Улс төр


С.Эрдэнэ: Ард нийтийн санал асуулга гэх жүжигт оролцохгүй

1 сар TIMES.MN

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар шийдвэр гаргажээ.  Энэ талаар өчигдөр танилцуулсан юм. Тус намаас  Үндсэн хуулийн эхэд саналаа тусгуулах, эрх баригчидтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ. Сөрөг хүчний хувьд МАН-ын 62 гишүүний өргөн барьсан  Үндсэн хуулийн төслийг  бүхэлд нь дэмжихгүй байгаа.  Тэд “эцэг” хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээс өмнө ард түмнээс асуух ёстой байсан гэсэн байр суурьтай байсаар ирсэн. Түүнчлэн тус намынхны гаргасан ямар ч санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусч чадаагүй байна. Парламент нэгэнт хоёрдугаар хэлэлцүүлэг явуулж дууссан учраас ард нийтийн санал асуулга явуулахаар тогтсон. Ингэхдээ 29 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хэт үрэлгэн байгааг АН-ынхан шүүмжилж байсан юм.

АН-ын дарга С.Эрдэнэ “Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг явуулахаас өмнө ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой байв. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа явуулахаар хүч түрж байна. Хоёрдугаар хэлэлцүүлэг орж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай  АН санал нийлэхгүй” гэлээ. Мөн тэрээр ард нийтийн санал асуулгад 12.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан ч эрх баригчид үүнийг нэмэгдүүлэн 29 тэрбум хэмээн тайлбарлаж, нэмэлтээр гурван тэрбум гэхээр нийт 32 тэрбумыг зарцуулах гээд байна.  Тиймээс Зөвшилцөлд хүрэхгүй бол ард нийтийн санал асуулга гэх жүжигт оролцохгүй хэмээн намын дарга С.Эрдэнэ  мэдэгдлээ.

Ард нийтийн санал асуулгад зарцуулах төсвийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломжгүй гэсэн байдаг.  Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн хэмнэлт гаргах замаар энэ мөнгийг гаргах боломжтой гэжээ.  Үүн дээр АН-ынхан  хатуу байр суурьтай байна.  Тэд “Цэцэрлэг барих болохоор мөнгөгүй, оюутны 70 мянгыг өгье гэхээр мөнгөгүй гэдэг мөртлөө улстөржсөн бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх болохоор төсвөө хэмнээд гаргаж болно гэдэг Сангийн сайдыг ойлгохгүй байна. Төсөв бол хөдөлшгүй баримт бичиг” гэлээ.

Ард нийтийн санал асуулгын загвар, агуулга ямар байхыг эх баригчидтай Зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж, гишүүдэд Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.


Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [103.111.68.3]


buruu zuv gej hutsalgui bidnees sanal asuugaach....Tsaashid chi udur bur asuudag argachlal ruu yavtsgaaya. uhaantanuud mini....