LIVE


Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам Монголын эдийн засгийг 3-4 дахин тэлэх боломжтой

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо.

Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм.

Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж бүрдэх үү, бизнесийн салбарын цаашдын тэргүүлэх салбар юу вэ гэдгийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түлхүү сонирхон асуусан юм.

Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн  хөрөнгө оруулалт орж ирэх үндэс суурь тавигдсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч дараах байдлаар дүгнэн хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Америкийн Нэгдсэн Улс нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа.

Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан.

Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос Стратегийн түншлэлтэй тав дахь стратегийн түнш улс нь АНУ болсон юм.

Шат ахиулсан түншлэл маань хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа чамлалттай байгаа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болох учиртай.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай ярилцах үеэр хоёр улсын эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг.

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой хэдий ч бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалтай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн.

Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөгийн түвшинд хүрэхэд манайд хэдийнээ хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлсэн Та бүхний хувь нэмэр их гэдгийг онцлон хэлэх байна. Бид шинэ хөрөнгө оруулагчдыг татахад анхаарахтай зэрэгцүүлээд бидэнтэй хамт өнөөг хүртэл бэрхийг туулж, сорилтыг давж ирсэн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч Та бүхэнд ч төрөөс үзүүлж чадах бүхий л дэмжлэгийг үзүүлж, бизнесийн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх, бизнесээ тэлэхэд хамтран ажиллахыг чухалчилах болно.

Хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдсэнд тулгуурлан бодит ажил хэрэг өрнүүлэх нь Та бидний зорилт болж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны гүйцэтгэлээр 6,9  хувьд хүрсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар энэ үзүүлэлт өсч 7,3 хувьд хүрсэн. Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 12,9 тэрбум ам.доллар, экспортын хэмжээ 7,0 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ.

Эдийн засгийн өсөлт цаашид тогтвортой байх хандлагатай байгаа ба Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 6-8 хувь байх боломжтой гэсэн таамаглалыг гаргасан байна.

Олон улсын “Moody’s”, “Fitch”, “Standard and Poors” байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын байгууллагуудын гадаад харилцаа, дотоод итгэл нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт тулгарсан хүндрэл болон гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таагүй байсны улмаас 2015-2016 онуудад Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан.

Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан. Үүний үр дүнд манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2018 онд нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 2,47 тэрбум ам.долларт хүрч өслөө.

Өнгөрсөн оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлж, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ-ын дараа буюу 5 дугаарт жагсаж байна. АНУ-аас Монгол Улсад 1990 оноос хойш оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 806 сая ам.доллар буюу 3,4 хувийг эзэлж, 8 дугаарт жагсаж байна. Эндээс харахад Монгол Улс дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг бодитойгоор нэмэгдүүлэх нөөц бололцоо их байна.

Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулалт хийх үндэс суурь Стратегийн түншлэлээр тавигдсан.

2018 онд “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг зарлаж, хөдөө аж ахуй, ус, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, санхүү, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц болон бичил эрчим хүч зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн Мянганы сорилын сангийн Хоёрдугаар компакт гэрээнд гарын үсэг зурж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран төсөл хөтөлбөрт оролцож, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг нээж өгнө.

Хөдөө аж ахуй, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, тодорхой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх томоохон боломжууд байна. Тухайлбал, АНУ-ын Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци, “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD ACT)” хуулиар олгогдож буй шинэ арга хэрэгслүүдийн боломжуудыг Монгол, АНУ-ын бизнесүүд үр дүнтэйгээр  ашиглаж, Монгол Улсад тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлуулах талаар ярилцсныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Уг хууль батлагдсанаар Монголын ноос, ноолуур, оёмол бүлжмэл буюу боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил, өсөлтөд чухал түлхэц болж, олон ажлын байр шинээр үүсч, ялангуяа эмэгтэйчүүд ажлын байраар хангагдаж, өрхийн орлого нэмэгдэх зэрэг эдийн засаг бодит хүртээмжтэйгээс гадна эдийн засаг төрөлжиж, экспортын бүтэц, зах зээл өргөжих олон талын ач холбогдолтой.

