Газар дээрээс нь


“Дижитал профессор” боловсролын шинэчлэлийг авчирна

1 сар TIMES.MN

ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвд “Боловсрол 4.0” Суралцахуйн  шинжлэх ухааны ойлголтыг өөрийн орны онцлогт тохируулан багш оюутан, сурагчид өөрсдийн мэдлэгийг харилцан солилцож, шинэ мэдлэгийг бүтээх, өөрийн мэдлэгээ бататгах замаар боловсрол эзэмших цоо шинэ арга барилыг танилцууллаа. 2019 оны III сард байгуулагдсан тус төв нь боловсролын бодлого, сургалтын технологи, сурах үйл ажиллагаа, нээлттэй боловсролын талаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, хэлэлцэх, судалгаа, инновацыг хөгжүүлэх, үндэсний болон олон улсын эрдэмтэд, экспертүүд, олон нийтийн санал бодлыг илэрхийлэгчид, профессор багш, суралцахуйн загвар бүтээгч зэрэг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулах замаар сургалт судалгаа явуулдаг хүрээлэн юм.


Монгол Улсын боловсролын салбарт прадигмийн өөрчлөлт хийж, багшлахуйгаас суралцахуйд шилжих гэж их ярих болсон. Энэхүү ойлголтыг хүн бүрд хүртээмжтэй ойлгуулахын тулд Нээлттэй боловсролын төвөөс сургалтын нээлттэй эх материал, нээлттэй сурах бичиг, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг бэлтгэснийг өчигдөр танилцуулсан юм. Нээлттэй боловсролын эдгээр арга ухаан нь багшийн үйл ажиллагааг уламжлалт хичээл заах хэлбэрээс сурах үйл ажиллагааны дизайнер болгон өөрчлөх нөхцлийг бүрдүүлжээ. Түүнчлэн оюутнууд бие даан суралцах шинэ онолын судалгааг эхлүүлсэн нь манай орны боловсролын салбарын бүх шатанд цоо шинэ боломжийг нээж өгч байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.




Д.Бадарч: Мэдээллийн технологийн орчин үеийн аргуудыг ашиглан мэдлэгийг суралцагчийн гарт хүргэж өгөх зорилготой


/Монгол Улсын Гавьяат багш, ШУТИС-ийн ректор асан, “Нээлттэй боловсропын төв”-ийн үүсгэн байгуулагч, доктор, профессор/


Олон улсад ажилласан баялаг туршлагадаа тулгуурлан Монгол Улсын боловсролын салбарын хөгжил шинэчлэлийг хийхдээ мэдээллийн технологийг ашиглан боловсролд нэвтрүүлэхийн тулд гарт баригдах ямар бодитой зүйл хийх вэ гэдэгт анхаарсан. Хурал зөвлөгөөн дээр ч хичээл заахаасаа илүүтэй суралцахуй руу шилжье гэж яригдах болсон. Багш нар яаж суралцахуй руу шилжих вэ гэдгийг хүүхдүүд бид нараар заалгахгүй бол мэдэхгүй гэсэн ойлголттой байгаа.


Бидний гол зорилго бол “Боловсрол 4.0” гэдэг Суралцахуйн  шинжлэх ухааны ойлголтыг хөгжүүлэх. Суралцахуйн шинжлэх ухаан гэдэг нь мэдээллийн технологийн орчин үеийн аргуудыг ашиглан мэдлэгийг суралцагчийн гарт хүргэж өгөх юм. Сургуулийн танхимд биш, багшийн тархинд биш, хүүхэд болгоны халаасанд багтаах гэсэн ойлголт. Яваандаа их дээд сургууль ийм л чиглэл рүү шилжинэ. Монгол хэл дээр гарч байгаа анхны танилцуулгууд байгаа.

 

Монголын багш нар, сурган хүмүүжүүлэгч нар “Боловсрол 4,0” ойлголтыг хэрхэн яаж хийж болох вэ гэдгийг харж, нэгдсэн ойлголттой болоосой гэж бодож байна. Энэ хичээлийг та бүхэн өөрсдөө платформ дээр нь ороод сонирхож үзэж борлно. Хэн ч суралцаж болно. Сертификат авна гэвэл бага хэмжээний мөнгө төлнө. Тэр мөнгө нь сургуульд орохгүй  платформыг хариуцаж байгаа газрынх нь  ажил үйлчилгээний мөнгө юм шүү.


