Нийгэм


Халх голын дайчдын алдар музейд 80 жилийн ойн арга хэмжээ болов

4 долоо хоног TIMES.MN

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дайны ажиллагаа бүрмөсөн зогссон өдөр (1939 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цаг)-ийг тохиолдуулсан арга хэмжээ Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр сургууль, тус сургуулийн дэргэдэх “Халх голын дайчдын алдар” музейд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдав.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг Түр хамаарагч О.Очирмаа, Оросын төр, нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны байгууллага, их сургуулийн эрдэмтэн судлаач, тус сургуулийн сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд тус тус оролцов.

Арга хэмжээнд оролцогчид Халх голын ялалтын түүхэн ач холбогдол, дайны өрнөл, цар хүрээ, хохиролын тухай олон талаас нь байр сууриа илэрхийлсэн бол Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч О.Очирмаа хэлсэн үгэндээ “Халх голын ялалт нь тухайн үеийн олон улсын хүчний харьцааг өөрчилж, Япон улс ЗХУ-ын эсрэг дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэж онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь залуу, хойч үед хамтын түүхэн ялалтын тухай таниулж, хоёр улсын цэрэг дайчдыг хүндэтгэн дурсах ажлыг жил бүр зохион байгуулж байгаад сургуулийн болон музейн удирдлагад талархал илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр үзүүлсэн Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр сургуулийн сурагчдын Халх голын дайны түүх, ялалтын ач холбогдолын тухай өгүүлсэн театрчилсан тоглолт, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн монгол оюутнуудын Үндэсний бүжгийн үзүүлбэр оролцогчдын талархалыг ихэд хүлээв.

Түүнчлэн арга арга хэмжээний дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, Москва хотод суралцаж буй Монгол оюутнууд “Халх голын дайчдын алдар” болон “Нүүдэлчдийн соёл” музейг үзэж сонирхов.

“Нүүдэлчдийн соёл” музей нь дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн ахуй, соёлын арвин үзмэртэй бөгөөд түүнд монгол ахуй, соёлын эд өлгийн зүйлс давамгайлдаг юм байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.