Шар


“The HU” хамтлаг “Чингис хаан” одон хүртэнэ

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг  энэ удаа “The HU”хамтлаг хүртэхээр болжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сая нэрийг нь зарлалаа.


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ. Сүүлд 2017 онд Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр “Чингис хаан” одонг хүртсэн бөгөөд 2018 онд одонг хүртээлгүй өнжсөн билээ.

Тус хамтлаг орчин үеийн амьд хөгжмийн металл урсгалыг Монгол үндэсний хөөмий, ятга, морин хууртай хослуулан уран бүтээлээ туурвидаг юм. “The HU” хамтлагийн хоёр ч уран бүтээл Youtube хуудсанд тавигдсан бөгөөд “Yuve Yuve Yu” дуу зургаан сая гаруй хандалттай бол, Wolf Totem дуу гурван сая гаруй хандалттай болж чаджээ.

Мөн тэдний уран бүтээлийг Америкийн алдарт National Public радио онцолж, сошиал алдартнууд reaction бичлэг хийснээр хандалт нь хэдхэн өдрийн дотор хэдэн саяар өсчээ. Sputnik агентлаг “The HU” хамтлагийг “Хэдэн зууны тэртээх Чингис хааны байлдан дагууллын үеийг санагдуулам энэхүү гайхамшигт хөгжим нь тэртээ үеэс хойш Чингисийн үр сад дэлхийд дахин нэрээ мөнхөлж мэдэх юм” хэмээн тодорхойлсон бөгөөд металл урсгалыг фолк буюу ардын хөгжим нь нүүдэлчин монголчуудын соёлыг сэргээж дэлхийд таниулж байна гэв. Хөгжим сонирхогчид тус хамтлагийг амьд хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгосон гэж үзэж буй бөгөөд үүнийгээ “Hunnu rock” хэмээн нэрийдсэн байна.




Холбоотой мэдээлэл


Аса аваргын массаж
Аса аваргын массаж
1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.