Манай багийн хамт олон болсон 20-иод залуустаа талархаж байна. Энэ залуусын өдөр шөнөгүй  ажиллаж бий болгосон  танилцуулгыг анхаарч үзээрэй. Боловсрол ийм болно гэдгийг одооноос  ойлгож, бидний хийх танилцуулгаас хүн болгон өөртөө санаа авах хэрэгтэй. Нээлттэй боловсрол төвийн үйл ажиллагааг эхнээс нь дэмжсэн ШУТИС-ын удирдлага, БСШУСЯ-ны хамт олон, Дээд боловсролын шинэчлэлийн төслийнхөнд баярласнаа илэрхийлж байна.




Д.Ганбат: Орчин үеийн хандлагаар суралцахуйг дэмжих, суралцахуйн дизайнер загвар бүтээх гэдэг их чухал


/ШУТИС-ийн Нээлттэй боловсрол төвийн захирал/


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Боловсрол 4,0” нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг бид 5 модультай бэлтгэсэн. Үүнийгээ Монгол улсын их дээд сургуулиудын төлөөлөл багш нарт зааж үзлээ. Хэд хэдэн хүндрэлтэй байж болох асуудал гарсан. Тухайлбал, интернэтийн холболт. Олон хүн нэгэн зэрэг ороход хурдны шаардлага хангахгүй байсан. Нөгөө талаар идэвхижээд дуустал нь үргэлжлүүлээд явуулах туршлагатай хүн ховор байсан. Тиймээс  энэ шинэ соёлд нийтээрээ суралцах шаардлага үүсэх юм байна гэж харагдсан.


Ер нь боловсролын уламжлалт систем маань энэ цаг үед тохирохоо больж байна. Магадгүй ирээдүйд 5-10 жилийн дараа бүр ч хоцрогдсон болно. Тэгэхээр энэ бүхнийг угтсан хэд хэдэн өөрчлөлт байгаа. Нэгд, уламжлалт буюу багш төвтэй багшлахуй. Энэ асуудлыг одоо суралцагч өөрөө хүсээд зорилго тавих юм бол суралцах материал, сурах орчинг өөрөө үүсгэх боломжтой болж байна.


Мэдээллийн технологи чухал үүрэгтэй бөгөөд хөгжил дэвшил нь маш их боломжийг олгосон. Гар утас, интернэт, ухаалаг хэрэгслүүд, гар утсанд зориулсан апликейшнүүдийг ашиглах болсон. Энэ мэдээллийн технологи хөгжил дэвшилд тулгуурласан шинэ чиглэлийг бид нар яаж Монгол Улсад үр дүнтэйгээр нэврүүлэх вэ. Нээлттэй боловсролын үндсэн гурван чухал  елемент бий. Нэгд, сургалтын нээлттэй нөөц их материалууд, Хоёрт, сургалтын нээлттэй сурах бичиг, гуравт, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл буюу курс.


Нэг талаас энийг яаж бэлтгэх вэ, бэлтгэхийн тулд орчин үеийн хандлагаар суралцахуйг дэмжих, суралцахуйн дизайнер загвар бүтээх гэдэг их чухал асуудал. Уг загвар дээр үндэслээд хичээлүүдээ суралцагчиддаа дөхөмтэй, сурах үйл ажиллагааг нь дэмжсэн үр дүнтэй төгсдөг байхаар зохион байгуулах юм. Туршилтын сургалт авсан хүмүүс 1 сарын хугацаанд сертификат авах хэмжээнд  суралцах бөгөөд тэднээс ямар зүр дүнтэй байх нь харагдана. Танхимийн сургалтаас илүү гэж болохуйц хэд хэдэн  давуу тал байж болно. Нэгд, суралцагч өөрөө цагийн хувиараа зохицуулж болно, Хоёрт хаанаас ч сурч болно. Гуравт, танхимийн хичээлийг багшаар заалгаад ойлгоогүй бол дахин заалгах гэж зовохгүй. Онлайнаар хэдэн ч удаа давтан үзэх боломж бүрдэх юм.




