Нийгэм


Хэрэг нь прокурорт шилжсэн “Чингис хаан” банкинд ЭМД-ийн 30 тэрбум төгрөг байршиж байна

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт холбогдуулан “Чингис хаан” банк болон гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байгаа. ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгасан. Харин “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг Б.Баярхүүгээр дамжуулан Ч.Алтанхуягт хахууль өгсөн хэмээн яллагдагчаар тооцсон. Мөн Эрүүгийн хуулийн 22.5-3-т зааснаар “Чингис хаан” банкийг нь яллагдагчаар татаад байгаа юм. Уг зүйл заалт нь “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол  тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах хүртэл шийтгэлтэй юм.


Хэргийг сөхвөл, Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, ЭМД-ын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд энэ оны IV/30-наас VIII/31 хүртэлх хугацаанд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, зургадугаар сарын 3-нд 15.6 сая,  долдугаар сарын 1-нд 25.8 сая, 18-нд 13.6сая , наймдугаар сарын 22-нд 8.9 сая, есдүгээр сарын 9-нд 22.1 сая гэх байдлаар нийт 86.2 сая гаруй төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогдоод байгаа юм байна.


Тиймээс энэ гэмт хэрэгт нь холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх ёстой ч ЭМД-ын сангийн хөрөнгө байнга эргэлтэд ордог учраас  гүйлгээг хязгаарлах боломжгүй тул 30 тэрбум төгрөг нь “Чингис хаан” банкны дансанд эргэлдсээр байгаа гэнэ.


Прокурор хэргийг улс төрийн нөлөөгөөр хэрэгсэхгүй болгож болзошгүй гэсэн хардлага болгоомжлол бий. Учир нь банкны хөрөнгө оруулагч  Д.Батаагийн баз хүргэн нь “сейфтэй” сайд хэмээгддэг Н.Хүрэлбаатар бөгөөд одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилладаг юм.


ЭМДЕГ-ын удирдлага  2017 оны наймдугаар сарын сүүлчээр “Чингис хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээг жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулжээ. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” банкан дахь 3201…. дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 5.5 хувийн хүүтэй байхаар тогтсон ч хоёр сарын дараа 6 хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлсэн байна.


Энэ нь хууль, журмын дагуу хийгдсэн гэж буй ч  30 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулах гэрээ нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байгаа аж. Тиймдээ ч үүнийх нь төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар урьдчилгаа хэлбэрээр сар бүр байршуулсан мөнгөн дүнгийн хоногийн үлдэгдлийн 1-2 хувиар хүү тооцож, таван удаагийн гүйлгээгээр хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогджээ. Гэхдээ тэдний энэ үйлдэлд гэм буруутай, эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Харин одоогоор прокурорын шатанд хянагдаж буй бөгөөд улс төрийн нөлөөгөөр хэргийг хэрэгсэхгүй болгож болзошгүй гэсэн хардлага болгоомжлол бий. Учир нь тус банкны хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн 46 хувийг өмчлөгч  Д.Батаагийн баз хүргэн нь сейфтэй сайд хэмээгддэг Н.Хүрэлбаатар бөгөөд одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилладаг юм.  Албаны эх сувалжийн мэдээллээр энэ хэрэгтэй холбогдуулан “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүд болон “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч зарим хүнээс тайлбар мэдүүлэг авсан байна.


Банкны гол хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн 46 хувийг “Могул ибиз” ХХК-ын эзэн Д.Батаа 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд 31, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг юм.


Юутай ч НДГ-аас гаргах яллах дүгнэлтийн эцсийн хугацаа ирэх сарын эхээр дуусна. Тэр болтол  “Чингис хаан” банкны ЭМД-ийн сангийн мөнгийг хүүлсэн эсэх асуудалд олон нийт хяналт тавьсаар байх болно.


Г.Равжаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.