Улс төр


Энэ өөрчлөлт парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн

1 сар TIMES.MN

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм.

Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр (2019.09.13) зохион байгуулагдаж буй "Монгол Улс - Ардчиллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ?" сэдэвт онол, практикийн бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо. Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтүүд Монгол Улсын ардчиллын хөгжилд цаашид хэрхэн нөлөөлөх вэ?” сэдвийн хүрээнд өрнөх хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм.



“1992 оны Үндсэн хуулийг баталж, түүний хүрээнд иргэдийн эрхийг хангах, сонгох сонгогдох эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог боловсронгуй болгох гээд олон хуулийг боловсруулсан гаргасан. Түүнээс хойших 29 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал алдаа, оноогоо цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж явсаар ирсэн. Сүүлийн таван парламент дамжин яригдаж, түүний гурван парламентад нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон өргөн баригдаж хэлэлцэгдсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг энэ удаагийн УИХ хэлэлцэн баталлаа. Энэ бол парламентын засаглалаа бэхжүүлэх зорилготой хийгдсэн томоохон өөрчлөлт гэдэгт эрдэмтэн судлаачид санал нэгдэж байгаа. Арав гаруй жил яригдаж байгаа асуудлыг шийдэж байна. Цоо шинээр “тэнгэрээс бууж ирсэн” нэг ч асуудал байхгүй. Одоо энэ төслөө ард нийтээсээ асуухаар шийдвэрлэлээ. Энэхүү “Ард нийтийн санал асуулга” бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон иргэний онцгой эрхийг 1945 оноос хойш анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа түүхэн үйл явдал юм. Үүнийг түүхэн өөрчлөлт, шинэчлэл гэж улс төрийн намууд хүлээн авч, хамтран ажиллахыг уриалж байна.

Өнөөдрийн Монголын нийгэм 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж байсан үеэс эрс өөрчлөгдсөн. Үүнтэй зохицуулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхийг иргэд, улс төрийн намууд ч санал нэгтэй дэмжиж байсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол зорилтууд хангагдсан гэж бид үзэж байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй байдаг. Хэлэлцүүлгийн үеэр шүүлтүүрээр торж унасан зүйлүүд бий. Ард нийтийн санал асуулгаар оруулахаар бэлтгэсэн эхийн гол агуулгыг товчоор хэлбэл Нэгдүгээрт, дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засаж, сайжруулсан. Хоёрдугаарт, УИХ-ын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлсэн. Гуравдугаарт, шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг хангасан. Дөрөвдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, улсын болон орон нутгийн статустай хоттой болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үндсэндээ энэ өөрчлөлт хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн. Энэ нэмэлт, өөрчлөлтийн гол үндэс нь 2015 онд Ардчилсан намаас өргөн барьж байсан төслийн үзэл санаатай нэг гэдгийг хэлмээр байна. Ганцхан 99 гишүүнтэй байх гэсэн тоо заасан заалт нь дэмжигдээгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хамтдаа баталгаажуулж, ардчиллаа, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг нийт улс төрийн намууддаа уриалж байна. “Сайжруулъя гэвэл өөрчлөх хэрэгтэй, төгс байхын тулд үргэлж өөрчлөгд” гэсэн Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн үгийг энд хэлэхийг хүсэж байна” гээд энэхүү онол практикийн бага хурлыг УИХ-д суудалтай хоёр нам хамтран зохион байгуулж байгаагийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.

 

Уг онол практикийн хуралд бусад улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо хэлэлцэж байна.


Монгол Улс ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг. Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.

Олон улсын ардчиллын өдөр нь ардчиллын замаар замнаж буй тухайн улс, дэлхий нийтийн хүрээнд ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо үнэлж, цэгнэдэг өдөр. Монгол Улс олон улсын ардчиллын өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлснээр олон улсад ач холбогдлоо улам өргөж байгааг оролцогчид онцолж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.