Б.Төгөлдөр: Шууд харах боломжгүй зүйлсийг хүний нүдэнд ойлгомжтой болголоо


/ШУТИС-ийн оюутан/


Би график дизайны IV дүгээр курсын оюутан. График дизайнаас гадна өөрийн  сонирхолоороо энэ зүйлийг судалж байна. Анх хөгжилдөх зорилгоор сурсан ч дараа нь сургалтанд хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг гаргасан. Багш маань ч дэмжиж, сургалтанд зориулан ингэж хөгжүүлээрэй гэдгийг зөвлөсөн. Код бичихэд мэдлэг хэрэгтэй. Би одоо коп бичиж сурч байгаа. Энэ системийн давуу тал нь нүдэнд харагддаггүй анатомын бүтэц,  автомашины мотор доторх  эд зүйлс зэрэг шууд харах боломжгүй зүйлсийг хүний нүдэнд ойлгомжтой болгож, доторхыг нь харж, ажиглах боломжтой боллоо.




Lightboard самбарыг ашиглан “Дижитал профессор студи”-г ашиглалтад оруулжээ


“Боловсрол 4.0” суралцахуйн  шинжлэх ухааны ойлголтыг танилцуулах уг уулзалтын үеэр Нээлттэй боловсрол төвийн захирал Д.Ганбат багийнхаа гишүүдтэй хамт мэдээлэл хийсэн.


Тэд хэлэхдээ “Нээлттэй сурах бичгийн хүрээнд инженерийн суурь хичээлүүдэд ямар шийдэл байж болох вэ. Орчин үеийн “Z үеийнхэн” гэж нэрлэдэг 1990 ээд оноос хойш төрсөн  хүүхдүүд ном уншихаасаа илүүтэй интернэт, гар утас зэрэгт зориулсан апликейшн илүү сонирхож, ашиглаж байгаа. Тиймээс түүнд суурилж сурах бичгээ ашиглах, суралцахуйн үр дүнг дээшлүүлэх ямар боломж байна вэ гэдэг асуудлаар  хэд хэдэн шийдэл гаргаад явж байна. Тухайлбал, зузаан номыг модуль тус бүрээр нь хуваасан. Нэг семистерт 16 долоо хоног үздэг уг номыг 5 модуль болгон 3 долоо хоногт нэг модуль судлахаар багасгасан. Овор хэмжээ багатай уг нимгэн хэсгийг хаана ч ашиглахад хялбар, оюутан бие дааж уншиж судалж болно. Дараа нь өөрийгөө шалгах бие дааж бодох бодлогууд ч байгаа.


Дараа нь QR кодыг интернэт рүү холбосон. Уг кодыг уншуулахад сурах бичиг дээрх текстийн агуулга уншигдахаас гадна тухайн багш өөрөө хичээлээ зааж, оюутан багшаараа заалгаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн видео хичээлийг интернэтээс үзэх боломжтой холбоосыг хийж өгсөн. Видео бичлэгийг хийхдээ lightboard самбарыг ашигласан. Бид янз бүрийн технологи хэрэглэх, цаашдаа илүү боломжтой байхад чиглэсэн туршилт хийж үзсэн. Бид Билл Гейтсийн TED ярилцлагаас санаа авсан. Тэр хэлэхдээ “Хүн төрөлхтөнд бид маш их зүйлийг зохион бүтээж өгчээ. Гэхдээ бид нэг хүнийг марчихжээ. Энэ бол багш. Миний өвөө, аав ээж, надад, миний ач зээ нарт хичээл заадаг багш нар одоог хүртэл самбар дээр шохойгоор бичсээр байна. Энэ мартагдсан хүнд шинэ технологи өгөх цаг нь болжээ. Багш нар өөрөө өөрийгөө хардаг тийм систем зохиох хэрэгтэй” гэсэн. Тэр ярилцлагыг сонсоод бид “Багш өөрөө өөрийгөө харна” гэхээр яах ёстойг нилээн ярилцаад янз бүрээр эрэл хайгуул хийж үзсээр энэ санааг олсон.




