Газар дээрээс нь


С.Амарсайхан: Энхтайваны өргөн чөлөөгөөр цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх талаар судалж байна

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Нийслэлийн ИТХ-ын XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна.

Хуучин автобус оруулж ирдэг байдлыг зогсооно

ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, НИТХ-ын болон Хотын удирдлагуудаас хариулт авсан юм.

Төлөөлөгч Т.Батцогт:

- Хайлааст, Дамбадаржаа, Дэнжийн мянгын дэд бүтэц, төлөвлөлтийн ажил ямар шатандаа явж байна вэ. Хайлааст, Дарь-Эхийг холбосон авто замыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажил ямар шатандаа явж байна. Хотын захын байрнууд дахин барилгажуулах ажлаа орхигдоод байгаа анзаарагддаг.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүд ийн удирдагч Б.Отгонсүх:

- Хайлааст, Дарь-Эхийг холбосон замын ажил наймдугаар сард дууссан. Гэвч иргэд эсэргүүцэл үзүүлсэн тул одоог хүртэл нээж чадахгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

- Гэр хорооллыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил хийгдэж байна. Дэнжийн мянга, Дамбажаргаагийн дэд төвийн ажлыг удахгүй эхлүүлнэ. Одоо бэлтгэл ажлыг хангаж байна. Баянхошуу,Сэлбэ дэд төвийн тухайд дулааны ажил 35.9, бусад ажил 45.4 хувьтай байна.

Төлөөлөгч Н.Баярмөнх:

-Хөрсний устай холбоотой асуудлыг би хоёр жил ярьж, төсөвт тодорхой хөрөнгө суулгасан. Гэтэл мэргэжлийн байгууллага байдаггүй юм уу, ажил хэрэг болсонгүй. Үүнд тайлбар өгнө үү. Үүнээс гадна нийтийн тээвэрт шинэчлэл хийх хэрэгтэй, дэмжиж байгаа. Шинэ технологи, шинэ инноваци нэвтрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ?

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:

-Жил жилийн төсөвт хөрсний усыг зайлуулах хөрөнгө суулгадаг. Өнгөрсөн жил нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Тендер зарлаад, энэ сард эрх нь шилжиж ирлээ. Ажил үргэлжилж байгаа.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиагч С.Амарсайхан:

- Нийтийн тээврийн  салбарын асуудал хүндрэлтэй байгаа. Парк шинэчлэл хийж байгаа нь гээд хуучин автобуснууд оруулж ирээд, үйлчилгээнд явуулдаг. Тэдгээр нь стандарт хэрэгцээ шаардлага хангадаггүй. Тэгэхээр бид цаашид ганцхан автобусаар үйлчилдэг биш, цогц шийдлийг нэвтрүүлье гэж  байгаа.

Хуучин автобус оруулж ирдэг байдлыг зогсоож, шинэ автобусаар парк шинэчлэлийг хийе. Нийслэлийн төсвөөс төсөвлөж буй хөрөнгө хангалтгүй учраас улсын төсвөөс санхүүжилт авахаар дээд байгууллагад хандъя гэж байгаа. Үүнээс гадна нийтийн тээврийн чиглэлийг шинэчилж, үйлчилгээг сайжруулах ёстой гэж үзэж байгаа.

Баянхошуу, Толгойт, Дэнжийн мянга, III, VI хорооллол зэрэг чиглэлд байгальд ээлтэй, шатахуун бага зарцуулдаг автобус нэвтрүүлье гээд Сангийн яаманд бичиг хүргүүлсэн. Уг ажлыг ирэх онд хийж дуусгахаар ажиллаж байна. Харин Энхтайваны өргөн чөлөөгөөр цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх талаар судалж байна.

Төлөөлөгч Ш.Үнэнбат:

- 2019 оны Үндсэн чиглэлийн гүйцэтгэлээс харахад сэргээгдэх эрчим хүчний асуудал ер дурдагдаагүй байна. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд энэ төрлийн ажлыг заавал хийх ёстой. Ирэх оны үндсэн чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах талаар ямар ажил тусгав. Тодорхой мэдээлэл өгөөч?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиагч С.Амарсайхан:

-Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн ногоон орон сууц барихаар төлөвлөж байгаа.

Төлөөлөгч Б.Батнасан:

-2020 онд нийслэлийн гол хэрэгжүүлэх ажил юу байна вэ. Иргэд рүү хандсан журмууд гэнэт гэнэт гарах юм. Энэ жил А, Б бүсчлэл гэсэн асуудал яригдлаа. Үүнийгээ бүлэг дээрээ сайн ярилцах боломж байдаггүй юм уу?

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва:

-Нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлыг онцолж болж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлэх арга хэмжээг үргэлжилнэ гэж болно. Нийтдээ 1.5 орчим их наяд төгрөгийн санхүүжилтээр олон арга хэмжээ хэрэгжүүлнэ гээд төлөвлсөн. Улсын төсвөөр юуг нь, нийслэлийн төсвөөр алийг нь, гадаадын хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр ямар ажил хийх вэ гээд ярих зүйл олон бий.  

Төр бүхнийг хийх гэдгээ болих хэрэгтэй

Үүний дараа төлөөлөгчид саналаа хэллээ.

Төлөөлөгч Д.Баярсайхан: -Автобусны буудлын тоог олшруулахад анхаарч ажиллаарай. Ялангуяа, Баянхошуу орчимд автобусны буудал цөөн тул иргэдэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээ анхаарал хандуулж өгөхийг хүсье.

Төлөөлөгч Ц.Баатархүү: -Төр бүхнийг хийх гэдгээ болих хэрэгтэй. Нэгд, иргэдийг ажлын байраар хангахад анхаараарай. Хоёрт, нийслэлийн нийтийн тээврийн салбарт зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Гуравт, гурван жил зогсонги байдалд байсан дахин төлөвлөлтийн ажлыг явуулах хэрэгтэй. Гэр хорооллын дахин  төлөвлөлт бол газар доорх дэд бүтцийг төр шийдэж, үлдсэнийг нь хувийн хэвшил хийдэг. Тиймээс хувийн хэвшилд итгэл төрүүлэх ёстой.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: -Үндсэн чиглэлийн биелэлтийн хувь бага гарч байгаа нь улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажил удаашралтай байгаагаас шалтгаалжээ гэж ойлголоо. Тиймээс Сангийн яамтай сайн ярилцаж, бодлого барьж ажиллахгүй бол нийслэл муу нэрийг нь зүүгээд дуусдаг байдал хэвээрээ байсаар байх болно. Үүнд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй шүү.

Ингээд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлыг дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.