Улс төр


Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгана

2 долоо хоног TIMES.MN

Хуулийн зохицуулалт давхардал үүсгэж байгаа учраас хүчингүй болгоно


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.29) нэгдсэн хуралдаанаар эхлээд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Улсын Их Хурлаас 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад “холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан байна.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд уг хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байв. Иймээс Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэж байгаа учраас хуулийн давхардлыг арилгах үүднээс Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн уг хуулийн төслийг дагалдуулж Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Баяжуулсан хүнсний тухай хууль бусад хууль тогтоомжтой давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулиар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэсэн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуульд тусгагдсан учраас Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй гэдгийг хууль санаачлагч хэллээ.

Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа, Х.Нямбаатар нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун гишүүдийн асуултад нэмэлт тайлбар, тодруулга өгсөн юм.

Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Элдэв-Очир, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа нар үг хэлж хуулийн давхардал, хийдлийг арилгах гэж байгаа учраас төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад салбарын яам ихээхэн анхаарах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Байгаль орчны талаарх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгана

Дараа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээний болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна”, “Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна” гэж, мөн Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Байгаль орчныг хамгаалах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар заажээ.


Энэ үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар Байгаль орчны хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилго бүхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулж ажиллуулсан байна.

Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулжээ. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав ойг нөхөн сэргээх, ашиглах, хамгаалах чиглэлийн асуудал хаягдсан, энэ тал дээр томоохон хувьсгал хийжэдийн засгийн эргэлтэд оруулах, ойн санг нэмэгдүүлэхэд иргэд, хувийн хэвшил, төр хамтран ажиллах, ойн салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат Туул голыг улсын тусгай хамгаалалтад авч эзэнтэй болгох, хуулийн төслийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аюултай хог хаягдлын үйлдвэрүүдийг барьж байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва хуулиудын зөрчлийг арилгахаас гадна хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, газрын дээрх усны нөөцийг ашиглан, хөвд цөөрөм байгуулах ажпыг орон нутагтай хамтран хийх, гадаадаас авч буй зээл, тусламжийг байгаль орчинд нь зарцуулах санал хэлсэн байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ аюултай хог хаягдал болох хосолмол хөдөлгүүртэй приус машины хаягдал, хэрэглээний баттерейний хаягдлын асуудлыг шийдвэрлэх, гадаргын усны нөөцийг цуглуулж усан сан байгуулах тал дээр онцгой анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат Туул голыг бохирдуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргаж, түүхий эдэд түшиглэсэн бага оврын үйлдвэрүүдийг орон нутагт нь барьж байгуулах, Туул голын эрэг дагуу иргэд амрах, аялах нөхцөлийг бүрдүүлэх, тохижуулалтын ажлыг хийж хариуцах эзэнтэй болгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, А.Сүхбат нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, байгаль орчны холбогдолтой хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд судалж, энэ үндсэн дээр хоёр яамны сайдын хамтарсан тушаалаар Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг гаргаж хуулийн төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Байгаль хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа учраас хариуцлагын тогтолцоог чангатгахаар төсөлд тусгасан. Мөн усны эх, ойн савын бүсийг тэлж өгч байгаа. Усны агентлагтай байх асуудал шийдэгдсэн учраас энэ чиглэлээр бодитой ажил хийх эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Хог хаягдалтай тэмцэх, усны эх, ойн савыг бохирдлоос хамгаалах үүднээс “Хоггүй цэвэр Монгол” аяныг өнгөрсөн зургадугаар сараас салбарын хэмжээнд гол уриа дуудлага болгон хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлыг орон даяар бодит ажил хэрэг, үүсгэл санаачилга болгоход цаашид анхаарна.

Энэ хуулийн төслийн гол зорилго нь байгаль орчны талаарх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, нэг мөр цэгцэлж авахад чиглэж байгаа юм. Судалгааны явцад ажлын хэсгээс байгаль орчны чиглэлийн 19 хуульд нийтдээ 469 давхардал, хийдэл, зөрчил байгааг мониторинг хийж гаргаж ирсэн. Энэ үндсэн дээр 14 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар төслүүдийг боловсруулаад байгаа гэдгийг хэллээ.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Тэрбишдагва, А.Сүхбат нар үг хэлж төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.      




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.