Улс төр


Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Зэвсэгт хүчний 124 дүгээр анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга зарлиг гаргасны дагуу тус ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах ёслол өнөөдөр боллоо.


 

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Цэргийн гавьяаны одонг гардуулав.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

 

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн цэрэг, офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигийг уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн байлдааны туганд Цэргийн гавьяаны одонг зүүж өгсөн юм.

 

ҮҮНИЙХЭЭ ДАРАА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

 

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Хүндэт зочид оо,

 

Та бүхэнд Зэвсэгт хүчний 124 дүгээр анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсанд халуун баяр хүргэе.

 

Ардын армийн Жанжин штабын “Радио тусгай төв” нэртэйгээр 1969 онд үүсгэн байгуулагдаж, хагас зууны хугацаанд цэргийн дээд удирдлагыг мэдээ, мэдээллээр шуурхай ханган, байлдааны жижүүрлэлтийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, олон арван алдар гавьяатнууд, төр, нийгмийн зүтгэлтэн төрүүлсэн дайчин замналтай тус ангийн цэргийн гавьяаг өнөөдөр Монголын төрөөс өндрөөр үнэлэн шагнасныг гардуулан өгсөндөө баяртай байна.

 

Байлдааны бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, дадлага, ур чадвараараа үргэлж тэргүүлж, Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”-ийн болзлыг 18 удаа биелүүлсэн нь тус ангийн түүхэн замнал, шилдэг уламжлалыг бэлнээ гэрчлэх билээ.

 

Улс орноо батлан хамгаалах ариун үйлс, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, цэргийн албанд мөр зэрэгцсэн алба хаагч Та бүгдийн амжилт бүтээл, хүч хөдөлмөр, гавьяа зүтгэлд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Эх орон, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг цэрэг эрсээрээ хүн бүр бахархаж байдаг тул Та бүхэн энэхүү итгэлийг зүтгэлээр хариулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдэгт итгэж байна.

 

Төрийн туг сүлд ивээж, монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.