TIMES Ярилцлага


Д.Ариунтуяа: Зэрлэг амьтны асуудлыг анх удаа онцолж олон улсын хурал хийж байна

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын хурлыг  долоо хоногийн турш зохион байгуулж байна. Хурлын талаар БОАЖЯ-ны УАӨГХАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяагаас тодрууллаа.


- Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын хурлын явц ямар байна вэ?


- Төв болон зүүн хойд Азийн бүсийн  14 орны судлаачид долоо хоногийн турш хэлэлцэж буй дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах, түүнээс сэргийлэх, өвчлөл, хамгаалал болон тархац, газар нутгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, оролцогч талуудын дунд мэдээлэл солилцох, туршлага хуваалцах механизмыг бүрдүүлэх зорилготой хуралдаж байна. Бид эхний өдөр  төлөвлөсөн   хуваарийн дагуу  Зэрлэг амьтны хууль бус худалдаа, түүний зохицуулалтын  асуудлыг хэлэлцлээ. Хуралд оролцсон төлөөлөгчид дэд бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мэдээлэл  солилцох,  туршлага хуваалцах,  сургалт семинар зохион байгуулж  чадавхыг бэхжүүлэх асуудал дээр санал нэгдлээ. Хоёр дахь өдрийн хуралдаанаараа зэрлэг амьтны өвчлөл, хамгаалал болон тархац зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ хоёр өдрийн хуралдаан  бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, бэхжүүлэх яриа хэлэлцээр эхлүүлэх анхан шатны суурийг тавилаа.


- Хурлын үр дүнгээс хамаарч ямар арга хэмжээ авах вэ?


- Долоо хоногийн турш үргэлжлэх хурлаас гарсан саналын дагуу БОАЖЯ нэгдсэн санал гаргаж  шийдвэр гаргах түвшний хурлуудыг хийхээр төлөвлөж байна. Дэд бүс нутгийн хэмжээнд байгаль орчны талаарх олон төрлийн санаачилга байдаг болов ч зэрлэг амьтны асуудлыг онцлон энэ түвшинд хүртэл хэлэлцэж байгаагүй.

Цаашлаад 2020 оны 2 дугаар сард болох Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн Талуудын бага хуралд танилцуулан хэлэлцүүлэх, улмаар дэд бүс нутгийн хэмжээнд механизмыг бий болгон хамтын ажиллагааг эрчимжүүлэх дараагийн шатны алхамуудыг боловсруулах зорилготой.

Одоогийн байдлаар  эхний 2 өдрийн хуралд  10 орны 14  төлөөлөгч болон дотоодын судлаач, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Гуравдах өдрийн хуралдаан Төв азийн хөхтөн амьтдыг хамгаалах  сэдвийн дор болно. Энэ хуралд 15 орны 38 төлөөлөгч оролцно.

Бид хурлаас гарсан үр дүнг зэрлэг амьтны асуудалтай  холбоотой олон улсын хурлуудад танилцуулж цаашид энэ санаачилгаа үргэлжлүүлэх, хөрөнгө санхүүжилт шийдвэрлэх асуудал дээр ажиллана. Эхнээсээ 3-4 донор орнуудаас зөв зүйтэй санаачилга байна цааш үргэлжлүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.


- Олон улсын төлөөлөгчид ямар байр суурь илэрхийлж байна вэ?

- Зэрлэг амьтны асуудал төдийлөн шийдвэр гаргах түвшний болоод Засгийн газрын түвшинд анхаарал татахуйц байж чаддаггүй.

Гадны төлөөлөгчид хэрэгцээ шаардлага байгааг хэлж туршлагаа солилцох хэрэгтэй байна гэдгээ ерөнхийдөө тодорхойлсон. Мөн Монгол улс энэ асуудлыг цааш үргэлжлүүлж олон улсын анхааралд оруулах ажлыг хийвэл дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Эхний хуралдаануудын дараа  бидний хүлээж байсан үр дүн гарч байна гэж ойлгож болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.