Эдийн засаг


Н.Батжин: Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.


-Он гарсаар валютын ханшид ямар өөрчлөлт орсон бэ?


-Монголбанкнаас зарласан ханш өнөөдрийн байдлаар /2020.01.06/ ам.доллар 2,735 төгрөг байна. Харин юань 392 төгрөгтэй тэнцэж байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш нь 3.4 хувь өссөн. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч байгаа мөнгөний урсгалаас их байсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарлаа. Манай улс руу орж буй мөнгө нь өссөн үзүүлэлттэй байснаар гадаад валютын нөөц нэмэгдэж 4.2 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт зэрэг багтдаг. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн нь 2019 оны төгсгөл рүү ханш өсөхөд голлон нөлөөлөв. Өдгөө зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд саарал жагсаалттай холбоотой ямар нэгэн эрсдэл байгаа эсэхийг өөрсдийн үнэлгээний мэдээ, тайландаа дурдаагүй байгаа.


-Сар шинийн баярын өмнө валютын үнэ өсдөг. Энэ үеэр гаднаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?


-Валютын ханшийн богино хугацааны огцом өөрчлөлтийг хязгаарлах зорилгоор Монголбанкнаас тодорхой арга хэмжээг авах боломжтой байдаг. Тухайлбал, банк хоорондын захад долоо хоног бүрийн хоёр дахь, дөрөв дэх өдрүүдэд дуудлага худалдаа явуулж, валют нийлүүлдэг. Он гарснаар 2 удаагийн дуудлага худалдаагаар нийт 72.2 сая ам.доллар нийлүүлсэн. Тэгэхлээр нэг талаас нөөцийг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг авахаас гадна ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор банк хоорондын захад интервенци хийж байна. Эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой, 2019 он харьцангуй эерэг жил байсан. Гэхдээ түүхий эдийн экспортоос голлон хамаардаг гадаадаас ихээхэн бараа, үйлчилгээ импортолдог эдийн засагтай орны хувьд ханшийн урт хугацааны шийдэл нь тогтвортой бөгөөд тодорхой гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого юм.


-Энэ онд төгрөгийн ханш суларна. Мөнгөн хуримтлалаа доллар болгож хадгалах ашигтай гэж ярьж байна. Энэ тухайд?


-Монголчууд богино хугацааны валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөг хараад төгрөгийн хадгаламжаа долларт шилжүүлж, долларжилтыг нэмэгдүүлэх дүр зураг ажиглагддаг. Гэхдээ ам.долларын хадгаламжийн хувьд жилийн хугацаанд 4-5 хувийн хүүтэй байгаа. Тэгвэл ижил хугацаанд төгрөгийн хадгаламж 11-12 орчим хувийн хүүтэй байна. Тооцоод үзэхэд, түрүүн хэлсэнчлэн 2019 оны туршид ханш 3.4% өссөн байгаа үед ханшийн өөрчлөлтийг тусгасан долларын хадгаламжийн бодит өгөөж нь 8-9 хувь юм. Төгрөгийн хадгаламжийн өгөөж нь 12% буюу долларынхаас 3-5 хувиар илүү байна. Мэдээж үүн дээр инфляцийн тохируулга хийж болох ч Монгол Улсад зөвхөн төгрөгөөр худалдан авалт хийх хуультай учраас долларын инфляци төдийлөн ач холбогдолгүй юм. Иргэд спекуляци хэлбэрээр валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, богино хугацаанд эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна.


Эх сурвалж: Үндэсний шуудан




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Минии санахад дollar 1200 байсаныгл санаж байна дандаал өсөхгүй гэж шаадаг лаларуууд