Нийгэм


НӨАТ-ын баримтын бүртгэл алдаатай иргэд нэгдүгээр сарын 15-наас өмнө бүртгэлийн мэдээллээ засварлах шаардлагатай

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болсон. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоо мэдээлэл гарах юм байна.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тиймээс иргэд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгах хэрэгтэй.

Иргэд НӨАТ-ын суутган төлөгч хувь хүн, ААН, байгууллагаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа Е баримт системд бүртгүүлж, төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтын урамшууллыг дараа оны нэгдүгээр улиралд авдаг. Тэгвэл энэ 2020 оноосэхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болоод байна. Нэг ёсондоо тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

КАПИТАЛ БАНК СОНГОСОН 309 ИРГЭН БАЙНА

Татварын ерөнхий газрын татварын байцаагч Н.Жаргалцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

image

-Иргэд мэдээлэл нь алдаатай хирнээ засахгүй яваад байна. Одоогоор хэчнээн хэрэглэгчийн мэдээлэл алдаатай байна вэ?

-Е баримтаа бүртгүүлэх хугацаа энэ сарын 8-нд дууссан.2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13.090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43.714 иргэн байгаа. Мөн Капитал банкны сонголттой иргэд байгаа. Капитал банкыг сонгосон 309 иргэн байна. Тэдний гар утасны Е баримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Эдгээр иргэд нэгдүгээр сарын 15-наас өмнө хэрэглэгчийн хэсэгтээ бүртгэлийн мэдээллээ засварлах шаардлагатай.

-Үнийн дүн зөрүүтэй баримтууд нэлээд байдаг. Үүнийг яаж засварлах вэ?

Үнийн дүн зөрүүтэй болон аж ахуйн нэгж ирүүлээгүй гэсэн баримтууд байдаг. Үнийн дүн зөрүүтэй байгаа нь тухайн хэрэглэгч баримтаа бүртгүүлэхдээ үнийн дүнгээ алдаатай оруулснаас болж байгаа. Үүнийг засварлахын тулд тухайн баримтын 33 оронтой тоог бүртгүүлснээр тухайн баримт бүртгэгдэнэ. Харин аж ахуйн нэгж ирүүлээгүй байна гэдэг нь хэрэглэгч тоогоо буруу оруулнаас болж байгаа. Мөн ААН –үүд төлбөрийн баримтаа 72 цагийн дотор илгээгээгүй учраас алдаатай байгаа юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгаажуулах ёстой. Үнийн зөрүүтэй болон аж ахуйн нэгж илгээгээгүй баримтыг шалгаж болно.

-Арванхоёрдугаар сарын тохирол хэзээ явагдах вэ?

-НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.

-Баярлалаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.