АНУ-ын зүгээс 1990-ээд оны эхээр Монголоос экспортлох оёмол бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж байсан юм. Монгол Улс шилжилтийн эдийн засгийн үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулж, Монгол Улсын ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар хөгжихөд эерэгээр нөлөөлж байсан. Үүний үр дүнд тухайн үед 40,000 ажлын байр бий болж, энэ нь дотоодын нийт ажиллах хүчний 20 орчим хувийг эзэлж байсан.

Ерөнхийлөгч Д.Трамп болон Конгрессийн хоёр танхимын гишүүдийн зүгээс энэхүү хуулийг батлуулахын төлөө дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлснийг энд онцлон тэмдэглэмээр байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд “public diplomacy” буюу хувь хүмүүс, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын хоорондын харилцаа илүү нөлөөлөл, үүрэгтэй билээ. Та бүхэнтэй санал солилцож, “Стратегийн түншлэл”-ийн харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Томоохон төслүүд гэдэгт Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортлох, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах зэрэг тодорхой бэлэн болсон 10 орчим төслийг багтааж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж, төслүүдийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй танилцуулах боломжтой гэдгээ мөн уулзалтын үеэр илэрхийллээ.

Оюутолгойн асуудлаар:

Гадаадын хөрөнгө оруулалт ярихаар Оюутолгойн асуудал зайлшгүй яригддаг. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Бид өөрсдөө уул, уурхайн ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан туршлагагүй. Хоёр талаасаа асуудал хаана байгааг олохын тулд уулзалтын ширээний ард суух ёстой.

Оюутолгой гүнийн усыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Монгол улс бэлчээрийн мал аж ахуйтай. Гүнийн усыг аль болох хэрэглэхгүй байх, гадаргын усаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа.

Тавантолгойн асуудлаар:

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу Тавантолгойн ордоос “Эрдэнэс Монгол” компанийн олсон ашгаар Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг тавьж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт авахгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр, хүүгүй мөнгөөр энэ замыг тавьж байна. Энэ зам Монгол Улсын эдийн засгийг 3-4 дахин тэлэх боломжтой.

Төсвийн асуудлаар:

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид маш идэвхтэй ярьж байна. Улс төрийн сонгуулийг тогтвортой болгож, бодлогоо залгамж чанартай болгох гол зорилготой. Өнөөдөр бид 76 гишүүн буюу 76 жижиг тойрогтой. Улсын төсвийг 76 тийш татаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт нь төвлөрдөггүй, аж үйлдвэрийн бодлогогүй, гарч ирсэн УИХ-ын олонх нь сонгуулийн хуулийг өөрчилдөг болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар өөрчилж, 54 нь Монгол Улсын бодлого, аж үйлдвэр ярьдаг, үлдсэн нь бусад асуудал, тойрог руу чиглэсэн ажил хийдэг байя гэсэн санаагаар Үндсэн хуульд саналаа өгсөн.

Сонгуулийн хуулийг өөрчлөх болгонд “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж байна. Бид 1990 оноос хойш олон сонгуулийн тогтолцоотой байснаас хамгийн зовлонтой нь жижиг 76 юм.

Аж үйлдвэржилтийн асуудлаар:

Ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Испанийн хөдөө аж ахуйн тэргүүлэх компаниар хийлгэсэн. Үүнийг дагаад Хөдөө аж ахуйн бирж ажиллах ёстой. 21 аймаг, 330 суманд түүхий эд цуглуулах нэгж бий болгох зорилготой байгаа.

Өнөөдөр Улаанбаатарт нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Утаа, замын түгжрэл, ажилгүйдэл гээд олон асуудлаас гарах чухал шийдлүүдийн нэг нь түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих юм. Өнөөдрийн залууст хоёр зүйлийг бий болгож өгөх ёстой. Ахуй буюу 21-р зууны хөдөөгийн хотыг бий болгох, нөгөөх нь эдийн засагт нь төрөөс дэмжлэг үзүүлж түүхий эдийг нь тогтвортой худалдан авах бодлого юм. Ахуйг нь өөрчлөх Шинэ сум төсөл хэрэгжиж байна. Бид одооноос бодлогын арга хэмжээ авч, эзэнгүй болж буй газар нутагтаа анхаарах хэрэгтэй” зэргээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн асуултад багцлан хариуллаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.