TIMES Ярилцлага


Э.Анар: АСН+ системийг нэвтрүүлснээр олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшлүүд гарна

1 сар TIMES.MN

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анараас зарим зүйлийг тодрууллаа.

Монголбанкнаас саяхан банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системд ACH+ системийг нэвтрүүлэх ажил хийгдэж дууслаа. Одоо ямар давуу тал, үр дүн бий болох вэ?

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй буюу гурван сая төгрөг хүртэлх төлбөрийн системийг бүрэн шинэчилж,  ACH+ буюу Автомат клиринг хаус системийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02:30 цагт амжилттай нэвтрүүллээ.

Тус систем банк хоорондын төлбөр тооцоонд нэвтэрснээр бодит цагийн горимын буюу гүйлгээг илгээсэн даруйд хүлээн авагчиийн дансанд тусгагдах боломжтой системээ орчин үеийн шаардлагад нийцүүлснээс гадна ижил төрөл, зориулалт бүхий гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн гүйлгээ үүсгэх, дансны нэгдсэн санг ашиглан гүйлгээ үүсгэх замаар харилцагчийн нэр данс зөрөх эрсдэлийг бууруулах болон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах чадавхтайгаараа онцлогтой билээ. Мөн тус системийг нэвтрүүлснээр Монгол Улсын бүх банк IBAN (International bank account number) олон улсын стандартыг хэрэгжүүлэх, аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулсан гарцыг бий болгож, төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, нөөц хөрөнгийг дансанд  урьдчилан төвлөрүүлснээр үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшлүүд гарах юм.

Тэгэхээр банк хоорондын бага дүнтэй гүйлгээ иргэдийн хувьд илүү түргэн шуурхай, хялбар, найдвартай болж байна гэсэн үг үү? 

Манай улсын хувьд 24/7 хуваариар банк хоорондын бага дүнтэй гүйлгээ нь илгээсэн даруйдаа хүлээн авагчийн дансанд нь тусгагддаг систем ажиллуулдаг дэлхийн цөөхөн орны нэг юм. АСН+ систем нэвтэрснээр гүйлгээний бодит цагийн горимоо хадгалахаас гадна хүлээн авагчийн нэр данс зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилттгүй болох эрсдэл буурах, харилцагчийн хүсэлтээр төлбөрийн нэхэмжлэхэд суурилсан дебит гүйлгээг илгээх боломжтой болсноор иргэд үйлчилгээ үзүүлэгч байгууллагатайгаа урьдчилан гэрээ байгуулсны үндсэн дээр байнгын давтамжтай аливаа хуваарьт төлбөр, тухайлбал хэрэглээний төлбөр, гар утасны төлбөр, зээлийн эргэн төлөлт зэргийг цаг хугацаанд нь, хоцрогдолгүйгээр төлөх нөхцөл бүрдэнэ.            

Томоохон аж ахуйн нэгж байгууллагууд тус системд шууд холбогдох боломжтой болох тул заавал банкаар дамжуулахгүйгээр байгууллагын төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа. Мөн ижил төрөл болон зориулалт бүхий гүйлгээг багцлан илгээх боломжийг бий болгосноор банкууд зардлаа хэмнэх, системийн ачааллыг бууруулах, Засгийн газраас иргэдэд олгодог хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаалт болон сугалааны хонжворын мөнгө, цалин тэтгэвэр зэрэг олголтын гүйлгээнүүд иргэдэд шуурхай дамжуулагдах боломжтой болох юм.

Дээр дурдсанчлан АСН+ системийн томоохон хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломж бүрдэнэ. Ингэснээр харилцагч өөрт дөт мэдээлэл ашиглан, хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талууд бий болно.

Цаашид төлбөрийн системийн шинэчлэлийн хүрээнд ойрын хугацаанд ямар томоохон ажил хийгдэхээр байгаа вэ?

Ойрын хугацаанд төслийн хүрээнд төлбөрийн картын системийг шинэчлэх ажлууд хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчлэн чип/зайнаас уншдаг технологид шилжүүлэх, мөн картын гүйлгээний нууцлал аюулгүй байдлыг хангах замаар картын мэдээллээ ашиглан иргэд гар утсаараа төлбөр төлөх боломжтой боломжтой болгох, банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлууд хийгдэх болно.

Ярилцлага өгсөнд тань баярлалаа.

Баярлалаа. Энэ дашрамд АСН+ системийг нэвтрүүлэх ажилд хамтран ажилласан тус системийг нийлүүлэгч АНУ-ын “Монтран” компани болон төлбөрийн системийн оролцогчид болох банкууд, Сангийн Яамны Төрийн сангийн газар, Арилжааны төлбөр тооцоо ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК зэрэг байгууллагын хамт олон талархсанаа илэрхийлье.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Hutsdag