдлэг мэдээллээр хангагдаж, мэдлэгийг тэгш хуваалцах, улмаар тэдэнд олгосон мэдлэгээр дамжуулж, Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тэгшитгэх боломжийг бүрдүүлэхэд манай сургууль манлайлан ажиллаж байна” гэлээ.

Тус сургалтыг анагаах ухааны боловсрол олгох, хүн төрөлхтөний хуримтлуулсан оюуны арвин их санг хойч үед залгамжлуулан өвлүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг гүйцэтгэж буй багш судлаачдыг хамруулан, АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

АШУҮИС Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуультай хамтарсан T2T (Training to Teachers) хөтөлбөрийг суралцахуйн холимог (Blended Learning) хэлбэрээр өмнө нь зохион байгуулсан туршлагатай бөгөөд уг сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид нь

– суралцахуйн онолыг эмнэлзүйн сургалтанд хэрэгжүүлэх,

– хөтөлбөрийн тасралтгүй шинэчлэлийг удирдан явуулах,

– суралцагчдыг суралцахуйн үр дүнгээр үнэлэх,

– оролцогчдын түвшинд тохируулан арга зүйг сонгон хэрэгжүүлэх,

– гарын авлагыг суралцахуйн зорилготой уялдуулан зохион хэрэглэх

ур чадварыг эзэмшиж, Харвардын АУС-ийн төгсөгч болсон.

Энэ удаагийн удаагийн хөтөлбөр (Training to Clinicians) нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм судлалын үйл ажиллагааг дэмжих, судалгааны аргазүйн орчин үеийн ололт амжилт, мэдээ мэдээллээр хангах, судлаачдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжиж байна. Анагаах ухаан, эрүүл мэндийн эрдэм судлалын ажлын дийлэнх нь АШУҮИС-д хийгддэг бөгөөд тус их сургуульд ажиллаж буй  эрдэмтэн судлаачдын чадавхийг хөгжүүлснээр эрдэм шинжилгээний бүтээлийн чанар чансаа дээшлэн, олон улсын түвшинд манай эрдэмтэдийн нэр хүнд улам өснө гэдэгт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талууд итгэлтэй байгаа аж.

П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.