Улс төр


Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан саналаа татлаа

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө өнөөдөр буцаан татлаа. Энэ тухай албан бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч төслөө татан авч буй тухай албан бичигт:

"УИХ улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуульзүйн зөрчил, маргаантай эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.

Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдолтой зохицуулалт тусгагдсан гэж үзэн орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдол бүхий өөрчлөлтүүд бүгд хасагдлаа. Иймд миний бие Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд оруулсан өөрийн санал, төслөө хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч буйгаа үүгээр мэдэгдье" гэжээ




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.