Нийгэм


Онцлох сурвалжлага: Сурагчид автобусанд ах эгчтэйгээ зорчихыг хүслээ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан,  Улаанбаатар хотын захирагчийн алба 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг өнгөрсөн баасан гаригаас эхлэн явуулж эхэлсэн юм. Эхний ээлжид СХД, БГД, ХУД, БЗД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн хоёроос тавдугаар ангийн 3000 гаруй сурагчийг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад хүргэж үйлчлэх юм. Сурагчдыг тээвэрлэх үйлчилгээг Нийслэлийн боловсролын газрын судалгаан дээр үндэслэн 33 чиглэлд 40 автобус үйлчилж байгаа юм.

Энэхүү хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буй талаарх сурвалжиллаа. Их хотын түгжрэлд хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэнэ гэдэг хариуцлага,  цаг зав шаардсан ажил болоод уджээ.  Хүүхдээ зөвхөн сургуульд нь хүргэхийн тулд машин авах шаардлага гарсан гэх эцэг эхчүүд ч элбэг. Харин машингүй хүмүүсийн хувьд өглөө, өдөр, орой хүүхдээ таксигаар хүргэнэ эсвэл автобусанд сууна. Гэхдээ такси олдохгүй үе олон байдаг. Болбол өөрийн чиглэлийн дагуу авч явна, үгүй бол хотын түгжрэлээс такси олно гэдэг амаргүй. Харин нийтийн тээврийн хувьд өглөө оройдоо хүн дүүрэн байдаг учир сууж чадвал аз. Тиймээс хүүхдээ дагуулан аз байвал эхний автобусанд сууж үгүй бол дараагийн автобусыг хүлээн зогсдог.

“Хүүхдийн автобус” нь урд шилэн дээрээ Сургуулийн автобус гэж томоор хаягласан байх бөгөөд зүүн дээд хүрэх сургуулийн дугааруудыг бичсэн байв. Ботаникийн автобусны буудлаас “Сутайн буянт” компанийн С:5 автобус өглөөний 06 цаг 30 минутад хөдөлсөн юм. Ботаникийн автобусны буудал дээрээс 10 гаруй хүүхэд суусан. Хүүхдийн автобусны жолооч 40 гаруй насны төлөв даруу хүн байх бөгөөд хүүхдүүдтэй найрсан харьцаж байлаа. Харин дараагийн буудал буюу чулуун овооны тойргийн автобусны буудлаас гурван хүүхэд, Тэнгэр плаза, офицерийн автобусны буудлаас нийт 30 гаруй хүүхэд суусан юм. Харин хүүхдүүдийн хувьд тэд ийнхүү хоорондоо ярилцаж байлаа. “Манай ээж хичээлд маань хүргэж өгдөг байсан. Өнөөдөр автобусны буудал хүртэл хүргэж өглөө. Автобусанд өнөөдрөөс ангийнхаа найзууд болон бусад хүүхдүүдтэй хамт явах гоё байна. Гэхдээ манай найз автобуснаас хоцорчихлоо гэнэ” гэх мэтчилэн ярьж байсан юм. Мөн түүнээс гадна ахлах ангийн ах, эгчтэйгээ хамт явсан бол сайхан байхгүй юу гэх хүүхдүүд ч олон байв. Бид Хүүхдүүдийн 08.00 минутад сүүлийн сургууль буюу 48 дугаар сургуульд хүргэж өгөх ёстой. Тэгвэл 07.55 минут гэхэд 48 дугаар сургуулийн үүдэнд 30 гаруй сурагчийг нийгмийн ажилтан, сургуулийн захирал болон багш нарт хүлээлгэн өгсөн юм.

Мөн түүнээс гадна нийслэлийн нийтийн тээврийн газар, нийслэлийн боловсролын газар, сургуулийн нийгмийн ажилтан, автобус компаниас хяналтын ажилтнууд эхлэх цэгээс зогсох цэг хүртэлх нөхцөл байдлыг ажиглаж сурагчидтай хамт явсан юм.

Сургуулийн автобусанд тандалт судалгаа хийсэн багш  Нийслэлийн 23 дугаар сургуулийн багш В.Алимаа “Хүүхдийн автобус бол хүүхдүүдийн төлөө хийж буй маш зөв алхам болж байна. Автобусаар зорчигч хүүхдүүдэд их тухтай байгаа юм шиг санагдлаа. Мөн багш нар бид өдөр бүр хүүхдүүдийг хариуцаж ажиллаж байгаа. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд: хүүхэд тарах цагт автобусны буудал дээр хүлээж байгаарай. Тэгж байж бидний энэхүү ажил үр дүнтэй, хүүхдийн тань аюулгүй байдал хангагдаж ажиллах юм” гэсэн юм.

Түүнээс гадна нийслэлийн захын дүүргүүдийн хүүхдүүдийн хувьд Сургуулийн чанар, сургалт, хүрэлцээ зэргээс хамааран хотын төвийн сургуульд сурах хүүхдүүд олон байдаг. Тэгвэл “Буянт Ухаа I” хороолол, Нисэх, Яармаг орчмоос хотын төв рүү явдаг хүүхдүүдийн хувьд хичээлд орохоос өмнө нэг цаг 30 минутын өмнө гэрээсээ гардаг. Тэдний хувьд ээж аавдаа хөтлүүлэн томчууд бидэнтэй чихцэлдэн сургуульдаа хүрдэг. Харин машинаар хүргүүлэхийн хувьд заримдаа дугаарын хязгаарлалтаас үүдэн хязгаарлалтгүй бүсээс цааш алхах тохиолдол ч элбэг байдаг. Харин тэдний хувьд хүүхдийн автобус тэдэнд таатай байна гэдгийг хүүхдээ тосох эцэг эхчүүд илэрхийлж байлаа. Түүнээс гадна хүүхдийн автобус явж байгаа туршилтын эхний өдөр учраас автобуснууд хүүхэдгүй байх тохиолдол их байна гэж нийтийн тээврийн газрын ажилтан хэлж байсан юм. Энэ нь эцэг эхчүүд мэдээлэл муутайгаас болсон уу эсвэл хүргэж өгөхөөр дахин түгжирч байгаа юу гэдгийн мэдэхгүй юм. Мөн эцэг эхчүүдэд хүүхдээ хэдэн цагаас ямар буудлаас тосож авах талаар нийслэлийн боловсролын газраар дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлж ажиллаж байгааг энэ үеэр онцлох нт зүйтэй байх. Түүнчлэн тухайн автобуснууд сурагчдыг тээвэрлэхээс гадна ухаалаг системийг нэвтрүүлсэн учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана яваа, давтлага сургуулиас хоцорсон гэх мэт мэдээллийг мөн хянах боломжтой юм. Үйлчилгээнд явж буй бүх автобус бүр камертай тул, жолооч үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа Нийслэлийн зам тээврийн газрын бүрэн хяналтад ажиллаж байгаа юм байна байна. Энэхүү ажил амжилттай хэрэгжиж бяцхан сурагчид маань тун удахгүй ах, эгчтэйгээ хамт зорчих боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.


Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр [203.91.116.118]


Энэ буянтай ажил шүү. Хийе гэсэн хүнд гарц байдаг л юм байна.