Технологийн хувьд 2013 оноос эхлэн туршиж үзсээр lightboard самбар бий болсон. Энэ самбар маань байдаг л нэг тунгалаг цагаан шил. Гэрэлтүүлээд “Дижитал профессор студи”. Багш самбар дээр өөртөө уншигдахаар бичсэн хичээлийг прогораммын аргаар эргүүлж, харуулна. Технологи их амархан. Энэ арга их олон зүйлийг өөрчлөх боломжтой. Багш өөрөө өөрийгөө харах болсон. Өөрөө өөрийгөө харахаар их олон юм боддог юм билээ. Энэ боломжийг хамтдаа олон зүйлд ашиглах боломжтой. Оюутанд ч их боломж өгнө. “Тонгоруу анги” гэж нэрлэсэн самбар дээр бичсэн хичээлийг гэртээ даалгавар болгоно.


Мөн энэ аргаар  хамгийн сайн  багшийг олшруулж болно. Өөрөөр хэлбэл багш өөрөө биеэр хүрэлцэж мянга мянган шавьтай болох, тэдэнд хичээл заах боломжгүй. Тэр цагийг хэмнээд Дижитал профессор болгож хувиргана. Магадгүй судалгаа шинжилгээ сургалт зэрэг олон зүйлд энэ аргыг ашиглаж болно. Багш нарын хувьд ч өөрөө өөрийгөө харж, алдаанаасаа суралцана. “Дижитал профессор” дараагийн боловсролын шинэчлэлийг авчирна. Дижитал профессоруудыг бий болгож, бичлэг хийснээр маш сайн материал, мэдээлэл түгээх боломжтой.




Бид энэ туршилтыг хийх хугацаанд хими, физик,  шугам зургийн багш нар нэгдэж бичлэг хийлгэсэн. Өөрийгөө хувилж байгаа нь таалагдсан. Хэрэв хүсвэл нийтийн багш болох боломжтойг ойлгосон. ШУТИС-ийн хувьд тоо томьёо, зураг зураглал ихтэй. Нээлттэй сурах бичгийн Lightboard технологи ашиглаад багш нар маань хичээл зааж, оюутнууд  хичээлийн цагаар шинэ лекц сонсохын оронд гэрийн даалгавраа бичлэг болгоод харуулах боломжтой. Оюутан өөрт нь өгсөн дижитал номон дээрээ би энэ хэсгийг судаллаа гээд бичлэг хийж QR кодоо ашиглан хариу илгээнэ. Мөн QR код ашиглан номон дээрх хоёр хэмжээст зургийг виртуал гурван хэмжээст болгон судлах боломжтой.


Нээлттэй онлайн хичэээлийг дэлхий дээр өдөр бүр 30 сая хүн үздэг. Энэ боломжийг монголчууд ч алдахгүй ашиглаж байна. Жишээ нь, 2012 онд Сант сургуулийн сурагч н.Баттүшиг Массачутсын Технологийн онлайн сургалтад хамрагдан тэнцээд шалгалт өгөөд АНУ-д суралцах эрх авсан. Онлайн сургалт сурагч, оюутан, ажилтан албан хаагчид ижил хүртээмжтэй боловсрол олгоно. Хамгийн энгийн тодорхойлолт бол олон хүн интернэт орчинд чөлөөтэй, үнэгүйгээр хичээллэх боломж. Өнөөдөр дэлхий дээр 10 мянган нийтийг хамарсан онлайн курс, нийт 942 шидлэг их дээд сургууль “Нээлттэй боловсрол” олгож байна. Үнэ төлбөргүй бүртгүүлээд сургалт авч болно. Илүү үнэлүүлнэ гээд төлбөр төлөөд сертификат авч болно. Энэ аргаар оюутнуудад 250 жилийн боловсрол олгох боломжтой гэдгийг тогтоосон” хэмээн танилцуулсан юм.




П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.